Хүүхэд гомдол гаргах эрхтэй юу?

ger_bul-middle-Олон улсын хүүхдийн эрхийн өдөрт зориулав-

Асуултын хариулт бол ТИЙМ.

Яагаад вэ гэвэл хүүхэд бүр бусдад өөрийгөө ойлгуулах, өөрийн юу хүсч байгаагаа хэлэх, амьдралдаа анхаарал тавих, бусдаас тусламж хүсэх, шаардлагатай үед бусдаар хамгаалуулах ёстой.

Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Хүүхдийнхээ эрх ашгийг эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон харгалзан дэмжигч нар хамгаалах үүрэг хүлээдэг. Манай улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” журамт үүрэг хүлээдэг. Харин эдгээр хүмүүс чадахгүй бол төр буюу хуулийн дагуу ажилладаг төрийн албан хаагчид хамгаална.

Тухайн орон нутгийн Засаг дарга хүүхдийн эрх ашиг, сайн сайхан байдлыг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Мөн манай улс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульдаа гомдол гаргах эрхийг баталгаажуулжээ.

24 дүгээр зүйл. Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гомдол, нэхэмжлэл гаргах

1. Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийгмийн ажилтан бусад иргэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж болно.

ХЭРЭВ ЧИ ЯМАР НЭГЭН АСУУДАЛТАЙ ТУЛГАРВАЛ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Хэрэв чамд ямар нэгэн байгууллагын үйлчилгээ, эсвэл чамд тохиолдсон зүйл таатай санагдахгүй бол чи өөрийн итгэдэг хүмүүстээ (эцэг эх, багш, нийгмийн ажилтан гэх мэт) хэлэх хэрэгтэй. Харин тэд учрыг нь олж чадахгүй бол чи гомдол гаргаж болно.

ГОМДОЛ ГАРГАХ НЬ ЧАМД ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

Чамайг гомдол гаргавал бид:
• Тухайн зүйлсийг зөв, сайн болгохыг хичээх;
• Яагаад ийм байгаа талаар тайлбарлаж өгөх;
• Юу хийвэл өөрчилж болох тухай санаа хэлэх;
• Чамд таатай байх боломжийг бүрдүүлэх, гаргасан алдааг дахин давтахгүй байх талаар зөвлөх, эсвэл шаардана.

ТАНЫ МЭДЛЭГТ

Өргөдөл гэж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлэх бөгөөд өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

Мэдэгдэл гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг хэлдэг.

Санал гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан хүсэлтийг хэлдэг.

Гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлдэг.

(Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулиас)

БИ ЮУНЫ ТАЛААР ГОМДОЛ ГАРГАЖ БОЛОХ ВЭ?

Чамд гомдол гаргамаар олон зүйл байгаа бол доор хэдэн жишээ хэлж өгье:
• Хэрэв чамайг асран хамгаалж байгаа хүмүүс, эсвэл хамт амьдарч байгаа хүмүүсийн харьцаа чамд таатай санагдахгүй бол;
• Хэрэв чиний авах ёстой гэж санагдсан төрийн үйлчилгээг үзүүлэхээс татгалзвал;
• Хэрэв хэн ч чамайг сонсохгүй мэт санагдвал;
• Хэрэв чамтай холбоотой шийдвэрт чи оролцоогүй бол;
• Хэрэв зарим хүмүүс чиний талаар мэдэх шаардлагагүй зүйлсийг яривал;
• Хэрэв чиний амьдарч байгаа газар чамд аюултай бол;
• Хэрэв чамд хүмүүс анхаарал халамж тавихгүй байвал;
• Хэрэв чамд туслах үүрэгтэй хүмүүсийн хийсэн зүйл чамд таатай санагдахг үй байвал гомдол гаргаж болно.

Хэрэв цагдаагийн байгууллагаас ямар нэгэн хэрэг шалгаж байхдаа өөрийг чинь дуудаж уулзах бол насанд хүрсэн хүнийг заавал байлцуулж харилцах ёстой.

Насанд хүрсэн хүн гэдэгт чиний аав ээж, асарч, харгалзаж байгаа эсвэл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгч буюу багш, нийгмийн ажилтан байж болдог. Мөн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20 дугаар зүйлийн дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт нь гомдол гаргах боломжтой ажээ. Засаг дарга бол хамтарсан багийн гишүүдийг ахалж, хүүхдийг хамгаалж, тэдэнд тусалдаг.

БИ ЯАЖ ГОМДОЛ ГАРГАХ ВЭ?

• Захиа бичих: “… дүүргийн/ сумын Засаг дарга танд” гэж өөрийн амьдарч суугаа газрын Засаг даргадаа захиа бичиж болно.
• Утсаар ярих: “Хүүхдийн утас” 1979 гэсэн тусгай дугаар уруу ярьж болно.
• Биечлэн уулзаж ярилцах: Өөрийн амьдарч суугаа газрын Засаг дарга, эмч, цагдаа, нийгмийн ажилтантай ажил дээр нь очиж уулзаж болно. Гомдлоо “Хэзээ?”, “Хаана?”, “Юу?”, “Хэн?”, “Хэрхэн?”, “Яагаад?” гэсэн асуултад хариулах замаар бичээрэй. Гомдолдоо өөрийн овог нэр, хаана амьдардаг, чамтай холбоо барих, захианы хариуг өгөх хаягаа тодорхой бичнэ.

ҮҮНИЙ ДАРАА ЮУ БОЛОХ ВЭ?

1. Гомдол хүлээж авсан ажилтан чиний гомдолд бичсэн зүйл чамд яаж нөлөөлснийг мэдэхийн тулд ярилцана.
2. Чи хүсвэл аав, ээж, найз, багш, нийгмийн ажилтан зэрэг хүнийг дагуулж, эсвэл ганцаараа ирсэн ч болно.
3. Гомдлыг шалгасны дараа чамд таатай зүйл биш бол түүнийг хэрхэн арилгаж болох тухай холбогдох хүнтэй уулзана.
4. Асуудлыг шийдэхийн тулд зуучлах, эвлэрүүлэх аргыг хамгийн эхэлж сонгоно.
5. Үүнээс хойш 30 хоногийн дотор чиний гомдлын дагуу юу хийсэн талаар хариуг өгнө.

БАЙНГА САНАХ ЗҮЙЛ:

• Гомдол гаргахдаа айх, зовох хэрэггүй.
• Хэрэв чамд ямар нэгэн зүйл таагүй санагдвал түүнийгээ хэлэх нь зөв юм.
• Ямар нэгэн зүйлийг улам сайн болгохын тулд эхлээд юу болохгүй байгааг бидэнд мэдэгдэх хэрэгтэй.
• Чи хэн нэгэнд “Би гомдол гаргах гэж байгаа” гэж хэлэх шаардлагагүй.
• Чиний гомдлын төлөө чамайг шүүмжилсэн хариуг бид өгөхгүй.
• Хүн бүр чиний дуу хоолойг сонсох ёстой.
• Гомдол гаргах гэдэг чиний эдлэх ёстой эрх.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих