Тархиндаа сумтай хүмүүс
Монголчууд заримдаа юм ойлгохгүй дүйнгэтээд байгаа нэгнээ усан толгойтой гэж ярьдаг, олгой толгойт гэж шоолох нь ч бий. Баруун европийн ихэнхи орнуудад, тархинд нь тос биш ус гүйсэн хүн гэж ярих дуртай ажээ. Эндээс ургуулаад тархины анатоми, физиологийн бүтцийг шинжлээд үзэхүй шингэвтэр нь шингэвтэр гэхдээ, арай ч бас тос ус холилдчихсон юм биш байдаг юм байна. Ерѳнхийдѳѳ, бол түүхий ѳндѳг хагалаад, доторхыг нь алган дээрээ тогтоон шары нь ажиглаатхвал нэг ойролцоодуу дүр бууж ирж болохоор ч юм шиг. Тархи бол юуны ѳмнѳ цагаан, саарал нялцгай шингэнцэрийн нэгдлээс бүтсэн, майхан маягийн хатуу ясан хамгаалалтын дор орших лаг тогтнол, мэдрэлийн эд эсүүдийн бѳѳгнѳрѳл юм байна. Мэргэжлийн хүмүүс тѳв мэдрэлийн систем хэмээн нэрийдсээр иржээ. Гадуураа 3 давхар хамгаалалтын бүрхүүлтэй ланжгар эрхтэн гэнэ. Тархины ѳнгѳн хатуу бүрхүүлийг эмнэлзүйд хатуувч, торлог бүрхүүлийг аалзажтац,нимгэн хальсийг зѳѳлѳвчтѳц гэх зэргээр ярьдаг юм байна. Ѳнчин тархи гээд, тархийг цусан хангамжаар тэжээж байдаг мундаг эрхтэн байнаа.
Хоногт 650 грамм цусны даршалмал бэлтгэнэ гээд бодохоор хирэндээ хүнд ажилтай, дээр нь тархины ажиллагааг үндсэнд нь шийдчихэж байгаа болохоор үүрэг хариуцлагатай л эрхтэн юм. Харин цус бэлдмэлийг хийхдээ биенд ямар түүхий эд бэлэн байна түүгээр л үйлдвэрлэж орхидог болохоор тун хариуцлаггүй эрхтэн ажээ. Түүхий эдийн ѳгѳгдѳлд шүүлтүүр ерѳѳсѳѳ хийхгүй шүү л гэсэн үг. Тэхээр усан, мѳсѳн, бул чулуун толгойт, ухаанд нь ухна ишиг ороод үхчихсэн гээд яриад байдаг нь басчиг ул үндэсгүй гүтгэлэг биш болтой. Ухна ишиг үхэх нь бүү ярь, бѳх орчихоод барилдаад байх, эсвэл морь мал орчихоод уралдаад, уралцаад байхийг боль гэхээргүй л юм байна. За тэр ч яахав, харин тархин дотор тос ус дүүргэсэнд хүрэн шоглуулчихаар ямар үйлдэл яваад байнаа гэдэг л сонин. Яахаараа ѳѳрсдийнхѳѳ сонгосон эрхэм түшээдээ 76 мангуу, бѳхчин морьчиноор нь цоллоод байдгийн болоо гэж.
Тархины үйлдэл, үйл ажиллагаа тун нарийн, одоо хирнээ л тайлахын аргаггүй оньсого шиг ажлаа орчин цагийн шинжлэх ухаанаас хармалсаар байгаа лут эрхтэн. Түүн рүү нэвтрэх нь Хѳвсгѳл нуурын баруун талбар, уулсын гүн рүү орохоос ч лавтайяа дутахааргүй нарийн техник шаардсан ажил бололтой. Хамгийн бүдүүн хадуун тѳсѳѳллѳѳр хандахуйд тархины зүүн ховдолд ой ухаан, баруун ховдолд мэдрэмж санамж байнаа л гэсэн юм ойлгогдож байна. Тэр ой ухаан гээчид нь учир жанцан их байнаа. Зарим гаднын хаа хамаагүй обьект тархины эд эсийг ѳдѳѳгѳѳд ой ухааныг нь оюун санаа, бодол сэтгэхүй, бүр унаган эрмэлзэл, сэтгэл зоригтой нь эзлээд суучихдаг, хувь хүнээр зогсохгүй нийгмийн талаасаа ч уршигтай үйлдэл тархинд явагдаж яв явсаар зуршил болчихож байна. Тэрийг ерѳнхийд нь дон гэж нэрийднэ. Ямар обьект тархинд орж сууснаар донг тодотгож ѳгнѳ. Ухаандаа хурдан морь тархинд нь ороод суучихвалморины донтон, хѳгшин, залуу хүүхнүүд аальгүйтэн гүйж ороод суучихвал хүүхний донтон гэх жишээтэй. Морины донтнуудын синдром зун наадам эхлэхээс ѳмнѳ эхэлнэ. Дон нь ид гаарахаараа морь малаа магтаж, аархан монголын хавтгай дээр БИ гэж ѳѳрийгѳѳѳргѳнѳ. Донтох үедээ алба ажлаа хоёрдугаарт тавьж заримдаа бүүр морьчин ажилтай болчихно. Нийгмийн цагаа харамлан зарим нэг чиг ухамсартай нь сануулаатхвал, монгол ёсыг хүндэтгээгүй цагаач, бараг л эх орноосоо урвагч гэх нь халгүй загнана. Эмнэлэг, сургууль барьчихад данга хүрэхээр мѳнгѳ зарлагадаж хурд баалж авна, авсан морио сойх талаар гуулин зоосны бичээсийн тѳдий ч мэдлэггүй. Харин морь уяач, унаа ч гэж ажил гарган хэдэн хүнд мѳнгѳѳх нь л ѳнѳѳгийн хотлоороо ядуурч буй үед, малчны, хѳдѳѳгийн балчир хүүхдүүдийн ѳрийг бага зэрэг нимгэлэх юм биз дээ. Харин саяхан уяач хүнд хѳдѳлмѳрийн баатар цол олгосон нь цаагуураа уяачийн хѳдѳлмѳр болохоос тархиндаа морьтой донтны хѳдѳлмѳр бишээ гэдгийг олонд бодитой харуулчих шиг боллоо. Тархиндаа морьтой донтнууд УИХ-д их бий, хүмүүс андахгүй. Тулга тахих гэгчтэй барьцаад, тѳрийн ордонд морины чихмэл босгон морь тахих ёсон гээчийг сценаардаж хуулийн тѳсѳл боловсруулаад ороод ирэхэд бэлэн эрхэм гишүүд хэд бий, олны үг ортой. Тийм дээрээ тулвал тэдэнд бас л цол чимэг хайрлах нь шударга болно. Архаг донтогч, ѳсѳн нэмэх харьшгүй донтогч, ѳсч яваа идэр донтогч…гэх мэтээр. Нэгэнт донтсон бол донг эмчлэх арга эмнэлзүйд байхгүй, энэрэнгүй ёсыг бодоод донгий нь дагуулаад морь дээр гаргах арга бодмоор байгаа юм. Алба ажлы нь жинхэнээсээ карьер хѳѳсѳн, залгамж халаа, мэдлэг мэргэжилтэй шижгэнэсэн залуучуудад хүлээлгэн ѳгөх хэрэгтэй юм. Хамгийн шударга нь гэвэл донтогчид ѳѳрсдѳѳ биеэ илчлэн донтохоор явлаа, ажлаа ѳгьеѳ гээ л гараад явах, гэхдээ тийм эр зоригтой донтогч байгаа гэдэгт итгэхэд бас бэрх.
Тэр тархиндаа хүүхэнтэй хүмүүсийг бол sexmania гээд байгаа л даа. Эмнэлзүйн нэр томьёо нь болохоор sexlibido, монголчууд англи хэлэнд торохгүй болохоор sexdrive гэчихвэл илүү ойлгомжтой ч юмуу. Залуухан донтогч Номтойбаярын сексманиа үйлдэл гэмт хэргийн шинжтэй гээд л мѳн ч их шуугицгаасан дѳѳ. Энийг зохицуулах хуулийн хэв хэмжээ манайд байдаггүй юм гэсэн, гэхдээ гарах ч гүй биз дээ. Эрхэм түшээд дотроо ийн донтогч тоогүй болохоор эсрэг кнооп дараад л унагачих биз.
Хүүхний дон туссан, донтож эхэлж байгаа хүмүүс их л уршиг тарьдаг болохоор европийн соёл иргэншилтэй орнууд үйлдлийг нь хязгаарлсан хуулиуд гаргачихсан байдийн билээ. Тэр бүү хэл тѳрийн ерѳнхийлөгч дээрээ ч арга хэмжээ аваад донд ѳртсѳн иргэдийг хохиролгүй болгочихдог л юм билээ, монголын томчууд барууныхнаас том сэтгэхүйтэй болохоор харна, судална, туршина…гүйцээ. Тэр барууны зарим хязгаарлалт хийсэн хуулиуд шууд аваа л хэргэлчихэд монголын ямар уламжлалд харшлаад байдгийг нь би олж харахгүй байгаа, тэгээд ч яагаад тэгдгийг нь ойлгодоггүй юм. Хүүхний донтон эрхмүүд аль ч оронд ѳѳрийгѳѳ тойруулан үй олон долдойнуудаар хүрээлүүлж байдаг. Тэдгээр нь гар хѳл, хэл ам, нүд чих, заримдаа тэмтрүүлийн үүрэг хүлээнэ, тэрнийхээ шанг харамгүй авна. Донтогчид, донтох үедээ буруу шийдэл гарган нийгмийг хохироох бол энүүхэнд. Хамгийн аймшигтай нь хүүхний дон, архины донтой хавсарч үйлдэгддэг болохоор уршиг нь агуу их. Ерѳнхийлэгч маань ард түмнийг ядуурал, авилгал, архидалт гэсэн 3 гачлангаас салганаа гэсэн, мэдээж нэгийг бодож хэлсэн нь лавтай. Энэ 3 гачлан, миний дурдсан 2 донтолттой мѳн ч их сүлбээтэй шүү л гэдгээр тѳгсгѳл болгоод дуусгачих минь!
И.Цэрэнхүү
URL: