Н.Удвал шахагдаж, сонгууль хоёр шаттай явагдах уу

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагдана гэх урьдчилсан таамаглалыг амтай бүхэн тодотгох боллоо. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгууль хоёр шаттай явагдаж, УИХ-ын гишүүнийг тодруулсан шиг үйл явдал дахин давтагдах нь.
Үүнд сонгогчдын ирц гэхээсээ илүүтэй 50 хувиас илүү буюу нийт сонгогчийн олонхийн санал авахгүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр эрхмийн дунд хоёр дахь шатны сонгууль явуулах учиртай.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 62.1-д “Нэр дэвшигчдийн хэн нь ч санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” хэмээн заасан байдаг.
Мэдээж хоёр дахь шатны сонгуульд хоёр л нэр дэвшигч тунаж үлдэнэ. Урьдчилсан байдлаар Н.Удвал эхний шатанд хасагдаж, МАН, АН-ын нэр дэвшигчид тунаж үлдэнэ гэх таамаглал бий. Гарааны зурхайгаас гурван нэр дэвшигч хөдөлсөн.
МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Соёлын төв өргөөнд сонгуулийн сурталчилгааны нээлтийг хийгээд Хэнтий аймгийн зүг жолоо мушгисан. Бөхөө дээдэлдэг монголчууд аваргыг халуун дотноор хүлээн авч байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна.
Аваргын тухайд ард түмний шүүлтүүрээр, дээр нь намынхаа бага хурлын гишүүдийн олонхийн саналаар нэр дэвших тийз өвөртөлсөн нэгэн. Намын даргатайгаа өрсөлдөж, нам дотроо үзүүр, түрүү булаалдаж, түрүүлсэн нэгэн ч гэж зүйрлэж болно.
Харин АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухайд Монголын хөрсөн доороос олборлосон “Монгол 93″ шатахуунаар машинаа цэнэглээд наран мандах зүг Дорнодыг зорьж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн юм. АН-ын ҮЗХ-ны хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дахин нэр дэвших эрх өвөртөлсөн нь энэ.
Түүний хувьд өнгөрсөн хугацаанд архи биш сүү өргөж, шүүхийн байгууллагад ардчиллын салхи сэвэлзүүлсэн гээд хэлэх үг, хийсэн ажилтай нэгэн гэж тодотгож болохуйц. Хамгийн анхны эмэгтэй нэр дэвшигч болох Н.Удвалын тухайд нэг хоногийн хойно сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн.
Уг нь Н.Удвалыг нэрээ татаж, угшил нэгт ах намыг дэмжиж ажиллах болов уу гэх хүлээлт нийгэмд байсан нь нууц биш. Гэвч хүлээлт талаар болж, ах намынхны горьдлого тасарсан. Хачирхалтай нь, Н.Энхбаяр яагаад ийм сонголт хийв гэдэг эргэлзээтэй асуулт л хариулт нэхэж үлдсэн юм.
Гэхдээ асуултын гаргалгаа тун энгийн мэт. УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон хүн энэ удаад ялалт байгуулахгүй. Бүр магадлал 50 хувьд ч хүрэхгүй гэдгийг экс тун сайн мэдэж буй.
Нөгөөтэйгүүр, толгойлж байгаа салбар нь доголдолд орж, эрүүл мэндийн байгууллага элгээрээ мөлхөх шахсан үед эрсдэлтэй алхам хийх нь хэнд ашигтай байх уу. Магадгүй МАН-ын саналыг л хуваах эцсийн ганцхан зорилготой байх.
Түүнийг саналын тоог хангалттай хувааж чадна гэдэгт мөрийцсөн ч болно. Түүнээс биш анхны эмэгтэй нэр дэвшигч гэх тодотгол ялалт авчрахгүй. МАХН, МАН болж хоёр салж, гишүүд, дэмжигчдээ ч тэр хирээр зааглаж, тасалсан. Иймээс энэ хирээр санал хоёр хуваагдана.
Хэдийгээр бие нь сульдаж, ухаан нь балартаж байгаа ч МАХН-ын дарга энэ бүхнийг сайтар мэдэж байгаа. Тэр анхнаас нь энэ бүхнийг тооцсоны үндсэн дээр тоглолтоо эхлүүлсэн. Түүний энэхүү тоглолт хаана хүрч, хэнд ямар үр дагавар авчрахыг ч урьдчилан таамаглачихсан.
Бүр алган дээрээ тавьсан мэт харж суугаа гэхэд хилсдэхгүй болов уу. Иймээс Н.Удвал авхайн ачаар санал хуваагдаж, энэ удаагийн сонгууль ялагчгүй болох магадлал өндөр байгаа юм. Хэрэв таамаглал батлагдвал түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай явагдах нөхцөл үүснэ.
Тэр үед Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын дунд жинхэнэ өрсөлдөөн өрнөнө гэх урьдчилсан дүгнэлтийг улс төр сонирхогчид дэвшүүлээд байна. Хоёр шаттай сонгууль болсон тохиолдолд сөрөг хүчин нь ялалт байгуулах магадлалтай нь олон улсын практикаас харагддаг. Иймээс аваргад аз болж мэдэх л юм.
Д.Дорж
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих