Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар 24 орны 30 гаруй ажиглагч иржээ

91fff34639c53496dfca07cc83ea37b9_L Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ 300 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагч, шинжээчдийн баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаагаар ажиглаж, дүн шинжилгээ хийхээс өнөөдрийн байдлаар 24 орны 30 гаруй ажиглагч ирээд байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны /СЕХ/ дарга Ч.Содномцэрэн ЕАБХАБ-ын даргын тусгай төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ю.Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын сонгуулийн төв байгууллагын дарга байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тэдэнд танилцуулав. Дараа нь тэд Монгол Улсын СЕХ, ЕАБХАБ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Хоёр байгууллагын цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, аль салбарт дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, түүнчлэн Монголын сонгуулийн байгууллага ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал солилцох, судлах зорилготой ирсэн талаар тус байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн танилцууллаа.
Түүнчлэн техникийн дэмжлэг, хууль зүйн туслалцаа  үзүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжийг судлахын  зэрэгцээ сонгогчдын бүртгэл, сонгуулийн маргааныг шийдвэрлэж буй байдал, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй асуудал сонирхлыг нь татаж байгааг олон улсын байгууллагын төлөөлөгчид илэрхийллээ.
ЕАБХАБ-ын 300 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагч, шинжээчдийн баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л үйл явцыг ажигласан талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргах бөгөөд түүнд тусгагдах зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах нь дараа дараагийн сонгуулиудыг зохион байгуулахад тус нэмэр болно гэж үзэж байгаагаа ноён В.Ю.Ельченко тэмдэглээд гишүүн орны хувьд Монгол Улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг ЕАБХА-ны гишүүн бусад орнуудын сонгуульд ажиглагчаар оролцохыг урив. Энэ нь бусад орны сонгуулийн туршлагыг судлах ач холбогдолтой төдийгүй Монгол Улс сүүлийн сонгуулиудыг амжилттай зохион байгуулсан туршлага ч мөн адил гишүүн орнуудын сонирхлыг татаж байгааг ноён В.Ю.Ельченко дурдлаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд ЕАБХАБ-ын гишүүн орнуудад сонгууль ажиглахаас гадна танай байгууллагын хүрээнд зохиогдох сургалт, семинарт оролцох, туршлага судлах, төсөл, хөтөлбөрт хамрагдах зэргээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоход бэлэн байна гэдгээ цохон хэллээ.
Эгнээндээ Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн ЕАБХАБ нь итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмын эсрэг тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг юм.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих