Иргэд “Шинэ Ерөнхийлөгч”-өө хүлээж сууна

han-uul-2Эх орноо нар зөв тойрч яваа Ерөнхийлөгчид Ардын намаас нэр дэвшигч маань өчигдөр Хан-Уулын иргэдтэй уулзлаа.

Богд-Хан уулын ар хормой, Хатан Туулын хөвөө даган амьдардаг Хан-Уулчууд байгальд элэгтэй улс юм. Арга ч үгүй байх. Нүдэн дээр нь дархан цаазат Богд-Хан уулыг нь сүйтгэж, барилга барьж, Туулын эргээр дүүрэн хайрганы карьер ажиллаж байгаа болохоор тэр биз. Тийм учраас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч гэдгээр нь талархалтай угтаж байв. Мөн хов хүргээд авахаа ч мартсангүй. Учир нь, Хан-Уул дүүргийн ИТХ-ын шийдвэрээр Туулын эрэг дагуу ажиллаж байгаа хайрганы карьеруудад шалгалт хийж, хууль зөрчиж ажиллаж байсан 40 гаруй карьеруудыг хаажээ. Гэтэл энэ шийдвэр албан ёсны болж ч амжаагүй байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын ерөнхий газраас нэмж тусгай зөвшөөрөл олгосон байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевизээр “Барилга, замын ажил ид эхэлж байхад Хан-Уул дүүргийн ИТХ-аас хайрганы карьеруудыг хаах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрээ хурдан цуцлах хэрэгтэй” гэж загнаж байсныг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд дуулгав. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед зарим эрх мэдэлтний амны уншлага болоод буй нутгийн өөрөө удирдах ёсонд бүдүүлгээр халдсан явдал болжээ. Тус дүүргийн16 хороонд 86 мянга гаруй хүн амьдардаг. Тэд ИТХ-ын төлөөлөгчдөөрөө дамжуулан амьдарч буй орчин, байгалиа хамгаалах шийдвэр гаргасныг нь эрх баригчид ийнхүү уландаа гишгэсэнд харамсч байлаа. Хан-Уул дүүргийн иргэн, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Монгол бөхийн дэвжээнд 12 жил өвдөг шороодоогүй Дархан аварга маань газар шороогоо, эх орноо гэсэн сэтгэлээр УИХ-ын танхимд тэмцэж байхыг би харсан. Монгол эх орон, газар шороо минь үгүй бол мянган хөлтэй байгаад ч би хаана гишгэх юм бэ” хэмээн шүлэглэсэн нь олон хүний сэтгэлд нэгийг бодогдуулсан юм.

 

han-uul-5Мөн тус дүүргийн иргэн М.Дашзэвэг хэлэхдээ “Б.Бат-Эрдэнэ аварга бол УИХ-д гурвантаа сонгогдсон төрийн түшээ хүн. Хуульч хүн. Бас газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч. Энэ хүн Ерөнхийлөгчийнхөө шалгалтыг аль хэдийнэ амжилттай өгсөн. Аль эрт УИХ-ын гишүүдээс “Оюутолгой” гэсэн шалгалт авсан. Эндээс хэн нь хэн бэ гэдэг нь ялгарч гарч ирснийг та бүхэн мэднэ. Харин одоо “Оюутолгой”-н гэрээг Монгол Улсад ашигтай байх эсэхийг шийдэх сонгууль болох гэж байна” гэсэн юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Монгол хүн эх орондоо гишгэх газаргүй болох аюул ойрхон байна. Дэлхийд ганцхан байдаг дархан цаазат Богд-Хан уулаа монголчууд хайрлаж явах ёстой. Би УИХ-ын гишүүний хувиар Богд-Хан уулаа, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туулаа хамгаалах зорилгоор олон ажил сэдэж, хийсэн. Түүний нэгээхэн нь усны нөөцийг нэмэгдүүлэх, ус нөөцлөх, Туул голд минж нутаглуулах ажил байсан. Цаашдаа ч энэ ажил, бодлогоо үргэлжүүлэх болно” гэв. Мөн ахмад буурлуудыгаа орон сууцжуулах, иргэдээ ажилтай, орлоготой болгох замаар чинээлэг дундаж давхарга бий болгохыг зорьж ажиллахаа хэлсэн. Залуучуудын хувьд аль нэг намын харьяалалгүй гэсэн шалтгаанаар төрийн албанд орж ажиллаж чаддаггүй байдлыг засч залруулахын төлөө, бизнес эрхлэгчдээ татварын зөв бодлогоор дэмжихийн төлөө, ам ажлын нэгдлийг хангаж ажиллана гэдгээ амласан.

han-uul-7Дараа нь, тэрээр Яармагийн иргэдтэй уулзав. Ерөнхийдөө яармагийнхан сонголтоо хийчихсэн бололтой. “Ерөнхийлөгчтэйгөө гар барья”, “Шинэ Ерөнхийлөгч ирлээ”, “Сонгогдох нь тодорхой. Ерөнхийлөгч болоод заавал эргэж ирнэ шүү”, “Аваргатайгаа гар барьж, хиймороо сэргээе” гэх зэргээр элэгсэг хүлээж авав. Аварга ч өөрөө их энгийн хүн юм. Хаана ч очсон машинаасаа буугаад алхчихна. ТҮЦ-ний худалдагч, дугуй засварын ажилчин, нутгийн “хүнд гар”-ууд гээд хэнийг ч ялгалгүй гар барьж, санал бодлоо хуваалцах нь Яармагийнханд дотно сэтгэгдэл төрүүллээ. VI хорооны иргэн Я.Батжаргал аваргатай нэлээн удаан ярьлаа. Тэр “Монгол Улсад худлаа ярьдаг, гадаад их явдаг л Ерөнхийлөгч байна. Ардчилсан намд үйлчилдэг УИХ-ын дарга байна. Ажлаа аваад удаагүй байж, тендер, албан тушаалын хэрэгт холбогддог Ерөнхий сайд байна. Тиймээс та Ерөнхийлөгч болж, эх орон, ард түмнийхээ төлөө ихийг хийнэ гэж итгэж байна” хэмээн санал бодлоо хэлж байв.

han-uul-8

 

han-uul-9

han-uul-11


URL:

Сэтгэгдэл бичих