Сонгуулийн шоугаар хийсч ирээд улстөрийн намд элсээгүй бол…

 

Асашёрюү Д.Дагвадорж АН-д элсэв. Элсэх элсэхдээ яг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ авч, сурталчилгаагаа эхлэх өдөр намын батлахаа авав. Үүнийгээ тэрбээр “хоёр дахь түүхэн сонголт”, “би ухаан орох цагаасаа л АН-ыг дэмжиж байсан” гэхчилэн тайлбарлалаа.
Гоё тайлбар, сайхан үгс…улстөрд байдаг л дүр зураг. Ердөө хоёр хоногийн өмнө л “улстөрөөс хол байдаг хүн” хэмээн жиргэж байсан их аваргыг маань юу хатгаад ийм сонголт хийлгэчихэв гэдэг сонирхолтой асуудал билээ.
Юуны өмнө АН түүнийг улстөрд татан оруулж, намын гишүүнээрээ элсүүлэхийн тулд багагүй “дарамт” үзүүлсэн нь ортой болж таарлаа. Гэхдээ АН-д ийм ямар шаардлага байв?
Их аваргыг АН-д элсүүлж, энэхүү түүхэн ёслолыг нэр дэвшигчдийн сурталчилгааны эхлэлтэй давхцуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн пиарын нэгээхэн хэсэг нь юм байх.
Өөрөөр хэлбэл, МАН-аас монгол бөхийн аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж байхад сумогийн аварга АН-д элсэх нь адилхан гоё харагдана гэж бодсон бололтой. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшсэнд өрсөлдөгч Ц.Элбэгдорж багагүй сандарчээ.
Тийм учраас Асашёрюү Д.Дагвадоржийг АН-д элсүүлснээр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд төвлөрсөн анхаарал ямар ч байсан сарнина гэж пиарчид нь зөвлөсөн гэх. Гэвч энд улстөрийн асар том ялгаа байгаа учраас сумогийн их аваргын хэнээрхэл нам болон нэр дэвшигчид нь эерэг оноо болж чадсангүй.
Харин ч хоёрхон хоногийн өмнө улстөрөөс хол хөндий гэдгээ илэрхийлж байсан Д.Дагвадорж гэнэт намд элссэнд хүмүүс таатай хүлээж авсангүй. Нөгөө талаар нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг бөх гэдгээр нь хүмүүс сайн мэдэх ч тэр бол УИХ-д гурван удаа сонгогдсон төрийн түшээ, улстөрч хүн. Ийм хүнтэй “улстөрөөс хол” Д.Дагвадорж аваргыг барьцалдуулна гэдэг аргаа ядсан л пиар байв.
Аварга маань бас хэдхэн хоногийн өмнө МАН-аас нэр дэвшсэн ах Д.Сумьяабазараа дэмжиж, ухаан орсон цагаасаа л бараг МАН-ыг дэмжиж ирсэн мэт ярьж явсан. МАН-ыг МАХН нэртэй байхад нь дэмжиж явсан баримт нь ч хэвээрээ.
Тэрбээр тухайн үеийн МАХН-ын дарга байсан Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь хүртэл ажиллаж байсан. Нөгөө талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд ялангуяа Өвөрхангай аймагт ёстой нөгөө шалан дээр унана гэгч болчихсон байгаа.
Өвөрхангайчуудын сонголтыг уландаа гишгэн байж намынх нь ялагдсан нөхөд УИХ-д ороод суусан тул хэн түүнийг дэмжих билээ. Тиймээс Асашёрюүгээр нүүр тахлах бодолтой гэнэ. Энэ мэт шалтгаанаар АН их аваргад намын батлахаа гардуулжээ.
Гэвч нөгөө улстөрөөс хол аварга маань яагаад АН-ынхны үгэнд автаад улстөрд шургалж орхив. Үүнд бас л шалтгаан хэрэгтэй. Эрх баригчид гэдэг хэзээд эрх мэдлээр бусдыг далайлгахдаа гарамгай улс. Аварга маань ч ийм далайлтад өртсөн байхыг үгүйсгэхгүй.
Учир юу гэвэл одоогоос долоон жилийн өмнө хувьчлагдсан Улсын циркийн хувьчлал өнөө ч маргаан дагуулсаар байдаг. Д.Дагвадорж аваргыг тухайн үеийн ТӨХ-ны даргатай хуйвалдаад циркийг хувьчлаад авчихсан гэх яриа хэдэн жилийн турш үргэлжилж, тендерт оролцсон өрсөлдөгч нь шүүхэд хүртэл хандаж байсан удаатай.
Тэр үед циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, хөрөнгө хогшлыг хадгалж хамгаална, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулна гэсэн болзлоор тендерийн ялагч тодорсон байдаг.
Гэвч Асашёрюүгийн гэр бүлд хувьчлагдсан циркийн барилга аажмаар худалдаа наймаа, түрээсийн газар болон хувирч, монгол циркийн үзүүлбэр гэгч ёс төдий зүйл болон хувирсан юм. Хамгийн гол нь тендерийн ялагчийг тодруулахдаа хууль бусаар тодруулсан гэдэг билээ.
Тийм ч учраас хэрэг хуучирдаггүй тул АН-ынхан уг хувьчлалыг сөхөж гаргахаар дарамталсан байж мэдэх юм. Тиймээс эрх баригчид ядаж Өвөрхангайгаас Ц.Элбэгдоржийг гаргах, үүний тулд АН-д элсэхийг их аваргад үүрэгдэв бололтой.
Хариуд нь циркийн хувьчлалыг сөхөхгүй байхаар тохиролцсон гэх. Цирк гэдэг өвөрмөц сайхан урлаг энэ байгууллагыг хувьчилснаар мэргэжлийн буюу уран бүтээлийн хувьд зогсонги байдалд орсныг хүн бүхэн мэдэж байгаа.
Энэ нь мэдээж хувьчлалын хуудуутай холбоотой байж таарна. Наад зах нь л циркийн амьтад үгүй болж, тэдний амьдарч байсан байрыг засч янзлаад түрээсэлдэг болсон. Цирк үзэх гэж хөл хөөр болдог байсан талбайд үе үе худалдаа наймааны үзэсгэлэн гарахаас өөрөөр “амь орох”-оо больсон нь үнэн юм.
Үндэсний циркээ сэргээсэй гэж нийтээрээ хүсэн хүлээдэг. Гэвч их аварга Д.Дагвадорж эрх баригчдын халаасанд орсон тул энэ мөрөөдөл өнгөрлөө гэсэн үг. Ингэж арлын Япон оронд алдар суугаа дуурсгаж, эх орныхоо нэрийг мандуулж явсан аварга маань нэг удаагийн сонгуулийн шоуны гараан дээр улстөрд шургаллаа.
Аав, хүү, ах дүүгийн хэлхээ холбоо, үзэл бодлыг энд дурдахаа больё. Зүгээр л аварга аваргаараа байсан бол, сонгуулийн шоугаар хийсч ирээд улстөрийн намд элсээгүй бол сайхан байх байлаа. Гэвч ийм шаардлага, шалтгаан элсэгч ба элсүүлэгчдийн аль алинд байжээ.
Т.Үлэмж
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих