Н.Алтанхуяг ууртай байна

50Ардчилсан намынхны бяр амтагдаад, багтаж ядаж буй бололтой. Ялангуяа даргынх нь. Уул хүртэл жижиг харагдаад эхэлдэг “өвчин” АН-ын дарга, Ерөн­хий сайд Н.Алтанхуягт нэвт шувт, гүн гүнз­гий тусчээ.

Монголчууд Н.Алтанхуягийг мэднэ дээ, уг нь.

“Нүдээрээ инээсэн заль­тай шинжтэй, гэхдээ аливааг зохицуулах на­рийн арга ухаантай, улс төрд түүн шиг хүн л хол явдаг. Одоо хар. “Женко” Х.Бат­тулга сая Н.Алтан­хуягаас өөр хүнийг бол түлхээд унагачихаар л цо­хилт өглөө шүү дээ”, эсвэл “Н.Алтанхуяг аргагүй сайн менежер юм.

Тэр олон фракцын учрыг олж удирдаад энэ сонгуульд намаа олон суудалтай болгож чадлаа. Зөөлөн нь хатуугаа.. гэж” гээд л манай үзэг нэгт нөхөд хийгээд улс төрийн хү­рээний­х­эн түүнийг бо­жий­тол магтаж, бичиц­гээж байсан сан. Энэ үе саяхан даа.

 

Гэтэл гүйцэтгэх засгийн тэргүүнээр найм­хан сар ажиллаад л таниг­дахгүй болтлоо өөрчлөгдөв. Ааг, бяраа багтааж ядан, дээрэлхүү, хяналтгүй үг­сийг унагах болов. Унагах ч гэж ийм үгээр шууд ярьдаг болжээ.

Өнгөрсөн долоо хоногт манай хэдэн сэтгүүлч Ерөнхий сайдын урилгыг хүлээж авав аа. Төрийн ордонд болсон энэ арга хэмжээний нэр нь “Ерөнхий сайд-30” бил үү, 29 ч  гэл үү. Юутай ч түүний хэвлэлийн албаныхны сэтгүүлчдэд хэлснээр бол зорилго нь их гоё. Ерөнхий сайд сэтгүүл­чидтэй цаг үеийн асууд­лаар нээлттэй ярилцана гэсэн юм. Урилга авсан сэтгүүлчид  очиж, уулзалт ч боллоо. Илэн далангүй гэх тодотголтой энэ ярилц­лага эцэстээ Н.Алтанхуяг гэдэг хэн ч халдашгүй хүний уур дургүйг хүргэж, сэтгэлийг нь тавгүйтүүл­сэн явдал болж хоцров. ТЕГ-ын даргын албан тушаалд Б.Ариунсанг томилсон явдал одоо ч хэл ам дагуул­саар л байгаа. Үүнийг асуухгүй өнгөрөх сэтгүүлч гэж юу байхав. Энэ талаар сэтгүүлчид тодруулахад мань хүн өнөөх л “Нэг агентлагийн дарга томилох эрхгүй би яачихсан хүн юм” гэсэн хариултаа өгчээ. Тэгээд ч зогсохгүй “Нэг агентлагийн дарга томилох эрхгүй, шүүх, цагдаад дуудагдаад явдаг над шиг Ерөнхий сайдыг дэлхийгээс хайгаар олоорой” гэж томорсон. Араас нь “Ядаж намайг хууль зөрчсөн гэсэн цаас гаргаж ирээд ярь” гэж басамжлав.Уурандаа л тэгж байгаа хэрэг.

Ер нь бол  Н.Алтанхуяг буруу томилгоо хийлээ, хууль зөрчлөө гэсэн асуудал байсгээд шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд очдог. Тэгээд аль аль дээр нь унана. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн буруу гэсэн дүгнэлтийг шүүх ч, цэц ч гаргадаг болов. Шийдвэрийг сонсоод тэр уурлана, бухимдана. Уур­лахдаа хавь ойрынхноо, ер хэнийг ч хамаагүй зан­дарна, загнана. Ингэхдээ гол төлөв үг хэлнийхээ хяналтыг алдчихна.

Хамгийн сүүлд, өн­гөрсөн долоо хоногт шүүх ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддоржийн гомдлыг авч хэ­лэлцжээ. Тэгээд “Засгийн газар буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг буруу шийд­вэр гаргасан байна. Ц.Нанзаддоржийг ажилд нь буцааж томил” гэж шийдэж. Тэр бас л уурлажээ. Дараагийн “Ерөнхий сайд-30” уул­залт дээрээ дориухан хариулт өгч, нэрээ цэвэр­лэхээр бэлдэж эхэлсэн сурагтай.

Яг одоо Төрийн өмчийн хороо гэж дотроо талцаад бужигначихсан, хэдэн ажилтан нь яахаа мэдэхээ больчихоод байна. Одоогийн дарга Д.Цогт­баатар нь Засгийн газраас томилогдсон, ха­рин хуучин дарга Ц.Нан­зад­дорж нь “Ажилдаа орж болно” гэсэн шүүхийн шийд­вэртэй. Хоёр дарга хэрсэн бух шиг бие биеэ муухай хар­чихсан байна гэнэ.

Ер нь Н.Алтанхуягийн хувьд хэл ам, хэрүүл зарга дагуулсан томилгоо, халаа сэлгээ нь юу ч биш ажээ. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэсэн нэг үг бий. Бас төрийн хүн үг бүрээ цэнэдэг бичигдээгүй зарчим бий. Харин мань эр бол үгүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саявтар Булган, Орхон аймагт ажил­лахдаа “Манай Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч байх эрдэмд бишгүй сайн суралцлаа. Харин ирэх дөрвөн жилд шаггүй ажиллана шүү, цаадах чинь” гээд л ярьж байх юм.

Өөрөө бол намаасаа нэр дэвшигчийг гайгүй сайн дэмжчихлээ гэж бодож суугаа бололтой. Ерөнхийлөгч байх эрдэм гэж юугаа ч хэлчихсэн юм, бүү мэд. Юутай ч Н.Алтанхуягийн ярианаас өнгөрсөн дөрвөн жилд мон­голчууд бид чинь дад­лагажигч Ерөнхийлөгчтэй байжээ гэсэн дүгнэлтийг хийхээс өөр аргагүйд хүрэв. Дадлагажина гэдэг тун базаахгүй ойлголт. Шууд утгаараа туршина гэсэн үг.

Ингэхээр Н.Алтанхуяг “Манай Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн албан тушаал дээр туршилт хийж үзлээ” гээд хэлчихэж байгаа хэрэг. Энэ нь явсаар ганцхан сарын дараа болох сонгуулийн санал хураалтад ч нөлөөлж магадгүй хэмээн судлаа­чид, учир мэдэх хүмүүс хэлж байна. Байж болох л дүгнэлт.

Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэмжээ хязгааргүй  “өссөн” үг, үйлдэл нь нийлээд дээрх дүгнэлтийг үнэн болгож ч болох юм. Хэрэв тэгвэл намын дарга нь нэр дэвшигчээ татаж унагалаа гэсэн үг.

Дааганаас унадаггүй, даравгараас… гэдэг юутай үнэн?!

 

Н.Номтойбаяр: Н.Алтанхуягийн цаана мөнгө угаах гэмт хэрэг байж магад

Д.ГЭРЭЛ /ЗУУНЫ МЭДЭЭ /

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шал­гуулахаар АТГ-т хүсэлт гаргасан билээ. Түүнийг АТГ-т шалгуулах болсон шалтгаан нь Таван­толгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэх 17 тэр­бумын тендерт төр­сөн дүүгийнх нь охин Г.Уян­гын “Говь повер” компани ялсантай холбоо­той гэнэ. Тэгвэл АТГ-аас МАН-ын бүлгийн гишүү­дийн хүсэлтийн хариуг албан ёсоор ирүүлжээ. Үүнд,  “АТГ-ын зүгээс  та бүгдийн хөндөж тавьсан асуудлыг хуулийн хүрээнд судаллаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендер хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байна хэмээн манай байгууллага үзлээ. Тиймээс уг хэргийг үргэлжлүүлэн шалгах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас авахаар хүсэлт хүргүүллээ” гэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендертэй холбоотой асуудал илэрч магадгүй нь. Бидний мэдээлэл гэмт хэргийн шинжтэй гэж хуулийн байгууллагынхан үзсэн байна. Ер нь Н.Алтанхуягийн цаана мөнгө угаах гэмт хэрэг байж болох юм.  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руулахаар манай бүлгийн тавьж байсан асуудлууд үндэслэлтэй байгаа учраас цаашид гүнзгийрүүлж ажиллана” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих