Намын лидерүүд Н.Удвалд ямар үг дайв

Сангийн сайд Ч.Улаан: Эмэгтэй хүний  нэрийг  дэвшүүлснээрээ МАХН  ялалт байгууллаа

 

terbishdagva-middle

-МАХН дотроо ярилцаж байгаад өөрийнхөө шилдэг, тэргүүний нийгэмд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, намын шилдэг гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Сонгуульд оролцоно гэдэг ялалт байгуулахын төлөө явна гэсэн үг. Ялалт олон янз гэж боддог. Бид өмнөх ялалтыг байгуулж чадсан гэж бодож байгаа. Анх удаа ардчиллын зарчмыг дээдэлж эмэгтэй хүнийг төрийн тэргүүнд нэр дэвшүүлж байгаагаараа онцлог. Үүнийг бид нэг ёсны том ялалт гэж үзэж буй.  Цаашдаа Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж болно, шударга ёсны тэмцэлд эр, эм, хар шар гэхгүй бүгд хувь нэмрээ оруулах ёстой юм байна. МАХН нэгдсэн бодлоготой байр суурьтай байна. Бид нэр дэвшигчийнхээ төлөө бүхий фронтод ажиллаж байгаа. Заавал ил гарч дагаж давхиснаар намын лидерүүдийг үнэлж болохгүй. Нам өргөн хүрээтэй ажиллах ёстой. Шударга ёсны тэмцэлд ард иргэдээ уриалан дуудаж, энэ тэмцлийн очийг асааж байгаа нь бидний бас нэг ялалт юм. Бид нийгмийг эрүүлжүүлэхийг хүсч байна.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба:

Н.Удвал сайд Ерөнхийлөгчөөр сонгогдвол жинхэнэ шинэчлэл өөрчлөлтийг хийж чадлаа

 

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол жинхэнэ шинэчлэл өөрчлөлтийг хийж чадна. Нөгөө талаар Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа нь эмэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага манай нийгмийн салаа мөчир бүрт хүрч чадсаныг гэрчилж байна. Өнөөдөр айл өрх бүрийн ачааг эмэгтэйчүүд үүрч байгаа нь үнэн. Нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд идэвхтэй ажиллаж байна. Харамсалтай нь улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо бага байгаа. Тиймээс Удвал сайдыг нэр дэвшүүлж байгаагийн нэг шалтгаан нь МАХН хэр ардчилсан үзэлтэй нам бэ. Жендерийн тэгш харилцааг эрхэмлэдэг нам гэдгийг харууллаа. Ардчилал гэдгийг хэлэх амархан, харин хийж харуулах нь чухал. Бид үүнийг харуулж чадсан нам гэдгийг давхар илэрхийлж байна.  Нэр дэвшигчийн хувьд өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал, эзэмшсэн мэргэжил зэргээс нь харахад түүний амьдрал дандаа хүний төлөө байжээ. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн төлөө, улс төрийн хувьд гэвэл МАХН-ыг шинээр үүсгэн сэргээн байгуулснаас хойш хүнд хэцүү тэмцлийг туулсан. Энэ тэмцлийн үр дүнд парламентын нам болж чадсан, Засгийн газарт ажиллаж байна, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна. Энэ бүхний цаана Н.Удвал сайдын хувь хүний оролцоо, аливаа нэг бүлэглэлд ороогүй, улс эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг чанар бий. Энэ чанар бол эмэгтэй улстөрчид байдаг давуу талтай юм.


URL:

Сэтгэгдэл бичих