Авто засварын газруудад шалгалт хийсэн байна
Нийслэлд борооны дараах мөөг шиг олширсон Вьетнам кузов засварын газрууд хууль тогтоомж мөрдөх нь ховор.
Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газрын холбогдох албан тушаалтнууд хамтран авто засварын газруудад шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад 1528 зөрчил илэрчээ. Албаныхан ажлын байрыг цэвэрлүүлэх, тоног төхөөрөмжийг ажиллуулах явцад аюулгүй ажиллагааг хангуулах, галын санамж, тэмдгийг байрлуулах зэрэг 23 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үйл ажиллагаагаа сайжруулж ажиллах зөвлөмж, зааварчилгаа өгсөн байна.
Шалгалтаар стандартын нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй нэг аж ахуйн нэгж, хоёр албан тушаалтанд “Автотээврийн тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуульд заасны дагуу 1454.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулав. Энэ удаагийн шалгалтад автомашины кузов засварын ажил эрхэлж буй 119 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 124 салбар хамрагджээ.
Б.Чанцал
URL: