Лиценз эзэмшигчид гомдолтой байна
Ашигт малтмалын дарга асан Д.Батхуяг нь сонгон шалгаруулалтаар олгох ёстой хайгуулын талбайг дүрэм зөрчиж хууль бусаар олгосон тухай мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Түүнийг Ашигт малтмалын газрын дарга байхдаа 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан 192 зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгаж байсан. Улмаар түүний зөвшөөрөл олгосон 107 хайгуулын лицензийг энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоод байгаа билээ. Тэгвэл зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн 107 лицензийн эзэмшигчид гомдолтой байгаа аж. Учир нь тэд зохих хууль журмын дагуу өргөдлөө өгч, тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу зөвшөөрлөө авсан гэнэ.
Тэд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө буцаан өгсөн, дуусгавар болсон талбайнуудыг сонгон шалгаруулалтын талбай хэмээн үзэж, өөрчлөлтийн тухай хуулийг 2006-2008 онд болсон харилцаанд буцаан хэрэглэх ёстой гэж үзсэн нь эрх зүйн онолоос гажсан үйлдэл болж байна” гэсэн юм. Одоогоор эдгээр хайгуулын талбай эзэмшигчид нийтдээ хайгуулын болон урсгал зардалд нийтдээ 17 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Тиймээс хохирлоо нөхөн төлүүлэх болон шүүхийн буруу шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргаад байгаа аж. Харин өргөдлийн хариу “боломжгүй” гэсэн утгатай ирдэг гэнэ. Тэд нөөц нь тогтоогдчихсон ашиглахад бэлэн болсон талбайнуудыг хураасан. Тийм учраас хэн нэгэн эрх мэдэлтэн дээрэмдэх гэж байна хэмээн хардаж байгаа аж. Ингээд хэн, хаана, хайгуулын талбайн зөвшөөрлийг хэрхэн авсан талаар хүргэхээр бэлдлээ.
“Жин Короно” ХХК
Тус компани нь 2010 оны гуравдугаар сарын 2-ны өдөр тусгай зөвшөөрлөө авсан аж. Зөвшөөрлийн дугаар нь 15513Х, 15514Х юм байна. Харин талбайнууд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Майхант-Өндөр хэмээх газарт байрладаг гэнэ. Мөн уг талбайнууд нь Улсын төсвийн хөрөнгөөр тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайтай хилэлдэгээс гадна нүүрс төмрийн хэтийн төлөв бүхий бүсэд багтдаг байна. Ашигт малтмалын газраас стратегийн шинээр үнэлсэн ордуудын жагсаалтын 28-д бүртгэгдсэн Эрдэнэцогтын хүрэн нүүрсний ойролцоо байдаг гэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь алтны чиглэлээр судалгаа явуулсан ба уг мэдээллээ явуулж байсан байна. Одоогоор алтны тэмдэгт цэг, эрдэсжилт тэмдэглэсэн байгаа гэсэн юм. Тус компани нь хайгуулын болон бусад зардалд 94.8 сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ.
“Голден Гроуз” ХХК
Уг компани нь 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр хайгуулын зөвшөөрлөө авсан байна. Зөвшөөрлийн дугаар нь 15075Х болон 15076Х. Талбай нь Дорноговь аймгийн Мандах суманд байрладаг аж. Тус компани нь хайгуулын зардалд 6.2 тэрбум төгрөг зарцуулсан байгаа гэнэ. Эдгээр талбайнууд нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагаан суварга” стратегийн ордын залгаа, Өмнөд Монголын зэсийн бүсэд оршиж байгаа аж.
“Мэжик Бридж” ХХК
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт тус компани нь хайгуулын талбай эзэмшдэг аж. Зөвшөөрлөө 2009 оны аравдугаар сарын 26-ны өдөр авсан байна. Хайгуулын зөвшөөрлийн дугаар нь 15218Х. Уг талбайд нь 1:200000-ны зураглалын ажлаар нэг хайлуур жоншны орд болон нэг илрэл тогтоогдсон гэнэ. Тайлангаас нь тус талбайг хэтийн төлөвтэй гэж үзсэн байгаа аж. Хайгуулын зардалд тус компани нь 280 сая зарцуулаад байгаа юм байна.
“Алтраг-Ахас” ХХК
Уг компани нь тусгай зөвшөөрлөө 2009 оны тавдугаар сарын зургааны өдөр авсан гэнэ. Зөвшөөрлийн дугаар нь 14896Х. Хайгуулын талбай нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрладаг байна. Мөн компани нь тус талбайд ашигт малтмалын мангини хайж байсан ба нийт зардалдаа 6,5 тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэнэ. Түүнчлэн уг газарт Хайртын жоншны олон тооны судлууд бүхий хүдрийн талбай тогтоогдсон байгаа гэсэн юм. 2011 онд тус компани нь эрлийн маршрут, геофизикийн ажил хийжээ.
“Сайхандэлгэр констракшн” ХХК
Тусгай зөвшөөрөл эзэмшигч ” Сайхандэлгэр констракшин” ХХК нь Өвөрхангай аймгийн Өлзийт суманд талбай эзэмшдэг байна. Тус талбайд алтны эрдэсжсэн цэг, нэг алтны илрэл, нэг зэсийн илрэл байгаа нь тогтоогджээ. Хэтийн төлвийн үнэлгээний хувьд тодорхой бус байгаа гэнэ. Тус зөвшөөрлийн дугаар нь 15221Х ба хайгуулын ажилд компанийн зүгээс 243 сая төгрөг зарцуулаад байна гэсэн юм.
Үргэлжлэл бий…
Г.Булганаа
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: