Шинжээчийн дүгнэлт хийсэн хүмүүс энэ хэрэгт хэдийнэ хутгалдчихсан
-АМГ-ын дарга асан Д.Батхуягт авлига өгч, хуул ь бусаар зөвшөөрөл авсан талбайн нэрсэнд танай компанийн хайгуулын талбайн зөвшөөрөл орсон. Энэ талаар тодруулаач?
-Энэ бол ямарч үндэслэлгүй гаргасан шийдвэр. Эдгээр цуцалсан лицензүүдийг хүчингүй болгож байгаа үйлдэл нь өөрөө хууль ёсны хэрэг эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ биднийг хууль бусаар лиценз авсан гэж үзэж байгаа бол мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, прокурор нь дуудаж уулзах ёстой байсан.
Өөрөөр хэлбэл, биднийг хууль бусаар авсан гэх баримтуудаа гаргаж өгөх байсан юм. Гэтэл бидэнд тийм боломж олгоогүй. Уг нь бүх л хуулинд хууль бус үйлдэл хийсэн хүнийг заавал дуудаж асуух ёстой гэж заасан байдаг.
Тиймээс бид нар хууль ёсны дагуу авсан гэх баримтаа гаргаж өгөх боломжтой гэсэн үг. Гэтэл хуулийн шийдвэр гаргасан аль ч шатны үйл ажиллагаанд ийм ажил ерөөсөө хийгдээгүй. Нэг ч хүнийг дуудаж байцаалт аваагүй атлаа гэнэт хүчингүй болгосон гээд л хэвлэлийн хэрэгслээр цацчихсан.
Би энэ шийдвэрийг сайтаас л уншсан. Манай байгууллагад энэ талаар ямар ч мэдэгдэл ирээгүй. Өнөөдөр энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад бидний үйл ажиллагааг зогсоосон байгаа нь буруу үйлдэл болоод байна.
Тэгвэл АТГ эсвэл холбогдох албаныхан дуудаад биднийг Д.Батхуягт авлига өгөөд авсан уу, үгүй юу гэдгийг тогтоох л хэрэгтэй байна.
-Шинжээчдийн дүгнэлтийн дагуу шүүх шийдвэр гаргасан гэсэн. Дүгнэлтийг нь үзсэн үү, юу гэж гарсан юм бэ?
-н.Чалхаажав, н.Идэш нарын гурван хүн эдгээр лицензүүд нь хууль бус байна, хууль зөрчиж олгосон байна гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Тодруулбал, нэг лицензийг өмнө нь нэг байгууллага эзэмшиж байсан хэдий ч ашиглахаа больчихсон байхад нь манай байгууллага авсан байя.
Гэтэл түүнийг давхардсан байна. Тиймээс энэ лиценз хүчингүй байна гэсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Мөн шинээр хайгуулын зөвшөөрөл авсан талбайн хэсэгхэн газарт өмнө нь нэг байгууллагын нэр дээр байсан талбайн хэсгээс орсон байхад л хууль бус байна гээд л цуцалсан тохиолдол байгаа.
Үүнийг кординатын зөрүү бүхэлдээ давхцаагүй, хэсэгчлэн давхацсан тохиолдол гэж үзэх ёстой. Энэ мэтээр анхнаасаа биднийг өргөдөл өгөхөд энэ хэсэг талбайг авч болохгүй, хас гэсэн бол тэр дор нь бид нар шийдчихсэн байсан.
Гэтэл тэгж хэлээгүй атлаа одоо ингэж хүмүүсийг хохироож байгаа юм. Анх өргөдөл гаргахад шат дараалсан олон үйлдэл хийж байсан хүмүүс тэр үед юу ч хэлээгүй. Тэгсэн хэрнээ нөөцийг нь тогтоогоод үйл ажиллагаагаа эхлэх гэхээр ийм асуудал гаргаж байгаа нь өөрөө их сонин үйлдэл болоод байна.
Гэх мэтчилэн асуудлууд зөндөө байгаа. Би үнэндээ Д.Батхуяг гэж ямар хүн байдгийг мэдэх ч үгүй, харж ч байгаагүй. Харин Мэргэжлийн хяналтын газрын н.Чалхаажав, н.Идэш нар нь ямар ч хамаагүй лицензүүдийг түүж гаргаад л тоо гүйцээсэн болохоос биш үнэхээр хууль ёсны байна уу, үгүй юу гэдгийг тогтоох зорилго ч тавиагүй, тогтоох нь тэдний эрх мэдлийн ч асуудал биш.
2009 онд Мэргэжлийн хяналтын газар АМГ-ын үйл ажиллагааг хянадаг байгууллага байсан шүү дээ. Нарийн ярьвал шинжээчдийн дүгнэлт хийсэн хүмүүс чинь өөрсдөө энэ асуудалд хэдийнэ хутгалдсан хүмүүс.
Тэгсэн атлаа шинжээчдийн дүгнэлт гаргаад явж байгаа юм. Харин тэр дүгнэлтийг нь шүүх шууд л тэр чигээр нь шийдвэрлэчихсэн. Нэмж ямар ч дүн шинжилгээ хийгээгүй.
-Танай талбайн хувьд?
-Ямар учраас зөвшөөрлийг маань цуцалсныг би одоо болтол ойлгохгүй байна. Эдгээр зөвшөөрлүүдийг ямар шалгуураар түүж авсан нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа. Манай талбай Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг.
Газар маань 505.85 га хэмжээтэй. Жоншны хайгуул хийх зөвшөөрөлтэй талбай. Манай компанийн хувьд өмнө нь нэг компани ашиглаж байгаад цуцлагдсан талбайг авсан.
Өмнө жил эзэмшиж байсан компани нь хоёр жил төлбөрөө төлөхгүй, ашиглаагүй байсан болохоор би 2009 онд өргөдлөө өгч хайгуулын зөвшөөрлөө авсан.
Зөвшөөрөл авахдаа тухайн үед шаардсан бүхий л бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгсөн.
Лиценз авсныхаа дараагаар санхүүгийн боломж муугаас болоод хайгуулаа хийгээгүй гурван жил болсон. Гэхдээ энэ хугацаанд төлөх ёстой татвараа зохих журмын дагуу төлж байсан. Харин өнгөрсөн онд хайгуулаа хийж дуусгаад нөөцөө тогтоочихсон
. Гэтэл яг ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэсэн чинь хүчингүй болчихсон байсан. Яагаад ийм шийдвэр гаргасан эсэхийг лавлахад бүгд л мэдэхгүй, дээрээс гаргасан шийдвэр гэсэн хариу өгсөн. Энэ шийдвэрийг гаргасан хүмүүсийг удирдлагууд нь үнэхээр зөв шийдвэр гаргаж байна уу гэж шалгах үүрэгтэй шүү дээ.
Шалгачихаад үүний цаана хэдэн хүн, яаж хохироод байгааг судлах хэрэгтэй. Зургаан тэрбум төгрөгний ажил хийчихсэн компаниуд ч байна, 100 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан компаниуд ч байгаа. Ингэж хүмүүсийг хоморголон хохироож болохгүй.
-Танай байгууллага хайгуулын зардалдаа хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
-Тэр үед өргөдөл өгөхдөө АМГ-т 250 мянган төгрөг тушааж зөвшөөрлөө авдаг байсан. Аймаг руу явж тухайн газар хуулинд хэр нийцэж байгаа талаар санал авах гээд олон зардал гаргасан. Яг хайгуулын зардал 300-гаад сая төгрөг зарцуулсан.
Энэ тооцоонд ирж, очих зардал гэх мэт урсгал зардлууд ороогүй. Энэ мөнгө зүгээр салхинд хийсгээд хаячихаар мөнгө биш шүү дээ. Энэ хөрөнгийг босгох гэж би хэнээс ч тусламж аваагүй.
Амьдарч байсан байрнаасаа эхлээд бүхий л зүйлсээ зарсан. Би өрх толгойлсон эмэгтэй. Хоёр оюутан хүүхэдтэй. Төрийн зүгээс энэ хохирлыг барагдуулах л ёстой гэж бодож байна.
-Энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа компанийн төлөөллүүд хамтран ажиллаж байгаа гэсэн. Хэдэн компани нэгдээд байна?
-Анх цуцлагдсан лицензийн тоо 107 биш 300-гаад байсан гэсэн. Төр мэдэлдээ авсан гэж яриад байгаа 107 лиценз дотор олон жилийн өмнө цуцлагдчихсан 20 гаруй лиценз байгаа.
Нэг үгээр хэлбэл хугацаа нь дуусаад, эзэмшиж байсан компани нь ашиглахаа больчихсон, газар нутаг нь чөлөөтэй болсон хэнд ч хэрэггүй талбай гэсэн үг. 21 компанийн 35 лицензний араас л хүмүүс хөөцөлдөж яваад байгаа.
Бусад чимээгүй байгаа лицензнүүд нь цуцлагдсан лиценз мөн байна уу гэдэг нь их сэжигтэй байдаг. Үнэхээр цуцлагдсан бол хүмүүс хөөцөлдөх ёстой. Бас л хэнд ч хэрэггүй талбайнууд байж магадгүй гэсэн хардлага байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлига өгсөн 107 лицензийг цуцаллаа гээд сүртэй яриад байдаг. Гэтэл тэр дотор нь нөгөө гадаадын том том компаниудын жинхэнэ авлига өгч зөвшөөрөл авсан талбайнууд байхгүй л байгаа юм.
Нарийн шалгавал нэг компани хэдэн арваар нь зөвшөөрөл авчихсан тохиолдол байгаа шүү дээ. Гэтэл иргэдийнхээ хийж байгаа ажилд саад болоод ашиглахад бэлэн болчихсон талбайг нь дээрэмдэж байгаа хэрэг юм.
Г.Баярцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: