Хүүхдүүд баярынхаа өдрөөр үнэгүй зорчино
Монголын сурагчдын холбооноос Нийслэлийн тээврийн газар, Том оврын автобусны холбоотой хамтран “Инээмсэглэл” арга хэмжээг өчигдрөөс эхлүүллээ.
Эх үрсийн баярыг тохиолдуулан зохиож байгаа 14 хоногийн аяны хүрээнд нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч нар хүүхдүүдтэй инээмсэглэж харьцах гэнэ. Тэд соёлтой үйлчилсэн жолооч, мөнгө хураагч нарт үнэлгээ өгч шалгаруулах болзолтой юм байна.
Сурагч бүр үнэлгээний картыг биедээ авч явж, нийтийн тээврийн үйлчилгээнд үнэлгээ өгч зорчих юм байна. Ингэснээр аяны төгсгөлд хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах юм.
Түүнчлэн нийслэлийн хүүхэд багачууд баярынхаа өдрөөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч том оврын автобусны 24 компани Эх үрсийн баярын өдөр 16 хүртэлх насны бүх хүүхдийг үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ.
Б.Заяа
URL: