Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн балаг тасрахгүй нь

Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа билээ. Тэрбээр дүүргийн ИТХ-ын дарга болонгуутаа татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулж эхэлжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажилласан Н.Наранчулууныг 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Өнгөрсөн орон нутгийн сонгуульд МАН ялагдал хүлээснийхээ дараа долоохон хоногийн дараахь дахин сонгуулиар луйвраар ялалт байгуулахад нь тусалсан гэж дүүргийн Сонгуулийн хорооны даргыг татвар төлөгчдийн мөнгөөр шагнаж урамшууллаа гэсэн яриа дуулдаж байна.
Д.Бат-Эрдэнэ дүүргийн ИТХ-ын дарга болонгуутаа хороод руу 200 орчим сая төгрөгийн төсөв батлах гэж байна. Хорооны дэргэд Гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд шинээр бий болгож, гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор 210 сая төгрөгийн “урамшуулал”-ыг олгохоор болж байна.
Бусад дүүргүүдэд ийм зориулалтаар төсөв батлагдаагүй бөгөөд Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулангуутаа улсын мөнгийг хайр найргүй цацаж эхэлж буй нь энэ юм. Чингэлтэй дүүргийн 19 хороонд нийт 221 хэсгийн ахлагч ажилладаг.
Эдгээр хэсгийн ахлагч нарын дийлэнх нь МАН-аас орон нутагт нэр дэвшигчдийн шадар туслахаар ажилласан. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялалт байгуулахад шадарлаж ажилласан.
Хорооны хэсгийн ахлагч нар иргэдэд биш намд үйлчилдэг нь амьдрал дээр харагдсан бол одоо төсвийн мөнгөөр намынхаа бааз суурийг бэхжүүлэх ажлыг хийж эхэллээ. Чингэлтэй дүүрэг 100 гаруй мянган иргэдтэй.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын төсөв дүүргийн иргэдэд зориулсан олон нийтийг хамарсан нэн хэрэгцээтэй төсөвт зарцуулагдах ёстой. Гэтэл нэг нам ялж гарангуутаа бялуугаа хуваана гэдэг шиг сонгуульд ялалт байгуулахад хувь нэмэр оруулах хүмүүсээ татвар төлөгчдийн мөнгөөр шагнаж, урамшуулж, цалинжуулж байна.
Шинээр ч ажлын байр бий болгож байна. Энэ нь орон нутгийн удирдлагыг намыг санхжүүжүүлэх бааз суурь болгож байгаа тод жишээ. Орон нутгийн сонгуулиар ахмадуудын амралтанд ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өдөртөө 200,200-гаар хүмүүс аваачиж амруулж байсан тухай тэнд ажиллагсад ярьж байна.
Хуульд зааснаар сонгууль болохын өмнө дайллага цайллага, хүлээн авалтын арга хэмжээ явуулж болохгүй гэсэн хориглосон заалт байдаг боловч хууль зөрчиж гаршсан Д.Бат-Эрдэнэд хуулийн заалт огтын хамааралгүй байсан.
Тэр бүү хэл сонгуулиар Д.Бат-Эрдэнэ мөнгө тарааж байсан нь гэрчтэйгээр баримтаар цагдаагийн байгууллагаар нотлогдож шүүхээр орсон ч хууль мөн л түүнд үйлчлээгүй. Ер нь Д.Бат-Эрдэнэ гэдэг албан тушаалтанд хууль ерөөсөө үйлчилж ирээгүй.
Тэрбээр “Улаанбаатар зам засварын арчлалт” компанийн захирал, Нийслэлийн Авто замын газрын дарга, одоогийн хашиж буй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга гэх мэт өндөр албан тушаалд ажиллаж ирсэн.
Чингэхдээ өнгөрсөн хугацаанд тэрбээр авлига, албан тушаалын хэрэгт олонтаа сэжиглэгдэн шалгагдаж байсан, ёс зүйгүй төрийн албан хаагчдын нэг. Авлигатай тэмцэх газраас Д.Бат-Эрдэнийг шалгахдаа нэрээ сольж хуурамч нэрээр явдгийг нь хүртэл шалгасан.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг ярилцлага өгөхдөө “Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэр нь Д.Батмөнх. Тэрбээр ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон болохыг нь тогтоосон.
Тэгээд Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнчлэн хуурамч диплом хууль бусаар олж авсан, ашигласан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсч шалгаж байна” гэж дурдсан байдаг.
Нэрээ сольж, зүсээ хувиргадаг Д.Бат-Эрдэнэ сонгуулиар Чингэлтэй дүүргийн ард түмнийг хуурсан төдийгүй одоо дүүргийн ИТХ-ын даргын өндөр албан тушаалд ажиллахдаа татвар төлөгчдийн мөнгийг ончгүй зарцуулах боллоо.
ИТХ-ын дарга болсноосоо хойшхи Д.Бат-Эрдэнийн гадаад томилолтыг шалгаад нэг үзээрэй. Тэрбээр Япон, БНСУ явсан бол удахгүй ОХУ руу явна. Cap болгон шахуу дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нараа ээлжлэн дагуулаад л өөрөө явдаг.
Гадагшаа явахдаа наанадаж 10-20 сая төгрөг зарлагадана. Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүд, сайд нарыг жилдээ хоёр удаа гадаадад томилолтоор явна гэдгийг яриад байгаа. Гэтэл дүүргийн ИТХ-ын дарга ажлаа аваад л cap болгон гадаад руу зугаалах боллоо.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төсөв жилдээ 300 сая төгрөг орчим байсан бол энэ жил нэг тэрбум 700 сая төгрөгийн төсөвтэй болж “томорсон”. Д.Бат-Эрдэнэ ИТХ-ын дарга болонгуутаа автомашинаа сольсон. 59 сая төгрөгөөр шинэ автомашин худалдан авч тансагласан.
Хоёр жилийн өмнө авсан засгийн унаа байхад шүү дээ. Хувьдаа “Lexus-570″ цоо шинэ автомашинтай юм билээ. Дүүрэгт ИТХ-ын дарга дөнгөж болж очоод л иймэрхүү янзаар төсвийн мөнгийг салхинд хийсгэж байна.
Д.Бат-Эрдэнийг ИТХ-ын даргаар ажиллахаас өмнө “Улаанбаатар зам засварын арчлалт” компанийн захирлаар ажиллаж байхдаа бусдад зээл олгож мөнгө хүүлж байсныг нь аудитын шалгалтаар тогтоосон байдаг. Хуурамч нэртэй гэх Д.Бат-Эрдэнийн албан тушаал, эрх мэдлээ ашигласан авлигын түүх цааш хөвөрнө.
Б.Одмаа
Эх сурвалж: “Нийслэл таймс”

URL:

Сэтгэгдэл бичих