Ам, ажил нь зөрсөн даргын “ALL IN”-дэж “цацсан” лицензүүд

Эрхэм хууль тогтоогчдын юм л бол гар хүрчихээд байдаг хуулийн нэг нь Ашигт малтмалын тухай хууль. Энэ хуулинд сонгуулийн өмнө гар хүрэхгүй л бол болдоггүй улстөрийн болоод ашиг сонирхол, эдийн засгийн олон учир шалтгаан бий. Мөн манай улсад тогтсон үргэлж хэрэглээнийхээ араас сажлан, цаг үеэсээ хоцорч хууль нь мэндэлдэг жишгийн дагуу энэ хуулинд өөрчлөлт оруулахаас аргагүй нөхцөл байдлууд ч амьдрал дээр багагүй үүсчээ. Хуулийн шинэ төслийн талаар АМГ-ын дарга Д.Батхуяг цэнхэр дэлгэцээр ярьж байна. “Шинэ хуулинд ард иргэдийн саналыг түлхүү тусгамаар байна”, “Оны өмнө амжиж саналаа өгөөч гэсэн сурталчилгаа нэлээд явуулсан, одоо бас жаахан явуулна”, “Өмнө нь урт нэртэй хуулийг батлагдахад манай компаниуд дуугүй яваад байхаар нь болж байна гэж бодсон чинь батлагдсаны дараа гэнэт л олон юм яриад босоод ирсэн, одоо тэгмээргүй байна” гэж ноён дарга ярилаа.

-“Браво”, даргын хэлсэн бүхэнд алга нижигнүүлэн ташъя.
Харин алгаа хорстол ташихаасаа өмнө харах нэг зүйл байна. Магнай тэнийтэл сайхан ярьдаг дарга олны нүдний гадуур, хөшигний ард Засгийн газрын тогтоолыг давж, хэрхэн дураараа авирлаж лиценз гэгчийг “цацаж” байсантай танилцаж үзлээ.

Монгол улсын Засгийн газраас “Талбайг нөөцөд авах тухай” 86 дугаар тогтоол гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасны дагуу Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нөөцөд авах тухай гарсан энэ тогтоол нь 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гарчээ. Тогтоолын 1 дүгээр хавсралтад 25 төслийн талбайг нэр зааж 2 жил 9 сарын хугацаатайгаар улсын нөөцөд авсан байна. Гэвч энэхүү нөөцөд авсан 25 талбайн 22-т нь ямар нэг байдлаар давхцуулж нийт 118 тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүний 106 тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 86 дугаар тогтоол гарахаас өмнө, 12-ыг нь тогтоол гарсны дараа олгосон байна. Геологийн судалгаа гүйцэтгэж байгаа талбай дотор давхцуулан олгосон энэ олон лицензийн 105 нь хайгуулын, 13 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байжээ.
Ашигтай малтмал дээр сандайлагчийн амнаасаа зөрж олгосон лицензүүд:
Баримт 1
“Улаандөл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Цагаан шил” нэртэй газрын 161 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хайгуулын 14625Х тусгай зөвшөөрлийг олгосон.
Баримт 2
“Лакимарт” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Ховд аймгийн мянгад сумын нутагт орших “Харуул” нэртэй газрын 3159 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хайгуулын 14583Х тусгай зөвшөөрөл олгож орхижээ.
Баримт 3
“Ньюскай хорсе” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших “Худаг овоо” нэртэй газрын 962 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хайгуулын 14682Х тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Баримт 4
“Сантавиач” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших “Бурхантын булаг” нэртэй газарт 282 гектар талбайд 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтын 15888А тусгай зөвшөөрлийг олгожээ. Энэ нь алт олборлох зөвшөөрөл юм байна.
Баримт 5
“Спейшлмайнз” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших “Цагаан овоо” нэртэй газрын 114 гектар талбайд 2009 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ашиглалтын 15109А тусгай зөвшөөрлийг өгчээ. Энэ талбай мөн л алттай талбай аж.
Баримт 6
“Спейшлмайнз” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших “Цагаан овоо” нэртэй газрын 76 гектар талбайд 2009 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ашиглалтын 15110А тусгай зөвшөөрлийг өгчээ.
Баримт 7
“Гүнцэб” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших “Өлзийт хошуу” нэртэй газрын 44067 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хайгуулын 14692Х тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Баримт 8
“Монголсанчуан” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт орших “Цагаан өндөр уул” нэртэй газрын 27109 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын 14874Х тусгай зөвшөөрлийг өгсөн байна.
Баримт 9
“Алтайлэндрисорсес” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Жаран” нэртэй газрын 19759 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хайгуулын 14861Х тусгай зөвшөөрлийг өгчээ.
Баримт 10
“Си Ти Ар” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Хүдэрт” нэртэй газрын 4785 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хайгуулын 14863Х тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Баримт 11
“Эрэл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл
Ховд аймгийн Булган сумын нутагт орших “Загийн хар уул” нэртэй газрын 5204 гектар талбайд 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хайгуулын 14850Х тусгай зөвшөөрлийг олгосон нь бүгд Засгийн газрын тогтоолыг давж гарсан үйлдлүүд юм.
Эд бүгдээрээ Засгийн газрын 86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан талбай бүхий орд газруудад олгогдсон лицензүүд юм.
“Чоно борооноор” гэдэг шиг эрх мэдэлтэн, албан тушаалтан хууль бус зүйлийг хийхдээ нэг дор бөөнддөг болох нь дээрх тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг нэг өдөр “ALL IN”-дэж “цацсан”-аас харагдана.
Хууль номоороо бол нөөцөд авсан талбайг гурван үндэслэлээр л чөлөөлдөг. Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан бол, талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан бол, мөн тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцэлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэсэн, улсын өтсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийж, ашигт малтмал эрэх, хайх ажил гүйцэтгэгдэж дууссан бол нөөцийн талбайг чөлөөлдөг. Д.Батхуяг дарга нэг гараараа нөөцөд авсан талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх ажлыг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтод үүрэг болгосон хэрнээ нөгөө гараа Засгийн газрын тогтоолын дээгүүр уртаас урт сунган давж лиценз тарааж суужээ.

Ж.Жаргалсайхан

масс

URL: http://www.fact.mn/10492.html

Сэтгэгдэл бичих