Эвдэгдэж эзэнгүйдсэн газрыг нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээнэ
Одоогоор дээрх эвдрэлд орсон талбайгаас техникийн нөхөн сэргээлт хийсэн нь 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байгаа аж. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийсэн бол нөхөн сэргээлт хийгээгүй 9751 га талбай байгааг салбарынхан хэллээ. Улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй болжээ. Одоогоор эдгээр эзэнгүй талбайн аль хэсэгт, хичнээн хэмжээний нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал авч байгаа бөгөөд Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумын нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийхээр Уул уурхайн сайдын тушаал гарсан байна. Уул уурхайн хайгуул, олборлолтоос бохирдож, эвдрэлд орсон газруудад нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагаанд Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яамнаас байгуулагдсан ажлын хэсгээс хяналт тавьж, үнэлгээ өгч дүгнэлт гаргана.
Б.Заяа
МОНЦАМЭ
URL: