ДЭҮ СЕКЬЮРИТИС ГОЛОМТ БАНКИЙГ СОНГОЛОО

Өнөөдөр буюу 5-р сарын 29-ний өдөр БНСУ-ын үнэт цаасны зах зээлд хамгийн томд тооцогддог Дэү секьюритис компани Монгол улсад салбар нэгжээ нээж Монголын үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээлээ. Солонгосын хөгжлийн банкны охин компани болох Дэү секьюритис нь 1970 онд байгуулагдсан бөгөөд нийт 124 салбартай дэлхийн 10 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр Монголд нээлтээ хийж байгаа салбар нь хамгийн отгон салбар нь болж байна. Сүүлийн жилүүдэд кино урлаг, мэдээллийн технологи, аж үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийг байлдан дагуулах болсон БНСУ нь хөрөнгийн зах зээлээрээ мөн Азидаа эхний тавд ордог. Харин Дэү секьюритис компани нь брокер, хөрөнгө оруулалтын банк, арилжаа, хөрөнгийн удирдлага, андеррайтер болон санхүүгийн бусад хэрэгслүүд дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Солонгосын үнэт цаасны зах зээлийн нийт 9 хувийг дангаараа эзэлдэг хүчирхэг компани юм.  Ийнхүү өнөөдөр албан ёсоор үүдээ нээсэн Дэлхийн хэмжээний Дэү секьюритис компани санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, харилцагчиддаа чиглэсэн шилдэг үйлчилгээгээрээ Монголын банк санхүүгийн салбарыг тэргүүлэгч Голомт банкийг сонгон хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Дэү секьюритис компани Голомт банкинд 30 сая ам.долларыг байршуулж байгаа бөгөөд хоёр байгууллага Солонгос улсад воны бонд гаргах болон томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зэргээр олон улсад мэргэжлийн түвшинд хамтран ажиллахаар болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих