Ял шийтгүүлсэн хүүхдүүдийн 7,5 хувь нь хоригджээ

27ae4a7fde52e0f0f4b3f6507837c4eb_LШүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдэд ял оногдуулахдаа шийтгэн цээрлүүлэхийг урьтал болгох бус, харин тэдгээрийг хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч ажиллаж буй талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн судалгаагаар 2012 онд насанд хүрээгүй 570 хүүхэд ял шийтгүүлжээ. Үүнээс 428 хүүхдэд хорих, 132-т нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үлдсэн 3 хүүхдэд бусад төрлийн ялыг оногдуулжээ. Хорих ял шийтгүүлсэн нийт хүүхдийн 382-ийнх нь ялыг хуульд зааснаар хойшлуулсан байна.

Харин 43  хүүхдэд буюу 7.5 хувьд нь л хорих ялыг биечлэн эдлүүлсэн бөгөөд тэдгээр нь онц хүнд буюу хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл давтан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд аж. Сүүлийн 4 жилийн байдлаас үзэхэд насанд хүрээгүй хүүхдэд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар хойшлуулсан тохиолдол тасралтгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, 2009 онд 113, 2010 онд 353, 2010 онд 362, 2012 онд 382 хүүхдийн хорих ялыг хуульд зааснаар хойшлуулсан аж.

Мөн судалгаанаас үзэхэд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн 4 жилийн турш өссөн бол энэ оны эхний улиралд буурчээ.  Тухайлбал, 2009 онд 386, 2010 онд 451, 2011 онд 542, 2012 онд 570  хүүхэд   шүүхээс ял шийтгүүлсэн байна. Харин 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар 141 хүүхэд ял шийтгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17-оор буюу 10.8 хувиар буурчээ.

Я.Баяр

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих