Ашигтай бол аль ч намд элссэн яах вэ буюу Дагвадоржтонгууд
Бөх хүн ерөнхийлөгчид нэр дэвшсэн шуугиан намжаагүй байтал сумогийн их аварга Д.Дагвадорж АН-д элсэж дахин олон хүмүүсийг гайхшрууллаа.
Намд элсэхэд гайхаад байх зүйл үгүй ч энэ нь өнөөдрийн нийгмийн идээ бээрийг ил гаргасан үйлдэл боллоо. Шуудхан, эргүүлж тойруулалгүй хэлэхэд энэ бол “өнөөдрийн монголчуудын үнэн төрх”.
Д.Дагвадорж АН-ын гишүүн болж байхад ах Д.Сумъяабазар нь МАН-аас нэр СХД-т нэр дэвшин ялалт байгуулаад саяхан УИХ-д тангаргаа өргөчихөөд сууж байгаа. Ах дүү хоёр хоёр өөр нам. Ахынхаа эсрэг дүү нь үү эсвэл дүүгийнхээ эсрэг ах нь уу. Эсвэл хэн нь ч хэнийхээ эсрэг биш үү. Өнгөрсөн хавар экс ерөнхийлөгчийг баригдах үед “Би Н.Энхбаяр даргыгаа хамгаална” гээд давхиж байсан нөхөр өнөөдөр АН-ын гишүүн болоод зогсож байна. Хүн хувирахад ингэж бас хувирдаг л юм байна. Үнэт зүйлгүй хүмүүс бүр ч их хувирдаг ажээ.
Гэхдээ энэ бол Д.Дагвадоржийг муулж байгаа хэрэг биш шүү. Ерөөсөө энэ манай нийгмийн үзэгдэл болчихожээ. Эхнэр нөхөр хоёр л гэхэд өөр өөрийн намын төлөө ажиллаж байсан тохиолдлууд байж л байна шүү дээ. Тэглээ гээд амьдрал нь дээшилснээс биш салж сарничихаагүй.
Өнөөдөр хаана их мөнгө байна вэ гэхээр төрд л байгаа. Төрд байгаа тэр их мөнгө руу яаж хүрэх вэ гэхээр нам дагаж л хүрнэ гэсэн энхийн зарчим л үйлчлээд байх шиг. Ах дүү хоёр аль аль намд нь элсчихээр адаглаад бизнес нь хамгаалалттай, баталгаатай болчихож байгаа юм. МАН нь ялвал ах нь байгаа, АН нь ялвал дүү нь байгаа. Нэг намд хоёулаа байх нь ашиггүй. Тиймээс тэд энэ сонголтыг хийсэн. Үүнийгээ тэд эрх чөлөө, хүний эрх л гэнэ. Гэвч үүний цаана эдийн засгийн сонирхол л яваад байна. Энэ бол монголын дүр эсгэсэн ардчилсан нийгмийн “өвчин”. “Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. Аль 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэргийг дэмждэг байлаа. Өнөөдөр албан ёсоор элсэж байгаадаа баяртай байна” гэсэн үгс бол одоо бараг жижүүрийн үг болжээ. Нээх гоё сонсогдохоо больсон. Элсэхээсээ хэдхэн хоногийн өмнө “Нэгд, Би нам бус, хоёрт би улс төрөөс хол байдаг хүн” хэмээн твиттертээ жиргэж байсан хүн шүү дээ.
Нэг хүн хоёр гурван намын батлахтай байдаг гэдэг. Нэг гэр бүлийнхэн хэд хэдэн намд харъяалалтай байдаг гэдэг. Нэг компани хоёр гурван намыг санхүүжүүлдэг гэдэг. Нам ч гэж нам, гишүүн ч гэж гишүүн болж дээ. Муу нийгэмд заавал муугаар амьдрах ёстой юм гэж үү. Муу нийгэмд сайнаар амьдрах боломжгүй гэж үү. Хамелеон шиг, худал дүр эсгэж чаддаг нь энэ нийгэмд баяжиж, харин үнэнч, шударга, ёс суртахуунтай хүмүүс нь амьдралын ёроолд хоцорсоор л байна.
Ашигтай бол аль ч нам хамаагүй гээд элсээд явж байгаа Дагвадоржтонгууд хаа сайгүй л байна. Гудамжаар дүүрэн тэд алхаж, нэг л намд элсээд авбал, аль нэг бүлэглэлд багтаад авбал гэрлийн хурдаар дэвжин дээшилнэ дээ гээд яриад явж байна. Улс орон, ард түмний амьдрал тэдэнд хамаагүй ажээ. Үнэт зүйлгүй, үзэл бодолдоо үнэнч биш “хаашаа ч хамаагүй шарвагчид” манай нийгмийг дампууруулсаар байна. Тэднийг товчхондоо Дагвадоржтонгууд гэж нэрлэвэл зохино.
Эх сурвалж: tsagtur.mn
URL: