Тендер зарлаж, шалгаруулаад тодорхой хувь авдаг явдал байж таарахгүй гэв
Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гаригт болдог “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Ерөнхий сайд өнгөрч буй сарын сайн болоод саар ажлуудыг нэрлэв.
Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой, шатахуунтай болоход яам, агентлагуудын хичээл зүтгэл их байсныг сайшаалаа. Чанартай багш бэлтгэхэд БШУЯ анхаарч, Засгийн газрын хуралдаанаар элсэлтийн шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан суралцагчдын сургалтын төлбөрийг 70-100 хувиар чөлөөлөх болсон гэдгийг мөн тэмдэглэлээ.
Гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил эхлээд явж байгаа. Зам барилгын ажил хэрхэн явж байгаатай www.gudamjtusul.mn хаягаар орж танилцаж болно. Баянзүрх дүүрэгт өнөөдөр эхэлсэн ”Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажил хэрхэн явж байгаатай танилцаж, хяналт тавих боломжийг иргэдэд хүргэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Төрийн зарим албан хаагчийн зан харилцаа доголдолтой, иргэдийг хүлээлгэж чирэгдүүлдэг явдал байсаар байна гэж Увс аймгийн Завхан сумын Засаг дарга “11 11 төв”-д ханджээ. Энэ төвд хандсан иргэдийн санал хүсэлттэй Ерөнхий сайд долоо хоногт 2 удаа танилцдаг бөгөөд яам, агентлагийн удирдлагуудыг иргэдийн санал хүсэлттэй тогтмол танилцаж, иргэдтэй уулздаг, сонсдог, тэдний саналыг авдаг байхыг үүрэг болголоо.
Мөн хаврын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ үед тендер зарлаж, шалгаруулаад тодорхой хувь авдаг явдал байж таарахгүй гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: