Авлигын талаар хэн юу хэлэв?

Энэ сэдвээр хангалттай ихийг ярьсан ч гэлээ тэр дунд чухам нүдийг нь олж хэлсэн, гарц заасан үгс ховор байдаг. Тэгвэл энэ удаад авлигын эсрэг тэмцэх нь яагаад чухал гэдгийг, мөн шударга ёс энэ ойлголттой хэрхэн уялддагийг товч тодорхой хэлсэн ишлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.

“Авлигыг үл тэвчих сэтгэлзүй дөнгөж бүрэлдэж эхэлж байна”
УИХ-ын дарга З.Энхболд:
-Авлига өөрөө их хэцүү сэдэв. Авлигатай тэмцээд ард нь гарч байгаа Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж. Бусад нь бас тэмцдэг л байсан байх. Гэхдээ энэ тэмцлийн үр дүнд нөгөө авлига нэхдэг хүмүүс нэхэхээсээ эмээдэг болсон. Яагаад гэхээр нэхээд аваад тэр мөнгөө яаж ч нуусан байсан илэрч байна. Банкны данснаас илэрч байна,  сейфнээс илэрч байна.

Тэрийгээ хураалгаж байна. Тэгэхээр шударгаар ажиллаад явья даа гэж боддог төрийн албан хаагчийг тоо өдөр ирэх тусам  нэмэгдэж байна. Энэ л авлигатай тэмцсэн ажлын үр дүн юм. Гэхдээ авлигатай тэмцэх ажил дуусаагүй. Дахиад хийх юм өчнөөн байна. Бид авлигатай тэмцэхдээ Хонкхонгийн туршлагыг нэвтрүүлсэн. АТГ-ын хуулийг гаргахын өмнө би явж туршлага байсан, гишүүн байх даа.

Хонкхонг 1950 оны сүүлч 60-аад он гэхэд дэлхийн номер нэг авлигатай улс байсан байна. Өнөөдөр номер нэг авлигагүй улс болсон. Авлигыг үл тэвчих нийгмийн уур амьсгал нийгэмд бүрдүүлэх нь  хамгийн үр дүнтэй юм билээ. Соён гэгээрүүлэх ажлын зэрэгцээ авлигын хэргүүдийг дор дор нь илрүүлээд шийдэж чаддаг байх юм бол үнэхээр буурдаг юм билээ. Манайд өнөөдөр авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэлзүй дөнгөж бүрэлдэх гээд эхлэлийн төдий яваад байна. Улам илүү эрчтэй явах хэрэгтэй юм байна. Миний бодоход Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа бусад намын нэр дэвшигчид сонгуульд яллаа гэхэд энэ ажил улам эрчимжиж, үгүй юм гэхэд энэ хурдаараа явах биш зүгээр зогсонги байдалд орно. Энэ бол зоригтой хүний хийдэг ажил. Би нөгөө хоёр нэр дэвшигчийг тэгж харахгүй байна.

Авлига Монголыг дэс дараатай, логиктойгоор идэж байна

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:
-Монгол Улсад албан тушаалаа ашиглаж, өөртөө ашиг хонжоо олох энэ үйл явц өмч хувьчлалын үеэс эхэлсэн. Ер нь өмч хувьчлалын явцад улсын үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлэх, өөртөө хямдхан авах, танил талдаа өгөх явдал нэлээн хавтгайрсан л даа. Тэрнээс хойш авлигын тэлсэн хүрээ бүсийг аваад үзэхэд эхлээд өмчийн хүрээнд яригдаж байлаа. Дараа нь 90-ээд оны хоёрдугаар хагасаас хойш төсөв дээр яригдаж эхэлсэн. Төсвийн тэлэлт гэдэг нэрийн дор улсынхаа хуримтлалын ихэнхийг төсөвт төвлөрүүлээд тэрнээсээ түгээх, төсвийн амыг тендерээр тоссон баячууд, тендер дагасан хуваарилалтын эдийн засаг гэдэг ойлголт гарч ирсэн л дээ.

Дараа нь 2000 оны хавьцаагаас авлига ямар шинжтэй болов гэхээр төрийн албыг худалдаж эхэлсэн. Төрийн сонгуульд өрсөлдөхөд хүртэл намуудад мөнгө төлөх болсноос гадна сонгогчдодоо мөнгө тараах, санал худалдаж авах хэлбэрээр явж эхэлсэн. Энэ бол гурав дахь шат нь. Дөрөв дэх шат нь болохоор гомдол тавьдаггүйгээр нь  байгалийн баялгаа худалдах, лиценз наймаалах, газар нутгаа худалдах хэлбэрт шилжиж өргөжсөн. Хөдөө аж ахуйн эдэлбэр газраа ч худалдлаа, хот суурин газарт иргэдийнхээ эзэмшил газраа ч гадныхан, дотныхонд худалдлаа, сүүлдээ орд газруудаа ч худалдлаа шүү дээ.

Өнгөрсөн сонгуульдаа Ардын намынхны дэвшүүлсэн хөтөлбөрийг бодоод үзэхэд 30-50 тэрбум ам.доллар гаднаас авч байж бүтэхээр байсан. Өөрсдийн эдийн засгийн бололцооноос давсан зүйл амласан нь үүний цаадах бизнесмэнүүдийн төлөвлөгөө л гэсэн үг шүү дээ. Ер нь авлига гэдэг бол их дэс дараатайгаар, логиктойгоор ингээд Монголыг идэж байна. Сүүлийн үед авлигын асуудал ярихад ч хэцүү болж эхэлж байна. Би өглөө босонгуутаа цайгаа уучихаад сайтууд руу орж мэдээ уншдаг юм. Нөгөө л авлигын асуудлыг уншихаар нуруу руу хүйт оргиод явчих шиг болдог. Хүмүүсийн ярихыг сонсоод байхад үнэмшихэд хэцүү юм их байдаг юм ш дээ. Манай Эрдэс баялгийн сайдын маань хадам аав нь Хятадын газрын тосны газрын зөвлөхөөр ажиллаад тэндхийн хүндэт самбар дээр зураг нь тавиатай ч байж байх шиг. Ер нь манай төрийн албан хаагчид хоёр талдаа ажиллдага. Энэ бүхнийг харахад авлигын асуудалтай тэмцэх ажлыг тууштай явуулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой л байгаа юм.

Үнэт зүйл нь урвуугаараа эргэсэн цаг үе байсан юм шүү

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

-Сүүлийн үед салхи эргэж, “Үнэнээрээ байх нь сайхан юм” гэдэг үнэлэмж эргэж ирлээ. Энэ үнэлэмж алга болоод хүмүүс “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үзэлтэй, аль л буруу арга замаар амжилтад хүрэхийгээ сайхан юм гэж боддог үе байсан. юман чинээ тоохоо болиод байсан. Нийгмээрээ ийм хандлагатай болоод байсан.

Харин шударга ажиллаж байгаа хүнээ “энэ яасан тэнэг юм бэ” гэж хэлдэг, үнэт зүйл нь урвуугаараа эргэчихсэн цаг үе байлаа шүү дээ. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ажиллах хугацаанд үнэт зүйлийн салхи зөв эргэлээ. Үүнийг улам бүр зөв тийш нь залж, урагшуулж, үнэт зүйл, үнэлэмжээ бид олж авах хэрэгтэй байна. Үнэн, зөв гэсэн зүйл үргэлж урагшилдаг, хол явдаг тийм цаг үе рүү бид тэмүүлэх хэрэгтэй байна. АНУ-д хүртэл манай  Монгол орныг хамаг үнэт зүйл нь урвуугаараа эргэчихсэн байх үед замдаа таарсан бүгдийг нь хуураад худалдаад аваад гаргачихсан үнэт өвийг бид олж авлаа. Тэр бүх зүйлийг бид эргүүлж олж авч, үнэнээр бүхнийг гүйцэж авлаа. Эзэнгүй айлаас юу дуртайгаа аваад явдаг байсан үе өнгөрч, энэ улс орон эзэнтэй болжээ гэдгийг ойлгууллаа. Одоо энэ улс оронд шударгаар ажиллахгүй бол болохгүй юм байна гэж гадаад ертөнц ойлголоо. Энэ бол шударга ёсны нэг илрэл юм даа.

time.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих