Үхрийн махны үнэ 8.3 хувиар өсчээ
Энэ сарын гурав дахь долоо хоногийн байдлаар нийслэлийн хүнсний зах, худалдааны төвүүдэд хонины нэг кг / ястай/ мах дунджаар 3813 төгрөг, үхрийнх /ястай/ 4388 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Одоо байгаа үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 8.3 хувиар буюу 338 төгрөг, үхрийн цул махных 1.3 хувиар буюу 63 төгрөгөөр тус тус өсчээ.
Харин энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд 3700, “Меркури”-д хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгийн ханштай байжээ. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.5 хувиар буюу 425 төгрөгөөр нэмэгдэж, цул махны үнэ 0.7 хувиар буюу 26 төгрөгөөр буурсан байна.
Хонины мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3200, “Меркури”-д хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
URL: