Алтан үеийнхний дуунууд “сахил хүртсэн биш шал дордов”
Бидний алтан үе гэж хүндэлдэг хосгүй авьяастнуудын зүрх сэтгэл, амьдралаас эгшиглэсэн урлагийн бүтээл олон бий. Тэд эх орны бахархал, эцэг эхийн хүндлэл, хайр сэтгэл, анд нөхөрлөлийг ая дуугаар хосгүй илэрхийлсэн байдаг. “Торгон хилийн зүг” гэсэн дууг өнөөдөр ч эрчүүд маань аялсаар.
“Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр хаачихна вэ гэж ирээд л дуулах нь тэртээ он жилүүдийн хүйтэн дайныг Монгол эрчүүдийн эр зоригоор хэрхэн ялсан үнэн түүхийг энэ дуу гэрчилнэ. Цаашлаад
… Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм…
гэсэн цаанаа л нэг утга агуулга төгс, ая эгшиг хосолсон энэ дууг сонсохоор нэг их тайвшралыг өгдөг сайхан аялгуутай, өгөөжтэй дуу. Таны, миний ч дуртай дуунуудыг нэг. Сайхан дуу аялмаар санагдсан үедээ зуун дамжсан өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй “Цэцэгчний хүслэн”-г сонсоно, бас өөрийнхөө хэмжээнд тэрүүхэндээ аялчихна.
Энэ дууны үгийг АУЗ П.Бадарч, нэрт зохиолт Г.Алтанхуяг хөгжмийг бичиж, Дарханы хэмээн алдаршсан МУГЖ Б.Энхбат аядуу цээлхэн хоолойгоор олны сонорт хүргэсэн нь өдгөө хүртэл ухаарал, уярал хайрласаар ирсэн. Гэтэл жил гаруйн өмнөөс SBN телевиз “Манай аялгуу” хэмээх нэгэн шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ нь ард олны сэтгэлд хоногшиж үлдсэн 20 гаруй аялгуу төгс дууг дахин эгшиглүүлэх зорилготой төсөл аж. Өөрөөр хэлбэл эдгээр дуунуудыг бидний үеийн рок попын залуу. дунд үеийн уран бүтээлчид дахин тайзнаа амилуулах юм байна.
Жишээлбэл, уг төслийн нэгдүгээр үед энэ цагийн авьяаслаг залуу дуучид гэгдэх Б.Маралжингоо, A Cool, Г.Тэнүүн, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа, ” Outlaw” , “Extacy” зэрэг уран бүтээлчид өөр өөрийн өнгө төрөхөөрөө сэтгэлд хоногшсон эртний дуунуудыг дуулсан.
Харин “Манай аялгуу-2″ төслийн хүрээнд эхний үедээ зэмлэл хүртсэн үү, аль эсвэл хүмүүст дуулсан дуунууд нь хүрсэнгүй юу арай түрүү үеийн дуучдыг оруулсан юм. Тухайлбал, СТА Т.Дэлгэрмөрөн “Чандмань эрдэнэ”, Gee “Амьдрал хайр дээр тогтдог”, Kiwi “Эхийн тухай дуу”, Нисванисийн Амгаа “Дорнод Монголын магтаал” МУГЖ Ж.Алтанцэцэг “Зүүдний шувуу” зэрэг дуунуудыг дуулав.
Гэсэн ч тэдний дуулсан дуу мөн л газар авсангүй. Учир нь зуун дамжин эгшиглэж буй эдгээр Дуунуудыг анхны Уран бүтээлчид нь дэндүү төгс бүтээсний илрэл байж болох. Өөрөөр хэлбэл, “Манай аялгуу” төсөл эдгээр төгс дуунуудыг сайжруулах биш, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж” орхилоо.
