Чуулганыг завсарлуулах эсэх нь шийдэгдээгүй байна

72c467482339fb1363b4c01596c51a1f_LЕрөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулах эсэх асуудал ирэх долоон хоногоос шийдэгдэх юм байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр ээлжит тойм мэдээллээ хийж, сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах гэж байна гэсэн мэдээллийн талаар тайлбар өгсөн юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн 2005, 2009 оны сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байсан. Чуулганыг түр завсарлуулах асуудлыг УИХ-ын даргын захирамжаар шийдвэрлэдэг. Энэ удаагийн сонгуультай холбогдуулан чуулганыг түр завсарлуулах асуудлын талаар одоохондоо яригдаагүй байна. Ирэх долоо хоногоос шийдэх байх” гэлээ.
Харин УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны тухайд өнөөдөр хуваарь ёсоор гурван намын бүлэг, ажлын хэсэг хуралдсан бол маргааш 5, пүрэв гарагт 1, баасан гарагт 2 ажлын хэсэг хуралдах хуваарьтай байна.
Байнгын хороодын тухайд маргааш болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл мөнгөний зарцуулалтын талаарх саналыг сонсч, “Занарын тосны технологийн тухай” Монголын занарын холбооноос танилцуулга хийх юм.
Мөн энэ долоо хоногт байнгын хороодоор “Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Урт нэртэй” хуулийн болон хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын мэдээллийг тус тус сонсохоор төлөвлөжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж, “Засгийн газрын цаг”-аар Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих