Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, “Бодь” группыг шүүхэд өгнө

ac3087196275113f2b5554030333c964_L“Hero” энтертайментаас  бэлтгэн гаргадаг “100 чухал сэдэв” цуврал нэвтрүүлгийн нэг дугаарт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өрнөөд буй газрын маргаантай асуудлыг хөндөх үедээ сэтгүүл зүйн үндсэн зарчмыг зөрчин Монголын залчуудын холбоо (МЗХ)-ны нэр төрд халдсан гэлээ.

Уг нэвтрүүлэг нэг талыг хэт барьсан, хөтлөгч хувийн үзлээрээ асуулт тавьсан захиалгат нэвтрүүлэг болсон хэмээн МЗХ- үзэж байгаа тухайгаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч, хүний их эмч Б.Болдсайхан болон Үндэсний соёл, амралтын хүрээлэнг шинчлэх төслийн удирдагч Б. Батнягт нар “1990-ээд оны залуус бүгд гажигтай.

Тэднээр бөгсөө арчина” гэсэн утга бүхий үг хэлэн доромжилсон байна. Мөн МЗХ-г тус газрыг өөрсдөө хувьдаа авч ашиглахаар улайран тэмцэж байна хэмээн гүтгэжээ. Тиймээс “Hero entertiment”-ын захирал Б.Баатарыг манай байгууллагаас уучлалт гуйхыг шаардсан албан бичиг хүргүүлж байна. Энэ бичигт “Сэтгүүлзүйн зарчмыг бүдүүлгээр зөрчин илт дайрч, доромжилсон, гүтгэсэн асуултуудыг удаа дараалан тавьж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санаатайгаар МЗХ-ны нэр төрд халдсан танай студын хөтлөгч Б.Болдсайхан болон уг студыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан монголын нийт хүүхэд, залуучууд, “Паркаа аваръя” хөдөлгөөнийнхөн болон МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзаж паркын газрын маргааныг хэрхэн шийдвэрлэх гэж буй талаар нь тодруулахад, ““Паркаа аваръя” хөдөлгөөн монголчууд бүгд хамтран энэ асуудлыг шийдвэрлэх, хүүхдүүдийн төлөө “За” гэж хэлэх, паркыг зориулалтаар нь ажиллуулах, тоглоомуудыг нэмэгдүүлэх, өвлийн улиралд ажилладаг болгох зорилготой байгуулагдсан. Өнгөрсөн намар Нийслэлийн иргэний танхимд паркын газрын маргааны талаар хэлэлцүүлэг хийсэн.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр “Бодь” групп паркын тоглоом хийгээгүй үлдсэн хэсгийг буюу 19 га газар дээр бизнесийн зориулалттай төв байгуулах, таван одтой зочид буудал хоёрыг барихаар төлөвлөж байна. Энэ асуудлаа удирдах зөвлөл дээр оруулж батлуулах гэж байхад нь би зогсоолоо” гэж хэлсэн. Тус хэлэлцүүлгээр энэ асуудал сөхөгдөх хүртэл нь бид уг группыг хүүхдүүдийн төлөө ажилладаг, тэднийг олон улсын стандартад нийцсэн шинэ тоглоом бүхий парктай болгох гэж байна гэж ойлгодог байсан.

Гэтэл гэнэт зочид буудал барих асуудал гараад ирэхээр нь бид эсэргүүцсэн. Энэ үед орон нутгийн сонгууль болж Э.Бат-Үүл нийслэлийн Захирагч болсон. Э.Бат-Үүл дарга “Би паркыг хүүхдүүдийн төлөө ажилладаг байхыг дэмжиж байна. Тиймээс удахгүй паркаа аврах өөрийн төлөвлөгөөгөө танилцуулж энэ асуудлыг цэгцэлнэ. Та нар түр хүлээж бай” гэсэн. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээсэн хэдий ч “100 чухал сэдэв” нэвтрүүлэг бидний хүлээлт тэдний хувьд тоглоом байсан гэдгийг харууллаа. Тиймээс бид хуулийн дагуу дараа дараагийнхаа үйл ажиллагааг явуулна. Паркын газрыг хугасалж ийм байдалд оруулаад байгаа Нийслэлийн засаг дарга Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр болон “Бодь” группыг ирэх долоо хоногт шүүхэд өгнө. Өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнг шинэчлэх төслийн удирдагч Б. Батнягт болон “Hero entertiment”-ыг шүүхэд өгсөн. Хүний их эмч Б.Болдсайханыг ч бас шүүхэд дуудна” гэлээ.

Ч.Ариунболд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих