Архичдыг бус архины худалдааг хязгаарлая
Энэ парламент, Засгийн газрын жил орчмын хугацаанд баталж, шийдвэрлэсэн хууль, тогтоолоос иргэдэд хамгийн хүртээмжтэй үйлчилж байгаа нь Тамхины хяналтын тухай хууль. Монголын хууль гурав хоног л хэрэгждэг гэдэг ч энэ удаад тамхины хяналтын тухай хууль иргэдийн хэрэгцээ, таашаалд ихээхэн нийцэж байгаа юм.
Хууль хэрэгжээд хэрэгжих гурван сарын хугацаанд иргэдийн тамхи худалдан авах, утаат тамхийг татах зэрэг хэрэглээ багассаныг заавал тоон судалгаа дурдахгүйгээр амьдралаас харж болно.
Наад зах нь баар, ресторанаар үйлчлүүлэхдээ тамхи татдаг хэсгийнхээ нөлөөгөөр татдаггүй цөөнх нь биедээ никотины үнэр шингээгээд гарахгүй. Өмнө нь баар паб гэхээр хөх утаа суунаглан, уусан архи, шар айраг, татсан тамхиндаа талимаарсан үйлчлүүлэгчид байдаг гэсэн ойлголт гурван сарын өмнөөс тархинаас арчигдаад байна.
Энэ нь үнэхээр сайшаалтай. Хуулиар хориглосон газар тамхи татвал иргэн 50 хүртэл, албан тушаалтан 1.5 сая хүртэл төгрөгөөр торгуулах заалттай. Мэдээж жирийн иргэд хориотой газар хоёр гуравхан хором тамхи сорж, уушгилсныхаа төлөө 50 хүртэл мянган төгрөгөөр торгуулна гэдэг дэндүү харамсалтай.
Тэгж халаасаа сэгсрүүлэхийн оронд зөвшөөрсөн газар хайж олох хүртэл тамхи татах хүслээ хязгаарлахаас аргагүй. Харин бэл бэнчинтэй зарим хэсэг нь торгуулиа төлөөд тамхиа татсан сурагдуулдана лээ. Мөнгөний өмнө хууль хүчгүйдэх ёсгүй.
Тамхиа татъя гээд мөнгөө сарвайж байгаа заримд хуулийн дор амьдардгийг нь мэдрүүлэх л хэрэгтэй юм. Хэдийгээр гар дээрээс нууцаар тамхи худалдаалж байна, дуудлагаар тамхи хүргэж өгч байна гэх зэрэг хуулийн цоорхойг ашигласан зөрчил хэл ам дагуулсан ч үүнийг Засгийн газар “газар авахуулалгүй” зогсоож, журам баталлаа.
Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэлэлцэн баталжээ. Журамд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.
Мөн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тодорхой болгосон байна. Жишээ нь тамхийг худалдааны байгууллагын кассны дэргэд байрлуулахгүйгээр тусгайлан лангуугаар худалдаалах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон кадастрын зургийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх шаардлагатай болж байна.
Мөн баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн тоглолт, аялал зугаалга, өдөрлөг зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газарт тамхи худалдаалах болон ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс, дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдаалахыг хоригложээ.
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг хуралдаанаар анхааруулсан байна.
Тодруулбал, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгуулага бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх нээлттэй утсыг олон нийтэд зарлан тогтмол ажиллуулна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол саналаа эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм.
Ийнхүү тамхины хэрэглээг хянаад, хязгаарлаад явж байна. Харин согтууруулах ундааны хяналтыг хэрхэх вэ. Уг нь хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа юм билээ. Одоогоор УИХ-д өргөн баригдаагүй л байна. Согтууруулах ундаа нийгэмд тамхинаас илүүтэй хор уршиг дагуулж байгааг хэн хүнгүй мэднэ.
Идээний дээж хэмээх энэ ундааг хэтрүүлэн хэрэглэснээр ахмад, дунд, залуу үе живсээр байна. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж гэр бүлд аюул, сүйрэл авчирч байгааг өдөр тутам гардаг гэмт хэргүүдээс харагдаж байна.
Хэрвээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол хүргэн нь эхнэрээ хардсаныхаа улмаас хадмыгаа гэр бүлээр нь галдан шатааж, хүйс тэмрэх үү, таван настай хүү согтуу харгис аавынхаа гарт арьсаа хэрчүүлэн тамлагдах уу, хадам ээж нь хүргэнийхээ гарт амь үрэгдэх байсан уу, согтуу жолооч хүний аминд хүрэх байсан уу гээд аймшигт гэмт хэрэг бүрийг “согтууруулах ундаа хэрэглэснээс” гэсэн тодотгол байнга дагалдаж байдаг.
Тэгвэл бид энэ дагалдах үгийг хасахын тулд архины худалдаа, хэрэглээг хязгаарлах шаардлага тулгарч байна. Архины хяналтын тухай хууль боловсруулагчид архины худалдааг зөвшөөрсөн цэгт л худалдаалдаг болгоё, импортоор оруулж ирж байгаа архи, спиртэнд хяналт тавья, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн эрхийг хасахын зэрэгцээ хажууд нь сууж явсан зорчигчийг нь давхар торгодог болно гэх зэрэг заалтыг тусгахаар хэлэлцэж байгаа юм билээ.
Ер нь жил бүр үндэсний үйлдвэрлэгчдийг шалгаруулж, “АПУ”-гаас эхлээд л согтууруулах ундаа үйлдвэрлэдэг олон компаниуд энэ өргөмжлөлийг хүртдэг. Тиймээс ч гоё ганган савлагаатай архины логон дээр тэргүүлэгч компанийн өргөмжлөлөө тодоос тод байршуулчихсан байдаг.
Үнэндээ манайд хамгийн сайн хөгжиж, цэцэглэж байгаа дотоодын үйлдвэрлэл нь согтууруулах ундааны бизнес хойно, үгүйсгээд ч яах билээ. Энэ хэрээр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэрэглэгчийн гэр бүлд айдас, аюул нүүрлэж, ашиг орлогоороо цулайсан согтууруулах ундаа үйлдвэрлэгчид “Үндэсний үйлдвэрлэгч” хэмээх өргөмжлөл хүртээд, баярын мишээл тодруулж байх үзэгдэл хэдэн жил үргэлжлэх вэ.
Хэрвээ архины худалдаа, хэрэглээнд хяналт тавьдаг шинэ хууль батлагдвал энэ хэрээр гэмт хэргийн гаралт, ажилгүйдэл буурч, иргэдийн амгалан тайван амьдрал, аюулгүй орчин ч сайжрах юм. Тиймээс архи, согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг яаралтай батлахгүй бол савнаасаа бусдыг дийлдэг шидтэй энэ ундаанд цөөхөн монголчууд живж дуусах нь ээ, хууль тогтоогчид оо.
Г.Отгонжаргал
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин
URL: