Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцах Монгол оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ

272afcf7fec66e45774ad9a2da6df643_LМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн 78 дугаар зарлиг гаргасан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болдоос тодруулга авав.

-Ерөнхийлөгчийн зарлигийн гол санааг хэлж өгнө үү?
-Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмших хүсэл сонирхол нь улам нэмэгдэх боллоо. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч тэдгээр залуусын ихэнхид нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх мөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байна.
Иймээс энэ байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлигаа гаргалаа. Уг зарлигийн асуудал энэ оны эхнээс яригдаж бэлтгэгдсэн юм.
Дэлхийн шилдэг их сургуулиуд л хүмүүн төрөлхтөний хөгжлийн түүчээ болж явдаг. Эхний 100 бол үндсэн хөдөлгүүр нь гэсэн үг. Ер нь манай гаригийн хамгийн сайн их сургуулиудын нэгэнд сурч мэргэжил эзэмшинэ гэдэг бол тухайн оюутанд том сорилт, томоохон хичээл зүтгэл шаардсан ажил юм. Тэдний шалгуурыг давж гарна гэдэг бол бас нэр төрийн хэрэг мөн.

-Зарлигт дэлхийн шилдэг их сургуулиудын эхний 20-д багтсан сургуульд суралцагчид мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгохоор заасан. Энэ талаар тайлбарлаач?

-Тиймээ. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, шилдэг 100 их сургуулийн эхний 20 сургуулийн аль нэгэнд суралцахаар болбол тухайн оюутан ямар ч мэргэжил сонгосон төрөөс санхүүжилт олгоно гэсэн үг.
Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар болбол Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заасан байгаа.oyutan

-Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг хэрхэн тогтоох вэ?
-Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцохоор заасан. Жишээлбэл дэлхийд зартай Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр бол 2012 – 2013 оны хичээлийн жилд АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль шилдгүүдийн хамгийн эхэнд бичигдэж, 20 дугаар байранд Мичиганы их сургууль, 21 дүгээрт Канадын Торонтогийн их сургууль удаалж байна. Харин 100 дугаар байранд Германы Берлин хотын Гумболдын их сургууль орсон байна.
Гэхдээ шилдэг сургуулиудын зэрэглэлийг жил бүр шинэчлэж гаргадгийг манайхан мэдэх байх.

-Дэлхийн шилдэг 100-д багтсан сургуулиас урилга яаж авах вэ?
-Нийтлэг жишгээр бол оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулна, суралцах өргөдөл, хүсэлтээ гаргах нь ойлгомжтой. Харин сургууль нь өөрийн шалгуураа тавина, шалгалтаа авна, тэнцвэл урилгаа өгдөг билээ. Энэ бол сургуулийн бүрэн эрхийн асуудал. Товчхон хэлбэл, оюутан сурах хүсэлтэй сургуулийнхаа шалгуурыг давж гарах хэрэгтэй болно. Харин Монголын төрөөс санхүүжилт авахын тулд оюутан өөрөө БШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах учиртай.

-Тэгвэл Монголын тал ямар нөхцөл шалгуурыг суралцагчдад тавих вэ?
-Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд тодорхой журам боловсруулж батална. Гэхдээ уг журамд зарим нэг шинжлэх ухааны чиглэлээр улсын болон олон улсын олимпиадад оролцож эхний байруудыг эзэлсэн байх гэх мэт хатуу үзүүлэлт тавигдахгүй болов уу гэж бодож байна.
Журамтай холбогдуулан хэлэхэд, Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр зарлах үүрэгтэй байгаа.

-Төрийн санхүүжилт аль шатны сургалтад хамаарах вэ?
-Бакалаврын шатны сургалтад.

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих