“Гангар инвест”-ийн барьсан орон сууц өвчний үүр гэнэ

Орчин цагт орон сууцны барилга барих нь монгол гэр барихаас ч амархан болсон мэт. Үнэн хэрэгтээ манай барилгын компаниуд хурдтай, чадвартай болоод байна уу гэвэл үгүй аж. Ийнхүү монгол гэрээс амархан шахам босч байгаа орон сууцны хороолол нь хурдан босдог шигээ хэврэг байдгийг олон жишээ нотолж байгааг бид мэднэ. Нөгөө талаар төрөөс орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөтөлбөрт өнөөх “цүнхэндээ компанитай” гэгдэх арга зальтай нэгэн ч багтаж байгаа нь томоос том алдаа болж байна. Харин олон жил үйл ажиллагаа явуулсан “Гангар инвест” компанийн барьсан “Ногоон төгөл” хотхон өвөлдөө нимгэн ханандаа мөстөж, хавар нь мөс нь хайлж, мөөгөнцөр үүсгэсэн тухай оршин суугчид гомдол мэдүүлжээ. Насаараа цуглуулсан мөнгөө өгч орон сууцанд орлоо гэтэл эрүүл мэндээрээ хохирох сав худалдаад авчихсан иргэд толгой сэгсрэн гасалж байна. Өвөлдөө хөр цасан дунд байгаа мэт даарч өнгөрөөгөөд арай гэж урин цагтай золготол ийнхүү өвчний үүр болсон сав болон хувирч байгаа нь харамсалтай. Ийм л гүйцэтгэгч компани Улаанбаатар хотыг оронсууцжуулах их ажилд манлайлан оролцохоор болсон нь гайхал төрүүлнэ. Төрөөс явуулж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд “Гангар инвест” компани нь Баянзүрх дүүргийн Улаанхуаран орчмын гэр хорооллыг барилгажуулахаар ажилдаа ороод буй. Гэтэл түрүүчийн барьсан орон сууцны хороолол нь ийнхүү бөөн асуудал босгож байна. Тэгэхээр энэхүү төсөл хөтөлбөрөөс “Гангар инвест”-ийг гаргах нь зүйтэй гэсэн саналтай иргэд цөөнгүй бий. “Гангар инвест” гэхээр уншигч олон сайн мэднэ. Гэхдээ “Гангар”-ынханг чанартай сайн барилга барьдаг, үнэ хямд гэх мэт эерэг нөлөөллөөр бус сөрөг зүйлээр нь сайн мэдэх байх. Тухайлбал, өнгөрөгч оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр “Гангар”-ын барьж байсан барилга дээрээс хоёр хүн унасан байна. Тодруулбал, “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байхад 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барж байсныг бид мэднэ. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахгүйн зэрэгцээ чанар муутай барилга барьж байгаа “Гангар”-ынхан Улаанхуаран орчмыг барилгажуулна гэхэд нэг л санаанд буухгүй байна. Түүнчлэн “Гангар”-ын Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд орон сууцны зориулалтаар барьж байсан 15 давхар барилгын ажилд шалгалт хийсэн. Тэгэхэд арматурын төмөр нь чанарын шаардлага хангахгүй, зураг төсөлд заасан бетон зуурмагаа хэрэглээгүй зэрэг зөрчил илэрч Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож байв. Ийнхүү “Гангар” хэмээх ганган нэртэй компанийн гүйцэтгэж байгаа орон сууцны хороололд энэ мэт асуудал зөндөө байгаа ч энэ удаад орхиё. Хамгийн ноцтой нь иргэн та гоё ганган үзэмжинд хууртаж, “Гангар”-ын барьсан орон сууцны хороололд байр авбал мөөгөнцөртэй болох нь байна шүү. Мөөгөнцөр хэмээх нян тээгч өвчин ямар аюултай болохыг та надаар хэлүүлэх юун.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих