“Ургах наран” хорооллын гай хот тэлэлтэд тээг болж байна
Хотоос зайтай, эрүүл агаарт, дуу чимээгүй зэрэг үгсээр иргэдийг луйвардаж эхэлсэн төсөл бол “Монгол мөрөөдөл”. Харин энэ төслийн хүрээнд баригдаж өдгөө балгас болоод байгаа хороолол нь “Ургах наран”.
Өвөлдөө хөлдүү, зундаа өмхий тус газар ашиглалтад ороод таван жилийн нүүрийг үзсэн ч оршин суугчдын эрх ашгийг хамгаалах газар байсангүй. Тиймээс 2008 онд төслийн хүрээнд яригдаж байсан 10 мянган айлын “Ургах наран” хороолол баригдах вий гэхээс олон хүмүүс халширсаар ирсэн.
Гэсэн ч ус алдаж, бохир нь хальж, цахилгаан тасарч, өвөлдөө дулааны шугам нь хөлдчихдөг тус хорооллын үргэлжлэл өнөөдөр баригдсаар байгаад иргэд ихээр дургүйцэж байна.
Учир нь Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран” хорооллын ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар cap хүртэлх хугацаанд бохир тээвэрлэлтийн зардалд өр, авлага үүссэн гэх шалтгаанаар тээвэрлээгүй байна.
Улмаар бохирыг хөрсөнд шууд цутгаж, байгаль орчинг бохирдуулсан нь Монгол Улсын “Ариун цэврийн тухай” хуулийн 7.1-т зааснаар Хүн амын суурьшлын орчны эдэлбэр газрын хөрс нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдолгүй байна гэх заалтыг, 7.4-т зааснаар Хог хаягдпын тогтоосон цэгээс өөр газарт хог хаягдал хаяж, орчныг бохирдуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчжээ.
Мөн “Байгаль орчин хамгаалах тухай” хуулийн 21.3-т заасан оршин суугаа (оршин байгаа) орчноо болон нүүхдээ бууцаа цэвэрлэж, шаардлагатай бол ариутгаж байх, “Усны тухай” хуулийн 24.3-т заасан Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ зэрэг заалтуудыг зөрчжээ.
Түүнчлэн тус хорооллоос өдөрт гарах бохир усны хэмжээг тооцоолоогүй, багтаамж багатай бохирын цооног байгуулж ашигласан, тээвэрлэлт хэвийн биш байгаагаас шалтгаалж, 2011 оны арваннэгдүгээр сараас хойш бохир ус нь байнга халих болсон байна.
Хамгийн харамсалтай нь “Ургах наран” хорооллын хөрснөөс авсан дээжинд хийсэн лабораторийн дүнгээр “Хөрс IV зэргийн буюу нянгийн болон гэдэсний савханцраар их бохирдсон” гэж гарчээ. Тиймээс тус хорооллын оршин суугчид эрүүл орчинд амьдарч чадахгүй байгааг илтгэж байна.
Гэтэл “Монгол мөрөөдөл” төслийн хүрээнд яригдаж байгаа сайхан амлалтууд эхнээсээ нуран унаж, иргэд нь цутруу амьдарч байхад их хотын бухимдлаас түр ч хугарч байгаа нь дамжиггүй. Тиймээс хотыг хоёр тал руу өргөжүүлэх бодлого хэрэгжсэн ч хотоос гарч “аз турших” иргэд цөөрөөд байна.
Гэтэл манай улс хотын төвөөс алслагдсан бүс нутагт инженерийн шугам, сүлжээ татах ажлыг эхлүүлж, их хэмжээний хөрөнгө мөнгийг төсөвлөөд байна. Хэдийгээр энэ бүхний үр дүн хоёроос гурван жилийн дараа харагдах ч барилга байшингаа хотдоо л овоолоод байдаг хэт их бодлоггүй барилгын компаниас болоод хотыг өргөжүүлэх ажлын үзүүр иргэдийн хөсөр хаягдсан итгэлд тушуулж байна.
Өөрөөр хэлбэл, иргэд хотоос алслагдсан бүх л газрыг “Ургах наран” шиг төсөөлдөг болж. Үүнд, “Монгол мөрөөдөл” төсөл болон тэднийг дэмжин ажилласан тухайн үеийн хотын захиргаа буруутай.
Учир нь “Ургах наран” хорооллыг бий болгохоор 120 га газарт 468 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг төлөвлөж, үүнээс орон сууцанд 276,4 тэрбум, нийгмийн дэд бүтцэд 37,7 тэрбум, инженерийн дэд бүтцэд 153,9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоог гаргасан байдаг.
Гэтэл өнөөдөр тус хороололд ямар ч дэд бүтэц шийдэгдээгүй байна. Дээрээс нь тус барилгыг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяртай холбон үздэг. Харин тэрбээр “Би хотын дарга байхдаа Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд тус хорооллын “Монгол мөрөөдөл” төслийг дэмжсэн. Бусад ажлыг төслийн багийнхан хийсэн” гэх явцуу тайлбарыг хийсэн байдаг.
Мөн түүний Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах тус нь өнөөдөр ус болчихсон байгааг “Ургах наран” хорооллын бүх л оршин суугчид хэлнэ. Уг нь хотоос зайтай эхний барилга нь чанар сайтай ямар нэг асуудалгүй байсан бол хотыг зүүн тал руу тэлэх бүрэн боломж байлаа.
Түүнчлэн удахгүй V цахилгаан станц барих ажил тус хорооллын эсрэг талд эхэлнэ. Тиймээс цахилгаан станцыг дагаад төвлөрөл үүсгэх нь хотыг тэлэх бодит алхам болж чадна. Гэсэн ч “Ургах наран” хороолол барилгын чанараараа байрлалаа гутааж байгаа учраас орчим тойрных нь газар хүртэл үнэ хүндээ алдаж байгаа гэнэ билээ.
А.Чилүгэн
Эх сурвалж:
URL: