“Хов”, “жив” хоёр хоршихын учир…

images5050ӨА(Үг хэллэгийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ)

 

МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,

доктор, профессор Бямбажавын Пүрэв-Очир (МУБИС)

 

Нэг бол, Саарал ордноос, эсвэл, ямар нэгэн Яамны цагаан байшингаас, аль эсвэл, УИХ-ын улаан танхим, намуудын байрнаас, ийм тийм хурал цуглаанаас хэн нэгэн хүн “Бор шувуу нисгэжээ.” гэсэн үг үгүүлбэр өдөр тутмын сонин хэвлэл, шар бор сонинууд, элдэв сайтад олонтаа харагддаг, бичигддэг тийм нэг зурвас үе явсаар байв. Мэдээллийг нь ажиглахад “нисэж”, “нисэлдэж” гэхээсээ илүүтэй, “нисгэж…” гэж байдаг нь бас л учир начиртай юм байж. Тэгэхлээр энэ “бор шувуу” бол өөрөө нисэж чаддаггүй, заавал ямар нэгэн хүн амьтан, үйлдэгч, мэдээллийн зэвсэг хэрэгсэл оролцож баймаажин нэгээс нөгөө рүү “нисгэдэг” тодорхой үүрэг, зорилготой, товч жижиг мэдээллийн “цаасан шувуухай, цахим шувуухай” юм. Өөрөөр хэлбэл, удын найлзуур, улиас бургаасны мөчир дамжинхан “жив жив жиргэх жиргээ хөөрхөн болжмор” биш, харин “хов жив”-ээс өгсүүлээд, сайн муу элдэв мэдээллийг зөөж тээсэн “харилцааны шууданч бор шувуу” аж. Энэ шинжээрээ “Бор шувуу нисгэх~нисүүлэх” гэдэг хэлц хэллэг нь монгол хэлэнд улс төрийн метафор болж, сонин нийтлэлийн хэл, интернетийн хэл найруулгаар дамжин орж ирсэн, “амьдарсан” түүхтэй байна.

Энэ “бор шувуу”-гаар сайн сайхан ч мэдээ мэдээлэл цацагдана, саар муу мэдээлэл ч нисгэнэ, ортой анхаарууштай юмыг ч сонсгоно, ор мөргүй, хартай ч халгаатай ч үг үгүүлбэрийг тэнүүчлүүлнэ. Тиймээс энэхүү “бор шувуухай”-н мэдээ мэдээлэл нь хоёрыг холбож, гурвын хушууг нийлүүлдгээрээ онцлог, хүн-нийгмийн үндэстэй, хэл-соёлын холбогдолтой, монгол хэлний “хов”, “жив” гэдэг хоёр үг-утга хоршихын үлгэр загварыг ч харуулдгаараа анхаарч сонирхмоор зүйл байдаг.

Гэтэл цахим ертөнцийн орон зай тэлж өргөсөхийн хэрээр нөгөө муу “Бор шувуу”-ны мэдээ мэдээлэл нь хурдгүй, соёлгүй, улигт үг болж, түүний оронд “twitter” гэх нэгэн шинэ “шувуухай” хаанаас ч юм бэ нисэн ирж, хуудсаа нээж. Энэ бол зөөж тээдэг мэдээлэл нь хоромхон зуур түгэн тархдаг, шив шинэхэн жив жив жиргээтэй, даяаршлын орон зайд хаа сайгүй орчдог, бор биш, сүрэглэдэг “хөх шувуу” аж. “Хөх шувуухайт” лого бэлгэ тэмдэг бүхий сошиал медиа (social media)-сүлжээ мэдээлэлтэй уялдан, монгол хэлэнд “жиргээ”, “шулганаа”, “жиргээчид”, “дагагсад”, “мэдээллийн чичиргээ”, “твиттер хуудас” г.м. нэр үгс; “жиргэх”, “шулганах”, “твиттердэх” г.м. үйл үгс үүсч, эх хэлний маань үгийн сангийн үүд хаалгаар орж гарч явна.

Магадгүй, “жиргээ”, “жиргэх”, “твиттердэх” гэдэг үгс “оны шинэ үгс” ч болчихыг хэн байг гэх вэ, ямартай ч өглөө орой, өдөр шөнөгүй, улс төрчид болон хүүхэд залуусын амны уншлага болж, өдөр тутмын сонинууд, хувь хүмүүсийн цахим хуудаснаа өдий төдийгөөр үзэгдэх болов.

Энэ мэтээс үүтгэн үзэхэд ч жив жив дуутай, жиргээ хөөрхөн ”хөх шувуухай” бол бас л нийгмийн болон хүмүүн хоорондын харилцаанд мэдээлэл солилцох, хоёрыг холбон, гурвыг уулзуулж учруулдаг увдистай, хэдэн арав-зуу-мянган “дагалдагч”-тай болдог, “цугларч сүрэглэдэг”, эргэх холбоо сайтай мэдээллийн шувуухай болох нь харагдаж байна аа.

Монгол хэлэнд, цахим ертөнцөд давтамж, хэрэгцээ ихтэй байгаа энэхүү “жиргэх” буюу “твиттердэх” гэдэг латин гаралтай харь үгийн угтал, түрүүч нь “мэйлдэх”, “мессенжердэх”, “скайпдах”, “чатлах”, “фэйсбүүкдэх” …г.м. монгол хэлний “–д” дагавар наалдаж үүссэн харь үгс байсан юм. Гэхдээ “Урд нь ургасан чихнээс, хойно гарсан эвэр” гэгчээр өдгөө “твиттердэх” нь урд нь орж, түүчээлэн бусдыгаа хошуучлах тийшээ болж явах нь харагдана. Харин залуучууд, твиттерээс илүү фейсбүүк хэрэглэдгийг судалгаа харуулжээ.

Орчин цагийн монгол хэлний хэрэглээ, утга-соёл, үгийн сангийн хувьсал хөдөлгөөнийг аман ярианы, сонин нийтлэлийн, цахим мэдээллийн талбарт ажиглажээ байхад эр хүйсийг заадаг “хо-” язгууртай “хов”, эм хүйсийг заадаг “жи-“ язгууртай “жив” гэдэг хоёр үг ихээхэн идэвхжиж, нэг ойртон нийлж хоршоод л, нэг салж холдоод л байгаа нь сонин зүйл юм. Ингээд “бор шувуу”, “хөх шувуухай” хоёрын явдал суудал хийгээд “хов”, “жив” хоёрыг холбон хоршихоос үүтгэн өгүүлэх минь:

Нүүдлийн соёл иргэншилтэй, бөө мөргөл болон бурхны шашинтай, малчны амьдрал, аж ахуй голлож байсан монголчуудад хов жив ярих, хушуу холбон цагийг дэмий өнгөрөөх зав зай угаас бага байж. Тийм уламжлал ч байсангүй. Өргөн уудам тал хээр нутагт тархан суурьшсан эсгий туургатны монгол эрчүүд нь уулзаад бөөгнөөд, элдэв юмаар хөөцөлдөж дэмий яриад байх завгүй, хөдөө гадаах ажлаа амжуулдаг байж. Уулзаж учрахлаараа дөрвөн улирал, цаг агаарын байдал, мал сүрэг, ан гөрөө, аян жин, наймаа арилжаа, ажил төрөл, эрүүл эсэнгээ л ярина. Болж л өгвөл амны бэлгээс ашдын бэлгийг бодолцож, сайн сайхан мэдээ-мэдээллийг нэг нь нөгөөдөө дуулгана, асууна. Үүнийг өдөөгч өгүүлбэр нь “За, сонин сайхан юутай байна даа?” гэдэг маш сонин асуулт, улирлын мэндчилгээнүүд байсаар ирсэн. Эмэгтэйчүүд нь ар талд арай өөр сэдвээр “Тэр тэгэж гэнэ”, “Энэ ингэж гэнэ…” гэх байдлаар хөөрөлдөх боловч амны бэлгэгүй үг өгүүлбэр ярих нь бас л хорио цээртэй байлаа. Ер нь тал хээрийн монголчууд бол хэл ярианы агуу их соёлтой, холбож хэлэх үгтэй, хоршиж хэлэх авьяас билэгтэй, сайн ёс жудагтай, зөв шударга хүмүүжилтэй, эв эеийг эрхэмлэдэг, сайхан ёсзүйтэй ард түмэн байлаа… Түүний нэг үнэ цэнтэй илрэл нь “бэлгэ үг”, “хорио цээр үг”, “зүйр цэцэн үг”, “аман зохиол”, “аман хууль”, “дүрслэх үг”, “хоршоо үг” юм.

Монгол хэл бэлгэ үг, дүрслэх үг, дуурайх үг, хоршоо гуршаа үгээр нэн баялаг. Дэлхийн ямар ч хэлэнд байдаггүй тийм сонин хорших ёстой, хоршоо-нийлмэл үгийн баялаг сан хөмрөгтэй юм. Монгол хэлний хоршоо үгийн тансаг баяныг Орос, Чех, Монгол, Солонгос, Япон, Хятадын монгол судлаач нар гайхан биширчээ.

Ярианы, сонин нийтлэлийн, уран сайхны, эрдэм шинжилгээний, албан хэргийн гэх мэт их таван найруулгын төрөлд янз бүр бүтэцтэй хоршсон нийлмэл үг, орчин цагт ч улам түрж, хэрэглээ, давтамж, найруулгын үүрэг нь тэлсээр байгааг өнөөгийн хэлний баримт харуулсаар байна, олон ухааны монгол судлаач нар гайхаж, элдэв өнцгөөс нь сонирхож байна.

Монгол хэлний хоршоо үгийг бүтэц, хэв маяг, үүсвэр ба найруулга бүрэлдэхүүн, хэрэглээ, утга-соёлын талаас нь ажвал бас их сонин, олон талтай. Утга ойролцоо үгийг хоршино, утга эсрэг үгийг хоршино, төсөөт үгийг хоршино, зүйл хуваасан үгийг хоршино, утгазүйн нэг талбайн үгийг, эсрэг талбайн үгийг хоршино, бас зохицлын хувьд, толгой холбон хоршино, сүүл холбон хоршино. Тэр битгий хэл, суурь үгийг нь цуурай үгтэй нь хоршино, давтан хоршино, уугуул монгол хэлний үгээ харь хэлний үгтэй хоршино. Бүр танигдахын аргагүй болтлоо “чулуужсан үг”-ийг ч хоршдог. Тухайлбал, монгол хэлний “гар” гэдэг үг бол “хөл” гэсэн үг байсныг судлаачид тэмдэглэсэн. Гэтэл одоо “гар хөл”-ийн гарал төрөл, ялгаа нь танигдахын аргагүй хувьсаж өөрчлөгдсөн байна.

Эх хэлнийхээ үгийг харь хэлний үгтэй нийлүүлж хоршдог тийм баялаг, өглөгийн гараа сунгадаг, найрсаг хэл дэлхий дээр цөөн бололтой. Тэгвэл манай монгол хэлэнд “Монгол үг+гадаад үг”, “Гадаад үг+монгол үг” гэсэн хоёр байрлал, загвараар хоршдог зүй тогтолтой байна. Тухайлбал, цэрэг цүүх, амбан захирагч, гацаа тосгон г.м.-ээр манж үгтэй; зай завсар, заль мэх, сэхээ самбаа, ад чөтгөр, нүгэл хилэнц г.м.-ээр санскрит үгтэй; цал буурал, таар шуудай, той хурим, зүү тэвнэ, анир чимээ, гувчуур татвар, сэмж өөх, эсэн мэнд, уг удам, бэх бат, тав тух, янаг амраг г.м.-ээр түрэг үгтэй; эв түнжин, орог саарал, баг идээ, өш хонзон, жасаа даллага, анги бүлэг, намтар түүх, эм дом, гүнцэг зоог, эрэмбэ дараа, зан араншин г.м.-ээр монгол үгийг төвөд үгтэй; хоол цай, арга бааш, бай мөрий, маапаан будлиан, дэн буудал, ган гачиг, пүүгээ дэвсгэр, гуу жалга, шил цонх, гэрэл чийдэн, холион бантан, дан ганц, бооцоо мөрий, жааз хүрээ, хээ хуар, янз маяг, хөрөнгө зоорь, данс хараа, зоос гоёл г.м.-ээр монгол үгийг хятад үгтэй; оочир дугаар, норм хэмжээ, орц дооз, үүрэг роль, хаяг адрес, лоом царил, жижүүр манаа, машин тэрэг, радио хүлээн авагч, бааз суурь, сервис үйлчилгээ, спонсор моспонсер, уриа лозунг, хяналт цензур г.м. орос болон европын хэлнүүдийн үгтэй хоршиж болдог ёсон байна. Гэхдээ энэ нь монгол хүний сэтгэлгээнд нь байдаг онцлог юм.

Монгол хэлний хоршоо үгээс  “мэдээлэл” гэсэн “утгын орон”-д багтаж, мэдлэг-мэдээллийг зөөж тээж явдаг хоршоо үгэнд:

хэвлэл мэдээлэл,

сонин хэвлэл

сонин сайхан

мэдээ мэдээлэл

мэдлэг мэдээлэл

мэдээ чимээ

мэдээ дохио

мэдээ сураг

мэдээ сэлт

сураг чимээ

сураг мэдээ

зар мэдээ

сураг ажиг

сураг дохио

сураг занги

чимээ анир

дохио зангаа

хов жив~хов шив

хов хач г.м. цөөнгүй нийлэмжийг оруулж болохоор байдаг. Энэ эгнээнд байгаа нийлэмжээс “хов”, “жив” хоёр хорших нь олон учир начиртай. Монгол хэлний “хо-” идэвхтэй язгуураас хоёр, хошой, хос, хоч, хойт (төрөл), хольц, холбоо, хошмог, хошлон, хорших, хослох, хоршоо, хооронд, хойтон, холимог, хоолой, ховс, ховд, ховдол, ховчин, ховсчин, ховшуур, ховил… г.м. төрөл үг ба төрөл үгийн үүр үүсдэг. Тэгэхлээр монгол хэлний “хов” гэдэг нэр үг бол “хо-“ гэдэг эр хүйс зааж байсан идэвхтэй язгуураас үүссэн бөгөөд нэг хүнээс хоёрдогч этгээдэд, түүнээс  дараачийн хүнд, улмаар шууд-дам холболдсоор, цаашлан цаашилж, олон хүний хэлийг загатнуулж, нүдийг бүлтийлгэн, чихийг дэлдийлгэсээр тэнүүчлэн тардаг, хүнийг муутгах, бусдыг эвдрэлцүүлэх сөрөг үнэлэмжтэй явуур муутайхан, явган, дэл сул үг яриа юм. Тиймээс ч манай монголчууд иймэрхүү “ажил”-аар хөөцөлддөг, оролддог этгээдийг “ховчин”, “ховсчин”, “ховоор мэргэшсэн амьтан” гэдэг бөгөөд “хов зөөх”, “ховч эм”, “ховын тулам”, “ховын хэрээ”, “хов жив”, “хов шив”, “Ховчийн үг урьтаж хүрдэг, ховрын цай урьтаж буцалдаг”, “Хов жив ярьсаар хүнээ барна, ихэр шихэр идсээр хүнсээ барна”, “Хов үг хортой, хутганы үзүүр шортой”, “Хорт могойн хэл хооронд минь орвол…(М.Н.Т), “Ховчийн гайгаар тэнэдэг…” (Ц.Дамдинсүрэн), “Шивэр авир үг чихэнд халтай, шиврээ бороо хувцасанд халтай…” г.м. сургамжит хэлц, хэллэгүүдийг бүтээж, “аман хууль” болгосоор ирсэн уламжлалтай билээ. Энэ мэт хэлц, хэллэгээр машид өвөрмөц эрчим долгион, утга-соёл дамжиж явдаг юм. Зарим гадаад хэлэнд “хов жив”-ийн үгийг “хоосон үг”, “явган үг”, “муу ам”, “муулах ам яриа”, “чих хоорондын үг” гэсэн утгаар нэрлэдэг, хэлдэг аж.

Монгол хэлэнд энэхүү хоршоог бүтээж, элэг бөөрөө нийлүүлсэн “хов, жив” гэдэг үгийн тухайд бол, 2-3 гаргалгаа, таамнал хийж болох талтай юм. Нэгд, монгол хэлний эр хүйсийг зааж байсан “хо-” язгуурын салаалсан хувилбар нь эм хүйсийг заах “жи-“ гэдэг идэвхгүй язгуур байдаг. Энэ нь мөн л “хоёр”- гэсэн утгыг хадгалсаар ирсэн, тухайлбал, “Монголын нууц товчоо”, бусад сурвалж бичигт тэмдэглэгдсэнээр “жирин” буюу хоёр, “жирэмсэн” буюу давхар биетэй эм г.м. үгс, бас тэгээд, жилийх талийх гэдэг эш ургийн үг, жич буюу хоёрдахь-тусгай гэх мэт байдаг. Ингэхлээр “хо-“гоос “хов” үүсч, “жи-“-гээс “жив” үүсч, “хов”, “жив” хоёр язгуур нэгтэй, ижил утгатай учир хоршсон байж болох. Гэхдээ “хов” гэдэг үг нь дангаараа бие дааж хэрэглэгддэг, харин “жив” нь дангаараа бие дааж хэрэглэгддэггүй, гагц “хов жив хөөцөлдөх”, “…хоор зуураа хов жив ярилцах…”, “атаа житөө” г.м.-ээр “хов”-тойгоо, “атаа”-тайгаа хоршиж байж л “амь ордог”, хэрэглээнд гардаг онцлогтойг анзаарч болох. Энд бас нэг сонирхол татах зүйл бол дундад эртний монгол хэлэнд хүйсийн ялгаа хүчтэй байх үед “атаа”, “атаархал”, “атаархах” г.м. үг нь эр хүйст буюу “эрэгтэй хүнд” хамаатай; “житөө”, “житөөрхөл~жөтөөрхөл” гэсэн “жи-“ язгуурт нь эм хүйст буюу “эмэгтэй хүнд” хамаатайгаар хэрэглэгддэг зүй тогтолтой байж. Түүний ул мөрийг “хов жив” гэдэг хоршоо үг зөөж тээж явдаг байж магадгүй юм. Эрчүүдийн хоорондохыг “атаархал”, эмсийн хоорондохыг нь “жөтөөрхөл” (монгол бичгээр: jituge гэнэ.) гэдэг байж. Сүүлдээ хүйс ялгахаа больж, “атаархал, житөөрхөл хоёр ханьсан ойртож хоршчээ.

Хоёрт, монгол хэлний “хов хоосон” гэдэг хэллэгээс ургуулан бодвоос, “хов жив”-ийн “хов”-ыг монгол бичгээр “хогусун” гэж бичдэг, орчин цагийн “хоосон” гэдэг үгийн “хо-“ язгуур ч байж болох юм. Угаасаа “хов” үг бол хүний хэл яриа, харилцахуй дахь “хоосон”, “худал”, “цуу”, “тэнэмэл”, “явган” үг яриа юм.

“Явган үг яриа” гэснээс, монгол хэлний “явган” гэдэг үг, түүний хэрэглээний нийлэмжүүдийн багцыг ажиглахад, энэ үг бол тэнгэрийн бус, харин газрын аху орчинд хамааралтай хэрэг явдал, юм үзэгдэл, мэдээ-мэдээллийг нэрлэдэг илэрхийлдэг онцлогтой юм. Ардын уранзохиолч Тангадын Галсан гуай: “Үгүй бол…” хэмээх нэгэн жирмэн сүлжээндээ:

Мод нь үгүй бол уул нь нүцгэн шулдан,

Мойл нь үгүй бол монос чармай нүцгэн,

Морь нь үгүй бол би зуурдын явган,

Монгол минь үгүй бол би үүрдийн өнчин.  гэж монгол хэлний “морьтой”, “явган” хоёрыг эсрэг тэсрэгээр тун сайхан онож хэрэглэсэн буй. Тэгэхлээр “морьтой” нь тэнгэрийн үг, “явган” нь газрын үг, энэ хоёр үг нь арга, билиг болдог нь сонин юм. Гэхдээ “явган”-ы олон утгын нэг олдмол утга нь “доогуур”, “хөлөөр”, “жигүүргүй” гэсэн утга байж болмоор санагдана. Өгөөдэй хааны үеэс уламжлан ирсэн өртөө улааны үг хэллэг- “явган элч”, бас “явган хэлт Жамуха” г.м.-ээс авхуулаад, өнөөдрийн Монголын улс төрчид, энэ тэр эвсэл бүлэглэлийнхний ааш араншин, аяг явдлыг илэрхийлдэг үг- “явган толхилцоон”-ыг (P.S: Сүүлийн үед сонин хэвлэлийн хуудаснаа олонтаа үзэгдэх болсон, сэтгүүлчид, улс төрчдийн зохиосон шинэвтэр үг хэллэг. Жишээ нь: сонгууль ойртохлоор явуургүй явган толхилцоон олширдог г.м.) хүртэлх “явган”-аар тодорхойлогддог олон нийлэмж бий. Тухайлбал: явган хүн, явган цэрэг, явган жагсаал, явган суудал, явган сандал, явган ор, явган ширээ, явган шүүр, явган салхи, явган шуурга, явган үлгэр, явган шат, явган гүүр, явган шог, явган яриа, явган хэрүүл, явган толхилцоон, явган хэл ам, явган мэдээ; яаравч бүү явган суу, ядравч бүү ташуураа тул… гэх зэрэг нүүдэлч монголчуудын соёл-сэтгэлгээ, аху амьдрал, зан үйлээс  урган гарсан хэлц ба хэлц бус нийлэмжүүд нь бүгд л “нам”, “доогуур”, “явуургүй”, “газраар”, “хөлөөр” гэсэн мэдээлэл, олдмол, салмал, шилжмэл утгыг зааж байна. Тиймээс “явган” гэдэг үг “хов” гэдэг үгтэй бас хоршиж, “явган хов”  гэж үүсч болдог бөгөөд “явган” бол бас л “бүргэдийн жигүүргүй”, “болжморын даль жиргээтэй” үг юм гэж хэлж болмоор.

Гуравт, “Хов жив”-ийн “жив” нь “хов мов, хов жов, хов жив”, “жиг жуг” гэдгийн давтсан цуурай үг (эхо слово) байж тун магадгүй. “Жив жив жиргээтэй, жиргээ хөөрхөн бор шувууны”, бас нөгөө “twitter” буюу “жиргэх” (хөх шувууны)-ийн “жив жив”, “шив шив”, “жир жир” бол угаасаа хүний биш, шувууны хэлний “цуурай үг”-шулганаа, дуу чимээний үг юм. Тэгэхлээр хүмүүн хоорондын хэлний “хов”, шибагун хоорондын хэлний “жив~жир” хоёрыг зүйрлэн хоршсон байж болох. Монгол хэл маань дуу чимээ дуурайх, дүрс хэлбэр дуурайх үгсээр нэн баялаг. Давтан хоршоо, дуурайн хоршоо нь үүнтэй амин холбоотой байдаг зүй тогтолтой юм.

Эцэст тэмдэглэхэд, нүүдлийн соёл иргэншилт монголчууд дангааршлын орон зайд язгуур соёл, үндэсний уламжлалаа хадгалж явахдаа “хов жив хөөцөлдөх”, “хов жив ярих”, “хов хачаар оролдох”-ыг төдий л таашаадаггүй, хорио цээртэй юмны нэг байв. Харин даяаршлын явган салхи сэвэлзэнгүүт л үндэсний уламжлал, үнэт зүйлээ анхаарахаа байж, ёс суртахуунаар доройтож, улс төрчид, нам, эвсэл, элдэв бүлэглэлийнхнээс уруудаад л, дээрээсээ доошоо “элдэв юм хумаа нуух”, “бие биетэйгээ арцалдах, толхилцох”, “нэг нь нөгөөг муулан гутаах”, “бие биедээ сайрхах”, “дэмий ярьж цагийг өнгөрөөх” донтой болж эхлэнгүүт л өвөр зуураа хов живийн “бор шувуу нисгэж” эхэлжээ. “Бор шувуу нисгэх” гэдэг хэллэг ч “хов жив”-ээс арай илүү гоё өвөрмөц, утга далдалсан, эерүүлсэн, “соёлтой магтан муулах” аргаар түгэн тархжээ. Тэгэхлээр энэ хэллэг “мэдээллийн эрин зуун”-д “соёлтой мэт” сонстож, харагддаг байж болох. Тэгээд тэр нь улам “даяаршсаар” “жиргээ”, “шулганаа”, “жиргэх”, “твиттердэх” болж, гадаад үг хэллэгээр солигдож явна. Харин Монгол эх хэл минь үг үгүүлбэрийн хөдөлгөөнийг алдалгүй мэдэрч, тусгаж, үг-утгын сан хөмрөг нь баяжсаар байна. Түүнийг нь сэтгэц хэлшинжлэл, танихуйн хэлшинжлэл, соёл хэлшинжлэл, нийгэм хэлшинжлэл, угсаа хэлшинжлэл, хэрэглээний хэлшинжлэлийн олон өнцгөөс нь ажиглаж, судалж зүй тогтлыг нь мэдэрч судалж хэрэглэвэл ач холбогдолтой юм. Бас тэгээд,

хов жив + ярих (дуу чимээний дуурайн хоршоо)

жив жув + гэх (дуу чимээний дуурайн хоршоо)

хав хав + хуцах (дуу чимээний дуурайн хоршоо)

хөв хөв + хуцах (дуу чимээний дуурайн хоршоо)

гав гув + гэх (дуу чимээний дуурайн хоршоо)

шав шув + хөхөх (дуу чимээний дуурайн хоршоо)

ов тов + цоохор (дүр хэлбэрийн дуурайн хоршоо)

яв цав + тохирох (дүр байдлын дуурайн хоршоо)

эв гав ~ муухан (дүр байдлын дуурайн хоршоо)

өв цөв ~ өвдөл цөвдөл + түүх (дүр байдлын дуурайн хоршоо)

шав шув + хийх  г.м. жишээ-баримтын “-в” үе-утгалбарыг холбон судалж сонирхвол юм гарч болох юм гэсэн нэгэн гогцоог орхиё.


URL:

Нэр: Туул Огноо: 13 November 2015

Сонирхолтой, Сайхан нийтлэл Байна.

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Truly tons of awesome information!

Сэтгэгдэл бичих