ТА БИДНИЙ ОРОЛЦОО НЭГ LIKE-ААС ЭХЭЛНЭ…

Хүн бүрийн зорилго эцэстээ “Сайхан амьдрал” хэмээх ганцхан цэг дээр огтлолцдог. Гэхдээ сайхан амьдралын хэмжүүр нь юу вэ? Одоохондоо бидэнд буй бодитой ганц шалгуур нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх юм. Эрхээ эдлэх боломж, нөхцөл бүрдэж, бид сэтгэл хангалуун алхах үе ирнэ. Нийгмийн сайн сайхны төлөө залуучууд нэгдэж “Like-д нэгдэцгээе” уриатай аян эхлүүллээ. Олон нийтийг уриалж хэлж эхэлсэн үйл ажиллагааны гол зорилго нь дээр өгүүлсэн сайхан амьдралд хүрэх үйлсийг түгээх явдал юм. Тухайлбал, эрүүл, ногоон байгууламжтай болох ажил хэрэгжиж, Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш гурван жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд мод тарих, ургуулах, арчлах асуудал иргэдийн дунд төлөвшиж, ажил хэрэг болсоор ирсэн. Үүний үр дүнд 23 454 га талбайд нийт 5 988 100 ширхэг мод тарьж, ногоон байгалиа тэтгэжээ. Мод тарьсан бол, мод тарихыг дэмждэг бол, цаашид мод тарих, ургуулахыг дэмждэг бол “Like-д нэгдэцгээе”.

Түүнчлэн 2009 онд манай улс “Transparency International” байгууллагаас тодорхойлсон авлигын индекс 2.7 оноотой, 120 дугаар байрт орж байжээ. Харин өнөөдөр нийгэмд авлигын эсрэг үзэл санаа, ойлголт төлөвшиж, бодит ажил хэрэг болсноор оноогоо ахиулж чадлаа. 2013 оны эхний улиралд монголчуудыг 3.6 оноотой, авлигын индексээр дэлхийд 94 дүгээрт орсныг дуулгасан билээ. Цаашид албан тушаалтан, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс болж хохирохыг эсэргүүцэж, нийгмээ авлигачдаас цэвэрлэхийг хүсвэл “Like-д нэгдэцгээе”.
Оюутан залууст сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгож ирсэн. 2012 оны тооцоогоор дээрх тэтгэлгийг нийт 145 375 оюутан авсан байна. Сайн суралцах боломжоор хангах, хичээл зүтгэлийг урамшуулах, дэмжих зорилготой дээрх тэтгэлэгт оюутнууд ам сайтай байдаг. Хэрэв ирээдүйн удирдагчдын хичээл зүтгэлийг үнэлсэн тэтгэлгийг дэмжиж, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол аянд нэгдэхийг зөвлөе. Нэг хүний дэмжлэг буюу “Like”-аар нийгмийн сайн сайхны төлөөх аян цэнэглэгдэж буйг санаарай.
“Like” тэмдэг өргөж, гудамжаар алхах залуусын дэвшүүлж буй дараагийн санаа нь нийгмээ архинаас хамгаалах. Өнөөдөр та бидний хэн нэгэнд жилдээ 97 шил архи ногдож байна. Энэ бол 48.5 литр буюу гэр хороололд тэргээр ус зөөдөг савтай тэнцүү. Дэлхийн улс орнууд дахь архины дундаж хэрэглээнээс зургаа дахин их буюу нийгэм хэт живээд байна. Өнөөдөр бид архидах нь ирээдүйгээ архичин болгох сургалтаас ялгаагүй. Тиймээс архины эсрэг идэвхтэй тэмцэж, амьдралаа архинаас ангижруулсан олон мянган хүнийг дэмжиж, архинд “Үгүй” гэж хэлж байгаа бол “Like-д нэгдэцгээе”.
Мөн улс төрийн шийдвэр, тулгамдсан асуудлаа цэгцлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд ажилласан “Иргэний танхим”-д ч Like бэлэглэх нь зүйтэй. Улс орны жинхэнэ удирдагч нь иргэд байдаг боловч урьд нь сонгогдож гарсан улс төрчид л бие даан шийддэг байсан. Харин өнөөдөр цаг өөр болж, иргэний танхимууд нээгдэж, санал бодлын ундрага болсныг дэмжих хэрэгтэй. Улс төрийн удирдлагыг иргэдэд эргүүлэн авчирсан “Иргэний танхим”-д, иргэн таны оролцоонд Like.
Шинэ санал, санаачилгаар урьд нь эхэлчихсэн, одоо хэрэгжиж буй үйл ажиллагааг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх нь сайхан үр дүнд хүрэх чухал хүчин зүйл билээ. Тийм ч учраас нийгэм дэх хүрээгээ улам өргөжүүлж, үр өгөөжийг нь илүү нэмэгдүүлэх нь өнөөдрийн аяны гол чиглэл. Хотын гудамжийн хаа нэгтээ “Залуус аа, Like-д нэгдэцгээе” хэмээх уриа сонсож, тэмдэг өргөсөн цоглог залуус таарвал та дэмжээрэй. Хошин урлагийн “ТВ коктейль” хамтлагийн Өөскө, Цоомоо, Энхбаяр, Аюуш дөрөв энэхүү аяныг дэмжиж “Like”-д нэгдээд байна.
Твиттер, фэйсбүүк, юү-түүб зэрэг вэб сайтад үзсэн бичлэг, зураг, нийтлэлээ таалагдсанаа илэрхийлж Like дардаг. Харин нийгэмд чиглэсэн, хүн бүрийн сайхан амьдрал руу зорьсон дээрх таван үйл ажиллагааны аль нэг нь эсвэл бүгдээрээ таалагдсан бол юу хийхээ та мэдэх биз ээ.
Тэвэрт багтамгүй том мод НЭГ жижиг үрнээс ургадаг
Тэнгэр баганадсан цамхаг  АТГА шорооноос бүтдэг
Тэртээх холын аялал НЭГ алхмаар өртөөлдөг
Та бидний оролцоо НЭГ Like-аас эхэлнэ…

 

 


URL:

Сэтгэгдэл бичих