Гэр бүлийнхнийг зэрлэгээр хөнөөжээ

darhan gerДөрвөн хүний аминд хүрсэн жигшүүрт хэрэг Дархан-Уул аймагт гарчээ.

Бидэнд ирсэн мэдээллээр уг хэрэг энэ сарын 24-ны орой болсон байна. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэргийн газарт үзлэг явагдаж байна. Одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин манай орон нутаг дахь сурвалжлагчийн өгсөн мэдээллээр энэ хэрэг Дархан-Уул аймгийн I багийн нутаг дэвсгэр Цэнгэлдэхийн IV гудамжид гарсан аж. Тус гудамжид оршин суудаг иргэн Б-гийн гэр бүлийн гишүүд болох түүний 60 орчим насны ээжийг хоёр охины хамт амийг нь бүрэлгэжээ.

Түүнчлэн 30 орчим насны эрэгтэй хүн амь үрэгдсэн байна. Тэдний гурав нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан аж. Эх сурвалжийн хэлснээр амиа алдсан хүмүүсийн дунд 7-14 насны, 2-8 дугаар ангийн хоёр охин байжээ.

Хэрэг гарах үеэр гэрийн эзэн эзгүй байсан гэх. Тэрбээр малаа хариулах гээд “Хавцал” гэх газар руу явсан хойгуур нь эл аймшигт хэрэг гарчээ. Гэмт этгээд дөрвөн хүний аминд хүрэхдээ бүгдийнх нь хоолойг хэрчсэн байсан гэнэ. Одоогийн байдлаар энэ хэргийн дагуу Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг томилогдож гэмт хэрэгтнийг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалжийн хэлснээр хэрэг гарсан хашаанд хоёр гэр байдаг аж. Гаднаа нэг амбаартай. Оршин суугчдын хэлж буйгаар талийгаачийнх хашаандаа нэг айл буулгаад удаагүй байж. Гэтэл тэр айлын хүмүүс үргэлж архи ууж, хоорондоо маргалддаг байсан гэнэ.

Мөн талийгаач болох эрэгтэй нь найз нартайгаа нийлж, архидан согтуурч, маргалдаж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь сонин”


URL:

Сэтгэгдэл бичих