Уг төсөл жил гаруйн өмнө хэрэгжиж хамгийн түрүүнд A Cool “Цэцэгчний хүслэн”-г дуулсан. Энэ үед зурагт үзэж суусан эгч, ах нар маань “Энэ дуучдад дуулах дуу олддоггүй юм байх даа.
Дуулж чадахгүй байж эртний сайхан дууны ая, хэмнэлийг өөрчлөөд чихэнд наалдахгүй болгоод өөрчилчих юм” гээд л тун чиг дурамжхан хүлээж авч байсан. Мөн АЖ Б.Зангад гуайн дуулснаар олны сэтгэлд хүрсэн “Жаргаах зүрхэн” буюу
…Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь хө
Хүрэн зүрхний уяа юу даа хө… дууг дуучин Б.Маралжингоо дуулсан. Тэр сайхан дууг арай ч дэндүү болгожээ гэж олон хүн шагширч байсан даа.
Зангад гуай яах гэж ийм уран бүтээлчид энэ сайхан дуугаа өгдөг байна аа гэж гайхах нэгэн ч цөөнгүй байв. Дуучин Б.Маралжингоо хамраараа гунганаад л энэ дууг үнэхээр “үхүүлсэн” гэж хэлж болно. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Хүн бүхний мэддэг мундаг дууг хамаагүй оролдох хэцүү юм билээ.
Сайхан дуу хийх гэхээр ерөөсөө олигтой болж өгөхгүй, миний хоолойны өнгө дээр ч биш, доор ч биш, бас хэт хоолойгоо шахаж дуулаад байгаа юм шиг санагдаад нэлээд сандарсан” гэжээ. Тэгэхээр Б.Маралжингоо л лав “Жаргаах зүрхэн” хэр чансаа өндөр дуу болохыг мэдэрсэн шиг байгаа юм.
Түүний дараахан дал, наяад оныхныг ёстой л байлдан дагуулж байсан “Амьдрал хайр дээр тогтдог” дуу мөн энэ төсөлд багтсан. Ш.Дулмаагийн шүлэг, С.Цэрэнчимэдийн ая “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх сайхан дууг манай эстрадын дууны нэрт төлөөлөгч Н.Төмөрхуяг олны сэтгэлд хоногштол дуулсан.
Эвлэг зөөлнөөр хорвоог аргадах мэт дуулсан нь энэхүү дууг өдий хүртэл дуулагдсаар ирэхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Гэтэл энэ төсөлд ороод “Сахил хүртсэн биш шал дордов” гэгч болжээ. Сонсоод л баймаар уян ая, дуулаад л баймаар сайхан үгтэй энэ дууг реппер Gee “бусниулж” орхив.
Gee энэ сайхан дууны аян дээр нь өөриинхөө хэлхсэн хэд гурван үгийг хэлж, дахилт хэсгээр нь Н.Төмөрхуяг гуайн дуулсныг оруулсан. Нөгөө сайхан уянгалаг дуу маань ингээд хип хоп дуу болж хувирах нь тэр.
Төслөөс гарсан “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх шинэхэн хувилбарыг Н.Төмөрхуяг гуай сонсох үедээ өөрийнх нь дуулсан дахилтын хэсэгт нулимс унагаж харагдсан. Арга ч үгүй биз “Амьдрал хайр дээр тогтдог” гэх сайхан дуу байсан эсэхийг үр хойч маань мэдэхгүй болтол нь өөрчилсөн “Манай аялгуу” төслийнхөнд гомдсондоо тэр биз ээ.
Харамсалтай нь XX. зуунд зохиогдсон энэ сайхан урлагийн бүтээлүүдийг зуун дамжин мөнхрүүлж чадсан хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучдын дийлэнх нь энэ хорвоо дээр байхгүй. Тиймээс бидэнд үнэт өв болгон үлдээсэн энэ мэт дуунуудыг хойшид ч зэрэмдэглэхгүй авч явах нь эрхэм үүрэг болоод байна.
Б.Дэлгэр
Эх сурвалж:
URL: