Монголд яагаад Б.Бат-Эрдэнэ шиг Ерөнхийлөгч хэрэгтэй вэ?!

 

Монголд яагаад Б.Бат-Эрдэнэ шиг Ерөнхийлөгч хэрэгтэй вэ? Хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэх амархан ч сонголт хийнэ гэдэг үнэндээ амаргүй. Бид Монгол Улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх сонголтын өмнө ирчихээд байна.
Энэ сонголт мэргэн байх учиртай. Тиймээс эргэлзэж буй эрхэм танд энэхүү сонгуульд өрсөлдөж буй Б.Бат-Эрдэнийн талаар цухасхан ч болтугай өгүүлье.
Намын төлөө бус Монгол улсын төлөө зүтгэх эх оронч
Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол Б.Бат-Эрдэнэ аль нэг намын эрх ашгийн төлөө зүтгэгч бус монгол түмнийхээ төлөө зүтгэх эх оронч хүн. Хэрэв та улс төр мэддэг, эсвэл мэдэрдэг бол түүнийг МАН-ын гишүүн ч гэсэн аль нэгэн фракцад огт багтдаггүй, тэгсэн хэрнээ аль нэг фракцыг огт үгүйсгэдэггүй хүн гэдгийг мэдэх биз.
УИХ-д гурвантаа сонгогдохдоо тэрээр аль нэг фракц юмуу эрх ашгийн бүлэглэлд багтчих боломж байсан. Гэвч тэгээгүй. Учир нь тэрээр эх орныхоо л төлөө зүтгэхээр сонгогдсноос биш эрх мэдэл, мөнгө хөрөнгөний төлөө аль нэгэн фракц, бүлэглэлд орохыг огт хүсээгүй юм.
Тэр нам ч гэж тэгтлээ зүтгэдэггүй. Хамгийн дотнын нөхөд гэгддэг Д.Тэрбишдагва нь МАХН-ынх, Д.Ганхуяг нь АН-ынх. Тэд бүр залуудаа буюу 20 орчим жилийн өмнө танилцсан, найзууд юм.
Б.Бат-Эрдэнэ Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсныхоо төлөө байраар шагнуулахад, Д.Тэрбишдагва байгууллагынхаа шилдэг ажилтнаар шалгараад мөн байраар шагнуулсан нь таарч, хоёулаа хөрш болж танилцсан юм билээ.
Харин “Бридж”-ийн Ганхуягтай гадаадад уралдаан тэмцээнд орж яваад, оюутны умгархан өрөөнд нь очиж хонож үй зайгүй найзууд болжээ. Тэрнээс хойш эрчүүдийн үерхэл гагнасан гинж шиг байдгийн үлгэрээр өдий хүртэл найзалсаар яваа. Тэд бие биенийхээ үзэл бодолд нөлөөлөх гэдэггүй.
Үүнийг нь ч гурвуулаа өөр намд зүтгэж буй нь илтгэдэг. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнийн хувьд нам гэж, эсвэл нөхөд гэж хэн нэгнийг сохроор, эрх ашгийн дагуу дагадаггүй нэгэн. Түүнд нэг л дагадаг зүйл байгаа нь Монгол орноо гэх эх оронч үзэл юм. Тиймдээ ч өөрийгөө “Би цэвэр” гэж онцолжээ.
Үнэхээр Б.Бат-Эрдэнийг цэвэр монгол хүн гэдэгт эргэлзэхийн арга даанч үгүй. Их хаан Чингисийн өлгий нутаг Бурхан халдуны хормойд өссөн түүний зүс царайг харахад л жинхэнэ монгол эр гэж итгэлтэй хэлж болно. Тиймээс эргэлзээд, ээжээс нь очиж асуугаад байх шаардлага огт үгүй юм.
Түүнийг аль нэг намын эрх ашгийн төлөө зүтгэж, ард түмнээ умартана гэж айлтгүй. Эдүгээ Ардчилсан нам бүх эрхийг авчихсан үед нам гэдэггүй Ерөнхийлөгч бидэнд асар их хэрэгтэй, үнэтэй байх билээ.
Хар бор ажил, хөлс хөдөлмөрийн үнэ цэнийг түүн шиг мэддэг нь цөөн
Б.Бат-Эрдэнийг бид цагийг эзэлсэн босоо аварга гэх юмуу эсвэл улстөрд хөл тавьснаасаа хойш ялагдал хүлээгээгүй босоо чигээрээ яваа улстөрч гэдгээр нь мэднэ. Гэвч түүний амьдрал тэмцэлгүй, дурдан цагаан замаар давхиад ирчихсэн хэрэг огт биш.
Тэр эдүгээгийн хүрсэн бүхнээ өөрийн хөлс хөдөлмөр, ухаан, тэвчээрээрээ л хүртсэн. Бат-Эрдэнэ багадаа энгийн монгол иргэд бидэн шиг өдрийн хоолныхоо төлөө хөлс хүчээ зориулж явж. Багадаа гэр бүлдээ нэмэр болохын тулд яс хүртэл түүж, тушааж явсан гэдэг.
Хожмоо ажил хөдөлмөрийн дөр сууж, нутгийнхаа хөгшдөд өвөлжөө, намаржаа, хашаа хороо барьж өгч, цөөхөн хэдэн төгрөг шагналд нь авдаг байж. Одоо хүртэл нутагт нь Бат-Эрдэнийн барьсан өвөлжөө, намаржаа, хашаа хороо байгаа тухай нутгийн хөгшид ярьдаг. Тэр ажлаа хийсэн шиг хийдгийн энгийн нэгэн жишээ энэ.
Эцэг нь том тэрэг барьдаг тул багаасаа жолоо мушгиад сурчихсан. Одоо ч заримдаа ховилтой, амаргүй газраар явахдаа жолоочоо хажуудаа суулгаад өөрөө жолоогоо мушгиад гарчихдаг. Тэгээд “Иймэрхүү газраар ингэж гарвал зүгээр байдаг юм шүү дээ” хэмээн хэлэх нь бий.
Б.Бат-Эрдэнэ огт цагаан гартан биш, тэр өөрөө л бүхнийг өөрийнхөө гараар чамбай хийгээд сурчихсан хүн. Манайхан амжилтад хүрсэн, агуу хүн гэхээр л энэ чигээрээ байсан шиг санаж, эсвэл тэр чигээрээ төрчихсөн юм шиг аашилж, нэрэлхүү зан гаргах нь бий.
Хар бор ажил хийж явснаасаа харин Б.Бат-Эрдэнэ ичдэггүй, нуудаггүй. Хөгшид, нялхст хамгийн их ачлалтай, ойр байдаг хүмүүсийн нэг нь тэр л байж. Тиймээс ч нутгийн хөгшид Б.Бат-Эрдэнийн нямбай, халамжтай, үнэнч занг үнэлж өөрсдийнхөө үнэт эдлэлийг түүгээр л ариглуулж, гамнуулдаг байсан юм билээ.
Б.Бат-Эрдэнэ энгийн монгол иргэдийн амьдралыг хамгийн сайн ойлгох, өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр амьдрахын “амт”-ыг дэндүү сайн мэдэх нэгэн. Бидний хөдөлмөрийг үнэлж чаддаг, хэрхэн зовж, юу үзэж өдийг хүрснийг минь мэддэг, мэдэрдэг тийм л Ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй.
Б.Бат-Эрдэнэ хэзээ ч нууц данстай их мэдэгчийн толгойг илэхгүй
 Өнөөдөр “Авлигатай тэмцэнэ” гэж хүн бүр амныхаа хэмжээгээр хашгирах болжээ. Өөр намын хэсэг нөхдийг шоронд хорьж, оймсыг нь эх орон даяар сурталчлан өргөж яваа тусгайгийнхан өөрсдийнхөө хүч чадлыг харуулсан бус харин энгийн иргэдийн сэтгэлд айдас хуруулсан гэж хэлж болно.
Монгол орон шорон, гяндангаар гоёдог болоо юу гэж хүртэл бодохоор… Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд залармагцаа хамгийн анх шүүхээр орсон нь үнэндээ амны бэлгээс ашдын бэлэг гэгчээр эх орныг хэрэг төвөг, хий хардалт руу түлхсэн шиг санагддаг.
Өнөөдөр шударга гэхээсээ илүүтэйгээр өрөөсгөл байдал Монголд өргөжсөөр байна. С.Баярцогт хэмээх улстөрч Монголын улс төрийн тавцангаас хэдэн жилийн дараа арчигдана гэж ард түмэн найдаж байгаа.
Учир нь ард түмэн зовж, өдрийн хоолныхоо төлөө зүтгэж, тэгсэн хэрнээ хэдхэн төгрөгийн цалингаасаа татвар төлж, эх орондоо бага ч гэсэн тус болсоор яваа. Харин С.Баярцогт хэмээх эрхэм олон мянган хувьсагчтай компьютерийн программын тухай ярьж явснаа гэнэтхэн нууц данс нь илэрчихсэн.
Тэрээр хөрөнгө оруулгын мэдүүлгээ хэдэн жилийн турш худлаа мэдүүлж, татвараас илт зайлсхийж, харийн нутагт нууц данс нээчихээд явж байгаа нь илэрчихээд байхад өнөөх шударга, олон үгтэй Ерөнхийлөгч таг чиг.
Яг л ус залгичихсан юм шиг… Огт дуугарч болохгүй юм шиг… Эсвэл түрийвч нэгтэй ч юм шиг… Уг нь яг л энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч хүн “Энгийн иргэд ингэж явахад, чи арай ч дээ” гэж хэлээд шударга үгээр ороолгох ёстой байсан… Гэтэл тэгсэнгүй.
Ерөнхийлөгч нэртэй хүн маань Монгол улсыг ерөнхийд нь мэдэхээсээ илүүтэйгээр нэг намын нөхдөө ерөнхийд нь хамгаалахын төлөө ажиллаад байгаа юмуу гэсэн бодол үүнээс эрхгүй төрсөн.
Сүүлийн хэдэн хоногт Тагнуулын Ерөнхий газрын даргаар мэргэжлийн бус хүнийг томилсон нь шуугиан тарилаа. Уг нь Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилсон нь буруу хэмээгдэн буцаагдсан атал одоо тэрхүү хүнээ бүр даргаар тавьчихав.
Сохорсон биш завшив гэдэг энэ биз. Тагнуулын Ерөнхий газрын дарга гэдэг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үндсэн утгыг атгаж суугаа хүмүүсийн нэг. Гэтэл мэргэжлийн бус нэгнийг томилчихлоо. Өнөөх Ерөнхийлөгч үүн дээр бас л таг чиг.
Учир нь нэг намын нөхөр нь ийм томилгоо хийсэн тул элдэв тайлбар хийхгүй бололтой.  Энэ мэтээр эдүгээгийн Ерөнхийлөгч ард түмэндээ бус харин нэг намын нөхдөдөө илт үйлчлээд байгаа шиг харагдана.
Харин Б.Бат-Эрдэнийн хувьд хэрэггүй газар олон үг ярьж явалгүй хэрэгтэй газар шаардлагатай үгийг хэлж, хийсэн нүглийг нүднийх нь өмнө тоочиж чадах нэгэн. Шуудхан хэлэхэд, тэр хэзээ ч С.Баярцогт мэтийн толгойг илж, таг дуугүй өнгөрөхгүй.
Гурван эгчтэй, гурван охинтой дархан аварга
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ… Монгол бөхийн түүхэнд урьд огт дуулдаагүй том амжилтын эзэн. Ямартаа л улсын наадамд түрүүлсэн бөхөө монголчууд Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэх яриа гарахав дээ.
Улсын наадамд 11 удаа, Нууц товчооны ойн их даншигт нэг удаа, цагаан сарын барилдаанд 12 жил дараалан түрүүлсэн. Цагийг эзлэн төрнө гэдэг чухамдаа энэ билээ. Тэр өрсөлдөгчдөөсөө биеэр том бус, хүчээр илт тасархай биш.
Харин сэтгэлийн хүч, тэвчээр, уйгагүй хөдөлмөрөөрөө л энэ амжилтын оргилд гарч чадсан юм. 10 хэдэн жилийн турш түрүүлэхдээ тэрээр хэд хэдэн наадамд гэмтэлтэй барилдсан удаатай. Залуу хүчитнүүд араас нь түрэн гарч ирсэн үед Б.Бат-Эрдэнэ “Дахиад би хэдэн жил дарья” гэж бодоогүй.
Харин ч залуусыг дэмжиж, зургаан залуу заан гэх бөхчүүдээс ээлжлэн өндөр даваанд авч байсныг бөх сонирхогч түмэн олон андахгүй. Түүний анх дэмжсэн залуу бол Баянмөнхийн Гантогтох.
Өөрөө 10 түрүүлсэн агуу амжилтыг нь эвдэхийн төлөө 20 орчим жилээ зориулсныхаа дараагаар зорилгодоо хүрчихээд ийнхүү төрсөн хүүд нь өвдөг шороогүй тахимаа өгсөн удаатай юм.
Тухайн үед Б.Бат-Эрдэнийн энэхүү шийдлийг АЖ Б.Лхагвасүрэн “Монгол бөхийн жалга довны хагарлыг илааршуулах гэсэн алхам юмуу даа” дүгнэж байсан. Үнэндээ жалга довны үзлийг үгүй хийхийн зэрэгцээ тэрээр аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдгийн ёсоор 1988 оны улсын наадмын наймын даваанд амласан ачийг нь бодож, хүүг нь авсан юм.
Дараа нь Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг гээд зургаан залуу заанаас өндөр даваанд амласан. Энэ бол түүний эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн эцэг бодол байлаа. Гэхдээ Ц.Цэрэнпунцагийг ид үед нь дэмжиж чадаагүйдээ бага зэрэг харамсангуй явдаг юм билээ.
Амьдралд бүх хүслийг амжуулж, бүтээнэ гэж юу байхав. Ялангуях хэдхэн жилийн настай спортын амьдралд санасан бүхнээ гүйцэлдүүлэх боломж нэн ховор. Гэвч санаж, сэдэж явахад аяндаа хүн ойлгодог, таньдаг шүү дээ.
Б.Бат-Эрдэнэ багш, шавь нараа орхидоггүй. Гэлэг багшийгаа насан өөд болтол нь хажуудаа байлгаж, сургуульдаа ажиллуулж байсныг олон хүн мэднэ. Хөгшид, хүүхдэд ээлтэй нэгнийг ухаантай хүн гэж монголчууд ярьдаг билээ.
Б.Бат-Эрдэнэ гурван эгчтэй, бас гурван охинтой. Ээж шигээ өндөр нуруутай, сайхан монгол төрхтэй охидыг нь сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр олон нийт харсан. Тогтвортой, аз жаргалтай гэр бүлийн эзний хувьд Б.Бат-Эрдэнэ зөөлөн, уярамтгай хүн.
Гэлээ ч монгол эрийн ёсоор нулимсаа олонд харуулдаггүй, тамирчны хувиар хат сууж, амьдралын эрхээр ухаан суусан эр юм. Эмэгтэйчүүдийн дунд өсч хүмүүжсний хувьд зөөлөн, эрчүүдийн дунд тэмцэж аварга болж, өөрийгөө олсны хувьд тэр хаттай хүн.
Твиттердээд өөрийгөө сурталчлаад байхыг чухалд үзсэнгүй
Орчин цагт улс төрийн PR гэгч үнэндээ улстөрчдийнхөө мэдэж, ойлгож буйгаас ч өндөр авчээ. Олны танил нэгэн улстөрч өглөө үдэшгүй твиттерт өгүүлбэр бичиж суудгийг та андахгүй биз.
АН-аас нэр дэвшээд буй Ц.Элбэгдорж ч ээжтэйгээ хамт авахуулсан зургаа тавиад аятайхан нэр өгснийх нь хүслийг биелүүлнэ гэж зарласан үзэгдсэн. Харин Б.Бат-Эрдэнийн хувьд тэгээд твиттердээд суугаад байх зав үгүй, бас түүний өмнөөс твиттерийг нь хөтлөөд байх PR-ийн баг үгүй.
Тэр байгаагаараа л байгаа монгол эр. Хэлний мэдлэг чадварын хувьд Б.Бат-Эрдэнэ англи, орос хэлтэй. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа олон улсын төлөөлөгчидтэй уулзан ярилцах шаардлага гарцаагүй гарсан тул англи хэлийг чадамгай сурчээ. Харин орос хэлийг бол дунд сургуулиасаа л мэдэж, сурч авсан.
Тиймээс хэлний мэдлэгийн хувьд хэнбугайн ч дор орохооргүй болж чадсан байна. Твиттер, фэйсбүүкийн хувьд Б.Бат-Эрдэнэ үнэндээ саяхнаас л анхаарал хандуулж эхэлсэн. Учир нь байгаль орчин, хууль тогтоомж гээд эх орноо эргэх, газрынхаа зүрхэн судсыг тэмтрэх ажлыг өөрийнхөө үүрэг гээд ойлгочихсон хүн.
Үүнийг нь түүнээс салгаж ойлгохын аргагүй болтлоо нэвччихсэн. Цагаан сараар мэргэжлийн сумод шуугиулж явсан Д.Дагвадорж тэднийд золгохоор очсон юм билээ. Тэгээд “Та твиттерээ ажиллуулаач” гээд хаягийг нь хүмүүстэй холбоод өгсөн нь хэдхэн цагийн дотор 7 мянган дагагчтай болчихсон аж.
Твиттер, фэйсбүүк гэдэг хамгийн энгийн хэрнээ улстөрчдийн хувьд өөрийгөө сурталчлах, байнга олны анхааралд байх гэсэн хүслийн талбар нь. Харин Б.Бат-Эрдэнэ өөрийгөө сурталчлахыг амин чухал зүйл гэж үздэггүй тул төдийлөн анхааралгүй, үндсэн үүрэгт ажилдаа л өөрийгөө зориулж явжээ.
Ингээд сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлсэн тул фэйсбүүк, твиттерээ ажиллуулж эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Б.Бат-Эрдэнийг энгийн нүдээр харахад ийм л хүн. Түүнд элдэв будаг, уран үг, жүжиглэлт огт хэрэггүй.
Учир нь тэр цэвэр монгол бас цэвэр улстөрч, жинхэнэ эх оронч хүн. Цэвэр хүн л элдэв эрх ашгийн бүлэглэлд үйлчлэлгүй, эх орныхоо төлөө зүтгэж, монголчуудын эв нэгдлийн илэрхийлэгч байж чадах билээ.
Р.Гэгээ

URL:

Сэтгэгдэл бичих