Монголдоо ганц Ботаникийн цэцэрлэгээс харцаа салгаж хайрлаач, Х.Тэмүүжин сайд аа
Баянзүрх дүүргийн VIII, X, XI хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны академийн харьяа Ботаникийн цэцэрлэгийн газраас Хууль зүйн яамныхан хумслахаар өнгөрсөн хоёрдугаар сараас албан бичиг шидэн айлгаж эхэлжээ.
Хууль зүйн яамныхан шүүхийн цогцолбор барих нэрийдлээр Ботаникийн цэцэрлэгийн газраас 4.5 га газрыг авахаар санаархаж байгаа аж. Хэдийгээр Ботаникийн хүрээлэнгийн нэр бүхий удирдлагууд цэцэрлэгийн газраас Хууль зүйн яаманд өгөхгүй гэдгээ мэдэгдэн албан бичиг явуулсан ч тэдний үгийг нохой хуцсаны чинээ тоохгүй байгаа бололтой.
Учир нь өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яамны Санхүүгийн хэлтсийн даргаар толгойлуулсан албаныхан тус цэцэрлэгийн газартай ирж танилцсан аж. Түүнчлэн нийслэлийн газрын албаныхан ч хэд хэдэн удаа ирж барилга барих газрын зургийг аваад хэмжилт хийгээд буцсан сурагтай.
Үүнийг нь харсан иргэд Хууль зүйн яам Ботаникийн цэцэрлэгийг булаах гэж байна хэмээн эгдүүцэж нийлж жагсах яриа гарсан ч тэгсхийгээд намдсан гэнэ. Нийслэлдээ томд тооцогдох ногоон байгууламж бүхий цэцэрлэгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин булаахаар онилсонд тус цэцэрлэгийн ажилчид хамгийн ихээр бухимдаж байгаа юм.
Ботаникийн цэцэрлэг үзүүлбэрийн бүс буюу ойр орчмын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэсгээс гадна эрдэм шинжилгээ туршилтын сорилын бүсээс бүрддэг юм.
Эрдэм шинжилгээний бүсэд нь устаж үгүй болох магадлалтай ховор ургамлуудыг үрслүүлэх, бут сөөг ургуулак, тэднийг судлах зэрэг ажлыг хийдэг юм байна. Хэдийгээр улсын төсвөөс судалгааны ажилд зориулж тусгайлан хөрөнгө өгдөггүй ч Ботаникийн цэцэрлэгийн ажилчид ногоон байгууламжийг хайрлан хамгаалахын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг гэдгээ хэлж байсан.
Тиймээс ч цэцэрлэгийн байгууламж дотор өндөр барилга барина гэсэн мэдээ тэдний хийсэн ажлыг уландаа гишгэж байгаагаас ялгаагүй сонсогдсон гэнэ. Нэг л өдөр тарьсан мод бутыг нь газрын хөрснөөс ховх татаад барилгын ажил хийгээд эхлэх вий гэсэн айдас толгойноос нь салахгүй байгааг ажилчид учирлаж байв.
Харин Ботаникийн хүрээлэн болон Шинжлэх ухааны академийн удирдах албан тушаалтнууд хоорондоо муудалцаж эв түнжин муутай байгаа гэнэ. Учир нь зарим албан тушаалтнууд олны хараанд өртөлгүй Хууль зүйн яаманд цэцэрлэгийн газраасаа хэсгийг нь өгчихье гэсэн бодолтой байгаа аж.
Үүнээс нь болоод ажилчдын дунд үл ойлголцол үүсчихээд байгаа юм байна. Харин Хууль зүйн яамныхан цэцэрлэгийн газрыг булаах гэж байгаагаа тун чиг нууцалж буй. Тэдний хэлж буйгаар нийслэлийн удирдлагаас шүүхийн цогцолбор барих газар олж өгөхийг хүссэн юм байх.
Тэгсэн нөгөөдүүл нь Ботаникийн цэцэрлэгийг санал болгосон гэнэ. Ингээд л Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний газрын дайны ээлжит байгаар 32 га талбай бүхий Ботаникийн цэцэрлэг онилогджээ.
Өмнө нь Х.Тэмүүжин сайд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг эрх мэдлээрээ түрий барин булаасныг хүн бүр мартаагүй. Гэтэл тэр дахиад нэг байгууллагын газрыг дээрэмдэхээр аль хэдийнэ төлөвлөгөөгөө боловсруулаад амжжээ.
Ингэхдээ бүр ногоон байгууламж бүхий улсын өмчийн тусгай хэрэгцээний бүсэд багтдаг газарт санаархах болов. Хууль зүйн яамны удирдлагууд эрх мэдэл байвал хаана ч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болно гэж эндүүрсэн бололтой.
Хэдийгээр улс төрчдийн өмнө хүчин мөхөсдөж байгаа ч цэцэрлэгийн газраа хэзээ ч өгөхгүй гэж үзэл бодолдоо бат зогссон хүмүүс байна. Тэдний нэг бол Ботаникийн цэцэрлэгийн дендрологич Ж.Жавхлантөгс юм. Түүнээс газрын маргааны талаар зарим зүйлийг тодруулсан юм.
-Хууль зуйн яамнаас ямар агуулагатай албан бичиг ирсэн юм бэ?
-Би ирүүлсэн албан бичигт нь юу гэж бичсэн байсныг тодорхой мэдэхгүй байна. Удирдлагууд мэдэж байгаа биз. Харин цэцэрлэгийн газраас яагаад Хууль зүйн яамныханд өгч болохгүйг сайн мэдэж байна.
-Яагаад өгч болохгүй гэж?
-Энд нэн ховордсон ургамлуудыг тарималжуулах, нутагшуулах судалгааны ажил явагдаж байна. Түүнээс гадна Баянзүрх дүүргийн гурван хорооны нутаг дэвсгэр дамнан оршдог. Нийслэлийн тав, зургаан ч ерөнхий боловсролын сургуулийн дунд байрладаг.
Иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх ганц ч гэсэн газар яагаад байж болдоггүй юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас хотоо ногооруулъя гээд зүтгээд байхад нэг яам нь ногоон байгууламж дотор нь барилга барих гээд байгаа нь хэр зүйд нийцэх вэ.
Саяхан л мод тарих өдрөөр манай цэцэрлэгт төрийн албан тушаалтнууд мод тариад буцсан. Тэд бүгдээрээ л ногоон байгууламжийн ач тусыг сурталчлаад байсан. Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа газрын албаныхан цэцэрлэгийн газартай ирж танилцсан. Ингэж үг яриа, үйл хөдлөл нь зөрж болохгүй.
-Цэцэрлэгийн газраас авах гэж байхад Ботаникийн хүрээлэнгийн удирдлагууд яагаад чимээгүй байна вэ?
-Манай удирдлагууд цэцэрлэгийн газраас өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ бас эрх мэдэлтнүүдийн сүрнээс жаахан эмээж байгаа ч юм бий байх. Ер нь хэвлэл мэдээллээр зарлаад яах юм чимээгүй өгчихсөн нь дээр.
Тэгвэл албан тушаалтайгаа үлдэнэ гэж бодож байгаа хүн байгааг үгүйсгэхгүй. Тэд дуугарахгүй байна. Тэгэхээр Хууль зүйн яамныхан үйл ажиллагаагаа улам л эрчимжүүлээд байна. Өнөө маргаашгүй цэцэрлэгийн газраас булаачих гээд байна.
-Шүүхийн цогцолбор барина гээд байгаа 4.5 га талбайд хэр их ногоон байгууламж байгаа вэ?
-Барилга барина гэдэг чинь тэр хавийн ногоон байгууламж нь сүйднэ гэсэн үг. Цаашилбал 4.5 га талбайгаар ч зогсохгүй цэцэрлэгийг бүхий л ногоон байгууламжид аюул учрах өндөр магадлалтай. Түүнчлэн ажилчдын хөлс хөдөлмөрөө шингээн ургуулж, зүлэгжүүлсэн талбайг үгүй хийх гэж байна.
Энэ цэцэрлэгийг анх 1974 онд тухайн үеийн сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулж байсан юм билээ. Тэрнээс хойш цэцэрлэгийг хөгжүүлэх гэж олон эрдэмтэд нөр их хөдөлмөрөө зориулсан. Үүнийг нь ядаж бодолцох хэрэгтэй. Төсвөөс мөнгө өгч хөгжүүлдэггүй юмаа гэхэд ядаж сүйтгэхгүй байх хэрэгтэй биз дээ.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:
URL: