Сонгуулийн зардлын сан байгуулж, данс нээлээ

2ea7bf7f3b1670977aa6b5b00fc6b7f0_LЕрөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Ардчилсан Нам, Монгол ардын нам, МАХН сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээснээ Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш 5 хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэж, үүнийгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгдэж, нийтэд зарлах хуулийн заалттай. Энэ хүрээнд сонгуульд өрсөлдөх намууд тус бүр сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэсэн тухай мэдээллээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байна. Харин энэ дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулах ёстой.

Зардлын санд төвлөрсөн хөрөнгийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, мөнгөн урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар хуульд заажээ.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих