Маргааш 6 сарын 1. Хүүхэд бүр баяр хөөрийг мэдрэх эрхтэй

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэр Бүлийн Радио 104,5-ын уран бүтээлч хамт олон жил бүрийн хүүхдийн баяраар олон нийтэд хандсан үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай хамт олон юм. “FM радио гэхээрээ зүгээр нэг дуу хөгжим тавьчихаад дундуур нь хөтлөгч нар нь яриад сууж байдаг ядмагхан байгууллага байх албагүй. Манай радио уламжлалт томоохон баяр ёслолууд. Тухайлбал шинэ жил, крисмас, хүүхдийн баяраар олон нийтэд хандсан томоохон арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол зохион байгуулж заншсан” хэмээн байгуулагдаад арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа Гэр Бүлийн Радиогийн хамт олон бидэнд ярьсан юм.
Өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар эдний хамт олон Гачууртын Монгол Шилтгээнд сонсогчдынхоо төлөөллийг хүлээн авч баярын арга хэмжээ зохион байгуулж байсан бол энэ жил илүү өргөн цар хүрээтэй, хүмүүнлэгийн өдөрлөгийг монголдоо ганц байдаг, харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг Нийслэлийн 116 дугаар сургууль дээр зохион байгуулж байгаа юм байна. Энэ сургуульд төрөлхийн болон олдмол харааны бэрхшээлтэй 83 хүүхэд суралцдаг. Тэдний дунд нэг гэр бүлийн хүүхдүүд ч бий. Мөн багш нар дотор нь ч харааны бэрхшээлтэй хүн нэг бус байдаг аж.
Би хөгжлийн бэрхшээлтэй гэж гутралгүй бусад хүүхдүүдийн нэгэн адил мэдлэг боловсрол эзэмшиж, сайн сайхан амьдрахын төлөө асар их сэтгэлийн хатуужил тэвчээр гарган тэмцээж яваа эдгээр хүүхдүүдэд сэтгэлийн дэм, амьдрах итгэл хайрласан Гэр Бүлийн Радиогийн хамт олны санаачилсан энэ үйл ажиллагааг Улаанбаатар их сургуулийн багш нар, ХБНГУ, АНУ-ын элчин сайдын яамны ажилтнууд болон Олон улсын Ротари клуб, Мижиддорж сангийн хамт олон дэмжиж ажиллахаар болжээ. Өдөрлөг 6 сарын 1-ний өдөр 116 дугаар сургууль дээр зохиогдох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих