Монгол Улсын Үндсэн Хууль

527-1369796491527-1349427272түдэвДээрээ дөрвөн ахтай  /1924, 1940, 1960 онд төрсөн/, тэдгээр нь “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” –аар овоглож ирсэн Үндсэн хуулиудын дүү нь 1991 оны эцсээр дуншиж 1992 оны эхээр төрөхдөө ах нарынхаа гуншингаас “Бүгд Найрамдах”, “Ард” гэсэн үгүүдийг хасч хаяад “Монгол улс” хэмээн тогтоосноор “Монгол Улсын Үндсэн Хууль” болон тунхаглагдсанаас хойш хүний насны нэгэн мөчлөг өнгөрч “арван гуравны агт араа нь” ургах цаг боллоо.
“Арван гуравны агт араа нь ургана” гэдэг бол хүнээр ярихад насны нь анхны мөчлөг дуусч, жил нь ороод хүний зэрэгт хүрлээ гэсэн үг төдийгүй жилийн дараа эр нь гэрлэх, эм нь бэр болох цаг болсныг дохиолоод ирсэн нь тэр.
Өрнөдийхний ойлголтоор ч тэр ч гэсэн арван гуравны агт арааг “мэргэн шүд” /зуб мудрости/  гэдэг нь учиртай үг юм. Ингэж бодвол “Монгол Улсын Үндсэн Хууль” нас бие тогтож, агт араа нь ургах цагтайгаа золголоо гэж хэлмээр “насандаа” хүрлээ.
Хэдийгээр өрнөдийхний сэтгэлгээгээр арван насны ойг уржнан тэмдэглэцгээсэн боловч Монголчууд 12 жилийнхээ ойг өнгөрөөсний дараа агт арааг үздэг заншлаа мартаагүй бололтой.
Саяхнаас /2004 оны сүүлчээр/ монголчууд “Үндсэн Хуулийн талаар хэлэлцье”гэцгээх болж, “Улаанбаатар” зочид буудалд анхдугаар яриа хөөрөөгөө хийцгээв. Ер нь 15-20 жил бол “хүний явдал ихэд өөрчлөгддөгийг  “Нацагдоржийн алдарт шүлгээс ч санаа авсан хэрэг биш угаасаа л нэгэн шинэ үе төрж, эрийн цээнд хүрч элдвийг боддог хугацаа юм.
Анхдугаар Үндсэн хуулийг  16 жилийн дараа, хоёрдугаархыг нь 20 жилийн дараа авч хэлэлцэн өөрчлөлт нэмэлт хийсэн билээ. Харин гурав дахь үндсэн хуулийг 30 жил өнгөрөөж байжээ. Шинэчилснээс болж “төрсөн дүү” нь ахаасаа их л өөр болсон гэлтэй.
Тэгвэл одоо дөрөв дэх Үндсэн хууль төрснөөс хойшхи жилүүд нь зөвхөн манай улсаар барахгүй нийт дэлхий дахины байдал асар хурдан өөрлөгчлөгдөн, шинжлэх ухаан, техникийн дэвшил нүд эрээлжлэм түргэсч байгаа болохоор өчигдөрдөө тааруулчихсан “эрэг шураг” өнөөдөр солихоос аргагүйдэх тийм хурдац ноёрхсон эрин зуунд эхэлчихлээ.
12 жилийн өмнө 12-тай жаал явсан тэр хүүхэд өнөөдөр хорьж болдоггүй 20 наснаасаа дөрвөн он өнгөрчхөөд манай нийгмийн хийморь золбоог тодорхойлж, хүч тамирыг бүрдүүлэх гол цөм нь болчихоод байна шүү дээ.
Тэгэхээр Үндсэн хуулийн зарим зүүсгэл байтугай бүхэл бүтэн зүйл нь ч залуусын алхаатай “тохирохгүй” болсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Хоёр ч зууны нүүрийг үзэхдээ Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль “оёдол, нөхөөс” тавиулсан гэдэг яриа ч байдаг тул нилээн зэврүүн үед олон санаатын томхон хамтлагын боловсруулж балталсан одоогоор отгон Үндсэн хууль маань цагийн салхинд “гандахгүй” эдээр бүтсэн гэх баталгаа байхгүй л баримт бичиг шүү дээ.
Наад захын юм ярихад л “ард” гэдэг үгийг “ангийн чанартай ” байна гээд Үндсэн хуульд оруулахгүй чармайгсад тэр үеийнийх хурлын депутат 430 хүний дунд нилээн олон байсан тул олонхи гэхээсээ ам хэлээрээ давамгайлж уул үгийг гадуурхсан боловч тэр үгээр “ардчилал” хэмээх гүнзгий ойлголт тодорхойлогдсон хэвээр өнөөг хүртэл амнаас ам дамжин хэлэгдсээр байна.
Бас “хот” гэдэг үгийг учир битүүлэг шалтгаанаар “ад үзэгсэд” олон байснаас Үндсэн хуульд орох эрх нь хязгаарлагдсан ч гэсэн нийслэлээс эхлээд хотууд улс орныхоо газар нутаг дээр байсаар л байна.
Ийнхүү үг үсэг хөөцөлдвөөс урт нуршаа ярих тул Үндсэн хуулийн мөн чанартай холбоотой гол гол асуудлаас 13-ны ойн өмнө эргэн харж эргэцүүлүүштэй санагдана. “Үндсэн хуулийн талаар хэлэлцье” гэсэн уриалгын шинжтэй анхны уулзалтанд оролцогсод амьдарлын шалгуураар хэмжиж нилээн чухал саналууд тавьж, бодууштай, анхаарууштай үг хэлж байсан.
Уг нь тийм үг, саналуудыг 12 жилийн дараа биш наад зах нь зургаан жилийн тэртээд ярилцах боломж байсан. Гэтэл “Үндсэн хууль” тээж төрүүлэх, эх барьж авахад оролцогсод дөнгөж сая “мэндэлсэн” хүүгээ бурханчлан дээдэлж “хир халдаахгүйг”чармайж байсаар нилээд хугацаа алдсан юм.
Уул нь тэрхүү хуулийг хэлэлцэн батлах явцад “Үндсэн хуулийн шүүх” эсвэл “Улсын Их зарга шүүгч” /амбудамен/ гэдгийг буй болгох заалтыг ихээхэн маргаантайгаар авч үзээд нэгийх нь зүсийг өөрчлөн үлдээж, нөгөөг нь бүр мөсөн хасчихсан билээ.
“Үндсэн хуулийн шүүх” бий болгохын оронд “Үндсэн хуулийн цэц” гэдэг олйголт гарган ирж хуульчилсан билээ. “Шүүх”, “Цэц” гэдэг хоёр үг арай л эсрэг тэсрэг утгатай биш ч гэсэн огт хоёр өөр ойлголтыг хүнд өгөхөөр нэр томьёо нь илт харагддаг ч гэсэн Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад оролцож байсан нэр цуутай бөхчүүдэд “цэц” гэдэг нь их таалагдаж байсаар барахгүй үндсэн хуульд “медаль” гэдэг гадаад үг оруулахаас зайлсхийх санал тавигдахад “олимпоос авсан медалиа бид яах вэ” гэж бөхчүүд гомдол тавьснаар Үндсэн хуульд орсон бараг л хоёр, гуравхан гадаад үгний нэг нь “медаль” болж байлаа.
Үүнийг өгүүлэхийн  учир нь гэвэл “Үндсэн хуулийн шүүх” үгүйлэгдэж байгааг “Үндсэн хуулийн тухай хэлэлцье” олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байснаас үүдээд нэгд, Үндсэн хууль маань 12 жилийн туршид нэгдсэн тайлбаргүйгээр оршин тогтнож ирсэн, хоёрт Үндсэн хууль маань амьдарлын сорьцод /апробация/ оролцолгүйгээр нэгэн мөчлөг өнгөрчихлөө шүү дээ.
Хэрвээ ямарваа хууль, шинэ нээлт дээр дурдсан хоёр үзүүлэлтийн гадуур явах юм бол “хий мөргөхийн” аюултай тулгардаг. Учир нь хуулийн эрхийн баримт бичиг, тэр тусмаа Үндсэн хууль нь ямарваа хоёрдмол утгагүй, яг онож хэлэх заалтаас бүрдэх ёстой.
Тиймээс ч “хуулийн үг”, үсгийн амин сүнс” / буквенный дух закона/ гэдэг баримтлал тогтжээ. Гэхдээ хуулийн үгс, нэр томьёог хүн өөрийнхөөрөө ойлгох, тайбарлах, тэр ч байтугай гуйвуулж, урвуулах тохиолдол гардаг учраас ямарваа хууль ялангуяа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль батлагдан гармагц түүний үг үсгийн амин сүнсийг тодорхойлсон тайлбарыг гаргадаг.
Хуулийн тайлбар гаргах эрх мэдэл, мэдлэг чадвар бүхий байгууллага, хүмүүсийг төрөөс бий болгож, томилон ажиллуулдаг нийтийн журам байдаг билээ. Харин сүүлийн жилүүдэд манай төрийн хууль зүйн байгууллагууд  хуульчид “хуулийн тайлбар хийх ” гэдэг энэхүү маш чухал албыг бараг хайхрахаа больсон юм шиг байна.
Тэгээд ч Үндсэн хуульдаа хүртэл зүйлчилсэн, үг үсэгчилсэн тайлбар гаргалгүй нэгэн үе /12 жил/ мутарчихлаа бололтой. Тайлбар хэрэгтэйг нь сануулсан маргаан ч үе үе гарч ирлээ.
Жишээ нь: “амьд явах эрхтэй” гэдэг заалтын талаар эрдэмтэд асуудал тавьж байсан. /академич Т.Намжимын амьд явах эрхтэй гэгчийн тухайд/ тэр мэтийн тайлбар шаардсан үг, өгүүлбэрүүд биш харин УИХ-ын олонхын зүгээс цөөнхийн зарим нэг хүмүүстэй үгсч, 1999 онд зарим заалтанд өөрчлөлт оруулахдаа “тайлбар” хийж Үндсэн хуульд гар хүрснээр хачирхалтай тайлбар, хачирхалтай засвар хийж түүнээ ашиглан 2000 онд Засгийн газар бүрдүүлсэн нэгэн лоо суутай баримтыг дурдахгүй  юм бол Үндсэн хууль нэгдсэн тайлбаргүйгээр өдий хүрлээ.
Нөгөөтэйгүүр үндсэн хуулийг баталснаас хойш амьдралын сорьц хийхийн оронд “дээдлэн хүндлэх, “гар хүрэхгүй байх, “нэгэнт олсон ололтоо үнэлэх” гэх мэтээр өмгөөлсөөр байгаад сорилт даахгүй зүйл юу байгааг танин мэдэх болоцоог хууль тогтоогчид олгоогүйн улмаас урьдын цагт айл өрхийн хоймор дээр баринтагтайгаа тавиастай байдаг асан “Алтангэрэл” судар шиг хувь тавиланд Үндсэн хуулиа  “дээдэлсээр” мөчлөг хугацаа өнгөрөв.
Эхний жилүүдэд иргэн Б.Ламжав хэдэнтээ санал тавьсныг “сорьц ” гэж үзэхгүй юм бол Үндсэн хуулийн цэц “зав” ихтэйхэн шиг суудаг болжээ. Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн тохиол хэзээ гарахыг хүлээн суух ёстой мэтээр Үндсэн хуулийн Цэцийг хүмүүс тэгж ойлгохоор болжээ.
Гэтэл Үндсэн хуулийн тавдугаар бүлэгт “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц” гэсэн 64 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндэсний хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа мөн” гээд хэн бүхний сэтгэлд нийцтэй, яруу тодорхой заачихжээ.
Үндсэн хуулийн Цэц тэгэхээр зөвхөн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магдлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага төдийгүй “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих” байгууллага “Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа” юм байна.
Ер нь “ Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих” гэдэг нь бүр нэгдүгээрт бичигдсэн эрх үүрэг нь юм байна. Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхийг нь хуулиас цаасан дээр хуулан бичих цаг дор “одоо л мэдлээ” гэж дуу алдмаар болдгийн учир юу билээ.
Өнгөрсөн 12 жилд Үндсэн хуулийн заалт нэг бүр нь биш гэхэд иргэн бидэнд амин чухал гол гол заалтууд яаж биелж ирсэн билээ. Түүний биелэлтэд Үндсэн хуулийн Цэц бугай хэрхэн дээд хяналт тавьж байсан билээ гээд эргэцүүлээд бодоход хэд гурван маргаан шийдвэрлэснээс өөр юм санаанд ер орж ирдэггүй шүү.
Улс төрийн нийгмийн том том асуудал ярьж дээгүүр толгойлохоо болъё гэж бодоод хүн бүрд хамаатайгаар нь Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэсэн Үндсэн хуулийн 16-р зүйлийн  18 дугаар заалтын эхний нэг, хоёрыг эргэн саналаа.
“Амьд явах эрхтэй гэсэн” нэгдүгээр заалт ёсоор амьд явж байгаа болохоор тэр нь хэрэгжиж байгаа гэлтэй. Харин хоёрдугаар заалтыг саная. “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж оройн дээд үндсэн хууль маань иргэд бидэндээ онцгой эрх хайрлажээ.
Тэр сайхан эрхээ бид эдэлж байгаасан бил үү . Үндсэн хуулийн энэ эрхэм заалтын биелэлтэд дээд хяналт тавьж байгаасан бил үү, нөгөөх Цэц бугай. Үүнд хариу олохыг оролдоцгооё.
Эрүүл орчин үү, энэ?
Аж төрж байгаа газрыг орчин гэж үздэг билээ.Тэгвэл нийслэл Улаанбаатар хот минь л бид бүхний амьдарч буй орчин л доо. Нийслэлд 840 мянгаас нэг сая хүн аж төрдөг болсон тухай хэвлэлд саяхан мэдээлэгджээ.
Цаана нь үлдэх нэг сая таван зуун мянган хүн хөдөө болон аймаг, сумын төв, Дархан, Эрдэнэт, Бор- Өндөр зэргэмжийн газар амьдарч байгаа ажээ. Улсын маань нийт хүн амын бараг тал хувь нь энэхүү нийслэл хотод байнга аж төрж байгаа болохоор доод захын тоогоор баримжаалахад л гурван хүн бүрийн нэгний амьдрах орчин нь Улаанбаатар хот түүний дүүргүүд гэсэн үг юм.
Тэгвэл гурван иргэн бүрийн нэг нь Үндсэн хуулиар заагдсан “эрүүл орчинд” аж төрж  байгаа гэж хэлэх учиртай болно. Гэвч тэгж хэлэх гэхээр хэл ээдрээд явчихдэг тэр юуных вэ?
Өнгөрдөг өвөл /2003/ манай нийслэлийн агаарт 3200 килограмм нүүрстөрөгчийн исэл, 530 килограмм нүүрсхүчлийн хий, 27 кг азотын исэл, 93 кг нүүрс ус төрөгч цацагдаж “аргалын утаа боргилсон малчны гэрээ” орхиод хот шилжиж ирсэн хүмүүс “нүүрсний утаа, машины угаар багширсан” нийслэлдээ хахаж цацаж ханиалгаж өвөлжлөө.
Тийнхүү өвөлжихдөө өвчилсөн нийт хүний өвчлөлийн 62,6 хувь нь амьсгалын эрхтний өвчин туссан байна. Аргагүй шүү дээ, нэг хүнд 117,8 кг хорт бодис ногдож байгаа юм чинь.
Манайд буй 1300 үйлдвэр аж ахуйн нэгжүүд жил бүр 3800 гаруй тонн химийн бодис хэрэглэдэг бөгөөд түүний 700 тонн нь усанд, 70 гаруй тонн нь агаарт, 600 орчим тонн нь газрын хөрсөнд хаягддаг, ийм үйлдвэрүүд бараг цөмөөрөө нийслэлд байгаа билээ.
Химийн бодис, хольцтой усыг ууж, тийм агаараар амьсгалж, тийм газар дээгүүр алхаж явдаг хүмүүсээс 622 нь хордож, 400-гаад нь эмчийн хяналтад байгаа ажээ. Жил бүр дунджаар 1240 хүн хордлого авдаг нь жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Нийслэлд өвөл цагт гудамж талбайд мөс тогтож, хальтиргаа гардаг нь сүүлийн жилүүдэд байнгын үзэгдэл болсон тул ажил албандаа, сургууль номдоо явах замд хальтирч ойчдог,тэгээд бэртэж гэмтдэг нь элбэг. Өнгөрдөг өвөл өдөрт 100- 120 хүн хальтирч ойчсонооос гэмтэж бэртэж байлаа.
Сүхбаатрын талбайг шил толь шиг шигтгээн хавтанцаруудаар “гангалснаас” болоод өвлийн цагт хүмүүс төв талбайд “чөмгөө ташдаг” гэсэн яриа гарсан. Өнгөрдөг өвөл нэг танидаг зохиолч маань хальтирч ойчоод гэмтлийн эмнэлэгт хүргэгдэхэд “ та чинь талбай дээр унаж хөлөө хугалсан 28 дахь хүн боллоо” гэж сувилагч нар хэлсэн гэдэг.
Тэр бол тийнхүү хөлөө гэмтээсний нь миний мэдэх гурав дахь зохиолч юм гээд бодохтий. Энэ өвөл харин халтиргаа арай бага бололтой тул бүү нэмэгдээсэй гэж залбирмаар.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч , Доктор Л.Түдэв

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих