“Хотын зам” компанийн нэр хүнд тавьсан замтайгаа цөмрөв

527-1369791300middle-Сансрын нүхэн гарц аюул дагууллаа- 
Ай хөөрхий, “Хотын зам” компанийн бүтээн байгуулалт, олон жилийн ажил, хөдөлмөр ганцхан өдрийн бороонд урсаад алга болчихно чинээ санасангүй. Уг нь тус компани хотын захиргаанаас шилдгээрээ дуудагдаж, зам барилга, засвар шинэчлэлийн ажилд гар бие оролцож яваа юмсан.
Гэтэл иргэдийг аюулд унагаж, эх орны замыг там болгоод байсан “Хотын зам”-ын үнэн нүүр царай өчигдөр дахин сэдрэв. Тодруулбал, өчигдөр шивэрсэн борооны улмаас Сансрын нүхэн гарц дээгүүрх зам цөмөрч аюул дагууллаа.
Улмаар нүхэн гарцын баруун хойд хэсэгт авто замын тав орчим метр квадрат талбай тэр чигтээ суулт өгч, ан цав үүсэв. Мөн дээвэр, хананаасаа ус алдаж удаан жилд дарлуулсан юм шиг өвгөрчээ. Гэтэл нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийн зардалтай тус нүхэн гарц ашиглалтад ороод хоёрхон улирлын аашийг тэсвэрлэсэнгүй.
Тиймээс бид “Хотын зам” компанийн бүтээн байгуулалт хэрхэн явагддаг вэ, түүндээ хэдэн жилийн баталгаа өгдөг вэ гэдгийг өөрсдийн нүдээр харав. Харин ганцхан л өдрийн бороонд тэрбум гаруй төгрөгийг урсгаж чадсан тус компани зам цөмөрсөн явдалдаа ямар нэг тайлбар, мэдэгдэл өгсөнгүй.
Нэгдсэн журмаар мэдээлэл өгөх нэрийдлээр цаг агаарын нөхцөлд цөмөрсөн буруугаа тохох бололтой. Гэсэн ч тус компани ганцхан энэ удаагийн үйлдлээрээ тараа таниулж байгаа хэрэг биш. Өмнө нь “Хотын зам” компани нь багшийн дээдийн автобусны буудлын нүхэн гарцыг 2009 онд барьж таван жилийн баталгаа өгч байсан.
Гэвч тэрхүү нүхэн гарцын баталгаат хугацаа дуусаагүй байхад дээвэр нь хуурч унаад, хариуцах эзэнгүй олон сарыг үдэж байв. Харин Сансрын нүхэн гарц нь тус нүхэн гарцаас хоёр дахин их мөнгөөр бүтэж байгаа ч чанар нь хоёр дахин илүү муудаж байна.
Гэтэл тус компани нүхэн гарцын гадна талын туслах замын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж ирэх сарын 15-н гэхэд дуусгахаар зэхжээ.  Мөн тэд Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цайз, Цагаан даваа чиглэлийн 1.1 км замын засвар, шинэчлэлтийг долдугаар сарын 10-ныг хүртэл хийхээр болсон нь айдас төрүүлж байна.
Хэзээ мөдгүй цөмрөх эсвэл хагараад уначихгүй гэсэн баталгааг өнөөдрийн байдлаар тус компани өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс цаашид тус компанийн үргэлжлүүлэн хийх ажлыг өөр компанид олговол ямар вэ. Нэгэнт тус компанийн бахархал тавьсан замтайгаа хамт цөмрөөд уначихлаа шүү дээ.
А.Чилүгэн 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих