ХӨДӨӨГИЙН ЭМНЭЛЭГ
Нэгэн танил минь уулзах бүрдээ “Монголд хөдөөгийн сумдын засаг дарга нар нь бүгдээрээ үнэтэй “Жип” унаж байхад, сумын эмнэлгийнхэн нь нөгөө л хуучин эвдэрхий машинаараа түргэн тусламжийн дуудлагад явж байх юм. Энэ хоёр машиныг хооронд нь сольчихож болдоггүй юм байх даа. Арай дэндүү байна шүү дээ” хэмээн чин сэтгэлээсээ бухимдан өгүүлдэг юм.
…Би бага залуу насаа хөдөө сумд өнгөрүүлсэн л дээ. Сумын эмнэлэг ямар байдгийг нилээд сайн мэднэ. Хөдөөгийн сум жижигхэн болохоор сумын төвд болон хөдөөд амьдардаг хүн болгон бие биенээ мэддэг төдийгүй ахмад буурлуудаа “Аажаа”, “Даадай”, “Жүүжээ” гэхчилэн авгайлна. Бараг л нэрээр нь нэрлэхгүй дээ. Тэрчлэн тэр тийм өвчин хуучтай, тэрний эхнэр тэдэн сард төрнө, хэн мориноосоо унаад бэртсэн тухай бүгдээрээ мэднэ. Тийм болохоор сумын эмчид арай амар. Сумд байгаа ганц хоёр эмчээ “бурхан” шиг л шүтдэг.Аргагүй шүү дээ тэдний өвчин шаналал, үхэл хагацал, зовлон жаргал дунд ямагт хамтдаа байдаг болохоор.
Анагаах төгсөөд сумын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар аажим аажимдаа универсиал мундаг эмч болдог юм. Халууны эм өгөхөөс эхлээд бага зэргийн хагалгааг хийчихнэ, хугарсан яс бариад боочихно. Анагаахаар барахгүй бол, аргаа барахдаа ардын уламжлалт эмчилгээг хийж дөнгөнө. Хөдөөгийн тэр буурлууд чинь бөөн амьдралын ухаан. Эмчдээ их юм хэлж өгнөө. Хөдөөгийн эмнэлэгт эм тариа хүрэлцээтэй биш, бас төсөв мөнгө нь бага. “Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг хэллэгт хөдөөгийн эмч нар л дөхөж очдог юм. Мундаг шүү дээ. Эгэл ардын зовлон жаргал дунд хамтдаа л урссаар, сэтгэл нь хүртэл хөдөөгийн сайхан дунд уусаж уярдаг болно.
Сумын эмнэлгийн барилга нь жижигхэн. Хэдхэн ортой. Гэхдээ ариун цэврийн шаардлагаар бол сумандаа хамгийн цэвэр орчин. Өвчтөн нь эмнэлэгтээ багтахгүй бол уурлаж уцаарлалгүй танил айлдаа хэвтэж байгаад ээлж нь болохоор ирээд хэвтчихнэ. Жил болгон засвар хийж будсаар байгаад хана, шал, хэдэн ширээ сандал нь хуруу зузаан будгийн өнгөртэй. Өвчтөний хэвтдэг ор нь эргэж хөрвөөх тоолонд хяхрнан дуугарах авч түүнд нь хэн ч төвөгшөөхгүй. Гаднаас орж ирэхэд эм тарианы нялуун хэрнээ содон үнэр хамар цоргиж ”энэ бол эмнэлэг” гэдгээ үнэрээрээ таниулдаг юм. Хөдөөгийн олон олон хүмүүсийн төрөх үхэх тавилан, өвчиндөө зовж шаналсан нулимс, эдгэрч эрүүл болсондоо баярласан сэтгэлийн нулимстай сүлэлдэж байдаг болохоор хөдөөнийхэн эмнэлэгтээ их ч хайртай. Бараг л “бурханы орон” мэт сүсэлдэг юм. “Манай хүүхэд чинь тэр эмнэлэгт төрсөн юм шүү дээ” гэж бахархалтай нь аргагүйгээр хуруугаараа заана.
Сумын эмнэлэг “Түргэн”-ий машинтай. Олон жил зайдлуулсаар, бүр номхорчихсон “хонины морь” шиг л болчихсон. Ашиглалтын хугацаа нь дуусаад бензин их иддэг болчихсон тэр машинаа, төмөр утсаар баглаад ч болов аргалж байгаад явуулж дөнгөдөг жолооч нь эмчтэйгээ хамт явсаар байгаад муухан сувилагчаас дээр мэдлэгтэй болчихсон. Заримдаа гол усанд, шавар цасанд сууж эмчтэйгээ хамт хээр хонох тохиолдол наад захын жишээ. Шаварнаас гаргах гэж машинаа түрсээр нүүр ам нь нил шавар болчихсон эмч, жолооч хоёроо хараад замын айлын хөгшид дуу алдан “хөөрхий дээ, маниусын төлөө л ингэж зүдэрч яваа амьтад шүү дээ” гэж амандаа үглэн, хоол цай хийх гэж тогоо шанагаа зодолдуулах. Бас болоогүй ээ, хоолны дараа балга” шимийн юм” халаахаа мартахгүй. Явахад нь жаахан өрөм ааруул, балга цайны сүү өгөх гэж сүйд болцгоох.
Олон олон он жилийн урсгалд ийн оршиж байсан хөдөөний эмнэлэг, хувьсан өөрчлөгдсөн нийгмийн давалгаанд тэгтлээ өөрчлөгдөөгүй. Налгар зуны өдрүүд шиг хөдөөнийхний халуун дулаан сэтгэл нь , намрын зэврүүн өдрүүд шиг өнгө мөнгөнд сүүдэртээ болов уу? Төсөв хүрдэггүйн гачлангаар, эмнэлгийн барилга нь хаврын салхидсан тэмээдийн ноос шиг ноорч салбарч, гундаа болов уу? Тэр л барилгаа додомдох гэж, өвлийн хүйтэнд өвчтнөө дулаан байлгах гэж, амьтан хүний арга эвийг олж байгаад ганц нэг хэрэгтэй аппарат төхөөрөмж олж авчих гэж эмч нар нь, эрхэм дарга нарыг царайчлан санаа алдаж яваа болов уу? Дуудлагад явах замдаа эвдэрч суусан машинаа орхиод, өвлийн хүйтэн жаварт хацраа хайруулан алхаа болов уу?
Олон олон зүйл өөрчлөгдөж болох хэдий ч тэр л цагт сэтгэлд минь дурсамж болон үлдсэн хөдөөний эмч нар, хүмүүсийн халуун сэтгэл нь хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Харин заавал өөрчлөгдөх ёстой олон зүйл байнаа. Хөдөөгийн эмнэлгийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчилгээний арга технологи,” Түргэн тусламж”-ийн орчин үеийн тоноглолтой машин, хүмүүсийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ гээд. Заавал Төр засгийн дэмжлэгийг хүлээхгүйгээр өөрсдөө сэтгэл гаргаад хийж болох олон санаачлага бий. Санаачлагаа зөв сайнаар эхлүүлж, чин сэтгэлээр хийхийг хүсвэл дэмжлэг багадахгүй. Монголчууд бид чинь, өглөө болгон цайгаа сүлж, тоонон тушаа самарч, дээжийг нь тэнгэр хангайдаа сүслэн цацалж өргөдөг шигээ, өөдрөг сайхан хэрнээ халуун дулаан сэтгэлтэй хүмүүс шүү дээ.
”ХӨГЖЛИЙГ ХӨДӨӨНӨӨС” уриатай “21-р ЗУУНЫ ХӨДӨӨГИЙН ЭМНЭЛЭГ” төсөл
АНУ-ын Денвер хотноо эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мандухай төв”-ийн бүсгүйчүүд энэ санаачлагыг эхлүүллээ. Тэд энэ төслөө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Төмөрбулаг сумдыг хамарсан “Сум дундын эмнэлэг” т хэрэгжүүлэхээр сонгож авчээ. Төслийн хүрээнд Шинэ-Идэр суманд байршилтай “сум дундын эмнэлэг”-ийн 2 давхар барилгыг шинээр барих, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, эмч сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Энэхүү төслийг дэмжиж, АНУ-ын Вашингтон ДС хотоос Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, СТА Э.Саран, Денвер хотоос Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын гоцлол дуучин Б.Жамьянмядаг нар хамтдаа “Зүрхэнд ойрхон нутаг” нэртэй хандивын тоглолтыг монголчууд олноор суурьшсан Америкийн хотуудаар аялан, зохион байгуулах гэж байна. Тоглолтын хуваарь нь:
2013 оны 5 сарын 17 нд Лос-Анжелос хотод
5 сарын 18 нд Сан-Франциско хотод
5 сарын 24 нд Денвер хотод
5 сарын 25 нд Чикаго хотод
5 сарын 26 нд Вашингтон ДС хотод тус тус тоглогдох юм байна.
Мөн энэ аялан тоглолтын хүрээнд Америкт уран бүтээлээ туурвиж байгаа зураач, уран хайчилбарч Л.Мөнхтөр, Г.Барсболд, С.Төрбурам нарын уран бүтээлээс худалдаж, орлогыг нь энэхүү төслийн санхүүжилтэд хандавлах аж. Мөн уг төслийг санаачлагч “Мандухай Төв”-ийн тэргүүн Мөнхтүвшин, “21-р зууны хөдөөгийн эмнэлэг” төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
Уг тоглолтын билет нь 35 ам долларын үнэтэй бөгөөд, дэмжихийг хүссэн хүн болгон оролцох боломжтой юм. Мөн төслийн сангийн данс нь: WELLS FARGO BANK account 729 615 7402 Энэ дансанд хүн болгон өөрийн хүссэн хэмжээгээрээ хандив өгч болох бөгөөд уг хандивын мэдээлэл болон зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлж байхаа төслийн санаачлагчид амалж байгаа юм.
Хэрэв сонирхвол дэлгэрэнгүй мэдээллийг www.mandukhaicenter.com сайтаас авч болох бөгөөд шаардлагатай бол 720 275 7437 дугаарын утсаар холбогдож санал бодлоо солилцох боломжтой.
…Саяхан Ажаа гэгээнтний санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол дахь “Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх” эмнэлгийн барилгын санхүүжилтэд зориулсан хандивын арга хэмжээ болсон бол одоо “Хөгжлийг хөдөөнөөс” уриатайгаар “21-р зууны хөдөөгийн эмнэлэг” төслийн санхүүжилтийг дэмжих хандивын арга хэмжээ болох гэж байна. Юу юунаас илүүтэйгээр гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд , Монголын эрүүл мэндийн салбрын хөгжил болон монгол хүмүүсийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зовинин санаачлага гаргаж бодит ажлуудыг эхлүүлж байгаа нь буянтай сайн үйлс. ”Яасан ч олон хандив вэ дээ? ” гэж төвөгшөөн бодохоосоо илүүтэй, бусдын сайхан сэтгэлээр санаачилж байгаа нэг ч болов буянтай үйлсийг дэмжиж байх нь тийм ч хэцүү төвөгтэй зүйл биш. 35 доллар бидний хувьд тэгтлээ харамсаж, харамлахаар мөнгө ч бас биш. Нэгэн өдөр сайхан дуу сонсож, сайн санаачлагын тухай сонсож, сэтгэл урмаа сэргээнэ гэдэг сайхан шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail; gala_mn@yahoo.com
URL: