Нэр дэвшигчдийн давуу, сул талууд
Давуу тал
УИХ-ын сонгуульд эрх баригч нам ямагт давуу байдалтай ордог. Үнэхээр муу ажиллаж ард түмнийхээ итгэлийг алдчихаагүй л бол эрх мэдлээ ашиглан иргэдийн сэтгэлийг татах боломж нээлттэй бий. Яг үүн шиг Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд сууж байгаа нь Ц.Элбэгдоржийн хамгийн давуу тал. Учир нь, тэрбээр иргэдийн итгэлийг тэгтлээ алдчихаагүй байгаа. 2009 онд анх нэр дэвшихдээ “Шударга байцгаая” гэсэн уриа дэвшүүлж оролцсон бөгөөд түүний мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудаас “Авлигатай тэмцэнэ”, “Шүүхийн шинэчлэл хийнэ”, “Цүнхний лицензүүдийг үгүй болгож газар нутгаа гадны компаниудаас салгаж авна” гэсэн амлалт иргэдийн саналыг татах гол үндэслэл болсон юм. Энэ хоёр ажил эхнээсээ хэрэгжээд явж байгаа.
Ерөнхийлөгчийн шууд эрх мэдлийн хүрээнд хийгдэх боломжтой учир ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах ажил сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжээд явж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ сүүлийн дөрвөн жилд 4111-ээс 2239 болж буурсан гэсэн үзүүлэлттэй. Харин Шүүхийн шинэчлэлийн асуудал одоо л хийгдэх гэж байна. Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн захиргааны тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зэрэг Шүүхийн тухай багц зургаан хууль 2012 оны тавдугаар сард УИХ-аар батлагдан хэрэгжиж байна. Ер нь энэ гурван ажил л түүнийг авч гарах боломжтой.
Сул тал
Харьяалагдаж байсан намынх нь 2012 оны УИХ-ын сонгуульд байгуулсан ялалт түүнд гай болох төлөв ажиглагдаж байна. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгууль намтай бараг хамаагүй шахуу. Төрийн тэргүүн хүн сонгогдмогцоо намын харьяаллаас татгалзаж, нийт монголчуудын ашиг сонирхлыг илэрхийлэгч болдог. Гэвч сонгогчид ч, улстөрчид ч намын харьяаллын асуудлыг хөндсөөр байгаа юм. Сөрөг хүчний байранд очсон МАН-ын гишүүд “Ерөнхийлөгч авлигачидад алаг цоог хандаж байна” гэх мэт шүүмжлэлийг байнга хэлэх болсон. Төрийн тэргүүн хүн тэр болгонд тайлбар хийгээд байх боломжгүй. Сөрөг хүчнийг дуугүй болгох амаргүй. Ийм байдал түүний сонгуулийн ажилд гай л болно. Түүнийг унагах бас нэг хүчин зүйл нь монголчуудын оюун санаанд хоногшчихсон “Улс төрийн тэнцвэр”-ийн тухай ойлголт. Гол өрсөлдөгч МАН одоо энэ ойлголтыг өөрсөддөө ашигтай эргүүлэхээр чармайж байна. Төрийн гурван өндөр албан тушаал бүгд нэг намынх байвал бурангуй байдал газар авах болно, энэ гурвын аль нэг нь өөр улс төрийн хүчний мэдэлд очиж байж гэмээ нь тогтвортой байна гэсэн энэ үзлийг цагтаа АН ч идэвхтэй сурталчилж байсан. Харин одоо тэс хөндлөн юм яривал тэр нь эргээд сөрөг хүчний “олз” болж мэднэ.
Бас нэг барцад нь энэ удаагийн сонгуулийг өмнөх хоёр сонгуультай хольж хутгаад байгаа явдал. Ард түмэн “Ардчилсан нам хоёр ч сонгуульд ялалт байгуулсан” гэдгийг мэдэж байгаа. “Төрийг тогтворжуулах” механизм нь ажиллаж эхлэх гээд л байна. Гэтэл Ардчилсан нам “Одоо Ерөнхийлөгчийн сонгуулйиг л авчихвал…” гэх зэргээр сурталчлах болсон нь нэр дэвшигчид гай болж мэднэ. Монголчууд давруу занд дургүй, “Битгий давар” гэж хэлж чаддаг ард түмэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль бол өмнөх хоёр сонгуулиас огт өөр гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал болов уу.
МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ
Давуу тал
Монгол төрийн наадам, түүнтэй адилтгах наадмуудад 12 түрүүлсэн хүчит аварга гэдэг нэр хүнд түүний хамгийн гол давуу тал. Тэрбээр зөвхөн үндэсний бөхөөр амжилт гаргаагүй, их спортоор хичээллэж, самбо бөхийн дэлхийн аварга цолыг гурван удаа хүртсэн билээ. Жүдо бөхөөр 1990 оны Азийн наадамд үзүүрлэж явсныг нь ч энд дурьдахгүй өнгөрч боломгүй. Энэ их нэр хүнд нь түүнийг улс төрд оруулсан бол одоо Ерөнхийлөгчид өрсөлдөж байна. Их аварга маань улс төрд хөлөө олох гэж багагүй хугацаа зарцуулсан ч үр дүнд нь тун ч сайн төлөвшсөн гэдэг нь үнэнтэй. Монгол эр хүний уужуу ухаан, эх орноо гэсэн үнэн сэтгэл аваргад бий.
Хэрвээ энэ талыг чухалчилбал Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой. Түүний яагаад ч дурьдахгүй өнгөрч болохгүй бас нэг чанар бол эх нутгаа, байгаль дэлхийгээ хайрлах хайр юм. Дорнын чимэг болсон тунгалаг мөрөнг говь руу урсгах шийдвэр гарах гэж байгааг мэдээд тэрбээр “Хэрлэн мөрөн хэрчигдэх ёсгүй” хэмээн чанга дуугарсан. Их аваргын байгалиа гэсэн сэтгэлийг хүмүүс зөвхөн дээрх үйл явдалтай холбож бодох нь элбэг ч тэрбээр дээрх чанараа өмнө нь олон удаа харуулж байсан нэгэн. Ялангуяа хэнтийчүүд энэ талаар байнга ярьдаг юм билээ. Нутгийнхны шүтээн болсон “Зүрх” уулыг алтны компани ухаж эхэлснийг мэдээд тэрбээр газар дээр нь очиж болиулсан гэдэг. Хэнтийд нэр хүндтэй байдгийн бас нэгэн шалтгаан нь энэ болов уу.
Сул тал
Анх удаа нэр дэвшч байгаа хүн болгонд байдаг “Цэвэр нэр” гэдэг давуу тал аваргад бий. Үүнийгээ ч гол “зэвсэг” болгож “Миний нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” хэмээн сурталчилж байна. Гэвч энэ сурталчилгааг нь ойлгоход бэрх. Улстөрч хүн сонгуульд оролцохдоо өрсөлдөгчөөсөө давуу чанаруудаа л сурталчилдаг жамтай. Гэтэл Ц.Элбэгдорж, Н.Удвал хоёр нэр бохир хүн үү гэвэл тийм биш. Аль, аль нь нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлтийг хангаад ороод ирсэн. Энэ тохиолдолд Б.Бат-Эрдэнэ аваргын цэвэр байдал давуу тал болохгүй юм.
МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал түүнтэй санал хуваах магадлал өндөр. Хүн нь биш ч гэсэн МАХН гэдэг нэр хөдөөгийн сонгогчдын сэтгэлийг татсаар л байгаа. УИХ-ын сонгуульд 20 гаруй хувийн санал авч байсан амжилтаа энэ удаа давтвал сонгогдох магадлал аваргад бараг л үлдэхгүй.
Бөхийн нэр хүнд түүнийг УИХ-д суулгасан ч Ерөнхийлөгчийн суудалд хүргэх нь эргэлзээтэй. Монголчууд бөхдөө хайртай, хүндэлж, юугаар ч дутаалгүй сайхан амьдруулдаг ч өөр ажил хийлгэх дургүй. Энэ үзэл сонгуульд нөлөөгөө үзүүлж мэднэ.
МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал
Давуу тал
Эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг нь түүний хамгийн том давуу тал. Эмэгтэй сонгогч болгон Н.Удвалыг дэмжвэл тэр Ерөнхийлөгчөөр баараггүй сонгогдоно. Олон нийтийн санаа бодол эмэгтэй улс төрчдийг дэмжих хандлагатай байгаа. АН-аас УИХ-д сууж буй эмэгтэй улстөрчид ч манай, танай нам гэж ялгалгүй ганц эмэгтэй нэр дэвшигчээ дэмжиж байгаа. Энэ нь цаанаа МАН-тай санал хуваалгах санаатай холбоотой байж магадгүй ч Н.Удвалд яалт ч үгүй том дэмжлэг. Иргэдийн дунд “Эмэгтэй хүн гараад ирвэл УИХ дотор “уралцаад” байгаа хоёр намыг эвлэрүүлж, эмэгтэй хүний хатан ухаанаар зохицуулаад явчих болов уу” гэсэн яриа байна. Үүнийг үгүйсгэх ч аргагүй билээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оронд нэр дэвшлээ гэсэн пи ар хийж байна гэсэн. Энэ нь санал татах магадлалтай.
Сул тал
МАХН гэдэг нэр түүний хувьд том дэмжлэг болж байгаа нь маргаангүй ч бас түүнээсээ олон хүнийг үргээх магадлалтай. Учир нь, улс төрд Н.Энхбаярын нөлөөнд ажилладаг байсан хүн Ерөнхийлөгч болоод энэ байдлаасаа гарч чадах болов уу гэсэн эргэлзээнд оршиж байна. Тодруулбал Н.Удвал лидер биш. Тэгэхэд Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нар өөр өөрсдийн салбартаа маргаангүй лидер байж үзсэн хоёр. Ийм туршлагатай өрсөлдөгчийг ялах нь түүнд амаргүй байх болно.
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: