Соён гэгээрүүлэгчид хэрэгтэй байжээ…
Мухар сүсэг, парапсихологи, эзотерик, ертөнцийн эзэн, бөө, лам, ид шид, ер бусын гэх зүйлс яагаад цэцэглэж социализмын үед жоохон ч гэсэн олж авсан мэдлэг боловсрол устав. Өнөөдөр 21-р зуунд ноёны бөхчүүд барилдаж, баячуудын морьд уралдаж, компаний эздийн гар хөл болсон улстөрчид гаарчээ. Сүүлийн 20 жил соёл боловсрол, хүний ёсны морал болон этик Монгол оронд ирсэнгүй. Соён гэгээрүүлэгч Монгол хүн ер нь байсан уу?
Хүн төрөлхтний түүхэнд олон том том бодогчид төрсөн. Тэр том бодогчид зөвхөн гүн гүнзгий бодоогүй бас өргөн цэлгэр бодож чадсан. Хамгийн анхны бодогчид философийн салбараас үүсэлтэй. Дэлхийн гурван том соён гэгээрүүлэгчид бол Францын Дескарт, Английн Дэвид Хюме ба Германы Кант.
Соён гэгээрүүлэгчдийн дотроос дээрх гурван хүн оюуны, ухааны, бодлын, сэтгэлгээний, мэдрэмжийн хувьсгал хийжээ. Өнөөдөр Монгол оронд эдгээр хувьсгалуудын аль нь ч хийгдсэнгүй. Хуучин хоцрогдсон амьдрал нийгмийг бүтээж авсаны шалтгаан юу вэ? Соён гэгээрүүлэгчид байсан уу гэсэн цорын ганц асуултыг хэн хариулж чадах вэ? Байсан гэвэл хэн байсан бэ? Байгаагүй гэвэл хэзээ соён гэгээрүүлэгчидтэй болох вэ?
Хятад, Орос болон Японы философчид 19-р зууны сүүлчээр Европд очиж суралцан соён гэгээрлийн онолд суралцажээ. Тэд нутагтаа буцаж ирэн улс орноо зан заншил уламжлалт ёсноос салгаж хоцрогдсоноо засаж шинийг бүтээж ирээдүйгээ төлөвлөж чаджээ.
Хятадын соён гэгээрүүлэгчид Күнзийн сургаалийг шүүмжилж зан заншилаа ардаа орхихыг анхааруулжээ. Тэд түүхэн роман бичиж ард түмнээ хуурсангүй, манай хэл мундаг гэж гадны хэлийг гадуурхсангүй. Хятадын соён гэгээрүүлэгчид танин мэдэхүйг шашнаас тусгаарлаж чаджээ.
Оросын соён гэгээрүүлэгчид яруу найраг шүлэг нэрийн дор боловсролын түвшин доогуур хэдэн мөртүүд бичсэнгүй. Тэд улстөр онолын том номнууд бичиж хаант засаг ноёд баячуудын эсрэг тэмцжээ. Оросын соён гэгээрүүлэгчид ард түмэндээ мэдлэг нэмдэггүй хоосон үгтэй дөрвөн мөртүүд бичиж цагаа өнгөрөөсөнгүй. Тэд хувиа хичээж гэр бүлийнхээ төлөө явсангүй харин улс орон ард түмнийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөжээ.
Японы соён гэгээрүүлэгчид феодалуудаас салж, шашнуудыг засаж залруулж орчин үеийн философийг хөгжүүлж хүн төрөлхтөний бүтээсэн бүхий л сайнуудыг цуглуулж хэрэгжүүлж чаджээ. Тэд дорнын гүн ухаан ярьж атаархалаа илэрхийлсэнгүй гагцхүү дутуугаа хүлээн зөвшөөрч хоцрогдсоноо ойлгож өөрчлөлт шинэчлэлтийн төлөө явжээ.
Соён гэгээрүүлэгчид гэж хэнийг хэлдэг вэ гэвэл тэд ард түмний ухааныг өөрчлөж бодол болон сэтгэлийн хувьсгал хийж чаддаг хүмүүс. Жинхэнэ соён гэгээрүүлэгчид төөрсөн ард түмнээ төөрөгдөлөөс гаргаж танин мэдэхүйтэй танилцуулж чаддаг. Түүнээс биш соён гэгээрүүлэгч хүн хэзээ ч онигоо ярьж эсвэл ганц хоёр цэцэн үг хэлж өөрийгөө магтуулж энэ хорвоогийн бүх шагналуудыг цуглуулдаггүй.
Монгол оронд Европын соён гэгээрүүлэгчид шиг өөрчилж шинэчилж хоцрогдсоныг ардаа орхиж орчин үеийг авчирсан соён гэгээрүүлэгчид төрсөнгүй. Соён гэгээрүүлэгчид гэж нэрлэдэг хүмүүс маань Монгол оронд мэдлэг боловсролын хувьсгал хийх чадвартай хүмүүс байсангүй. Тэд бусдаас ялгагдахгүй түүхэн роман бичиж шүлэг нэрийн дор үг үсэг холбосон хүмүүс байжээ.
Монгол оронд том бодогчид төрж ард түмнээ мухар сүсгээс салгаж шашны номлолоос чөлөөлж чадсангүй. Монголын эрдэмтэд гэж нэрлэдэг хүмүүс хоцрогдосоноо хүлээн зөвшөөрөх чадваргүй. Тэд шинийг хүлээж авах эрдэмгүй тул түүх ярьж хуучинтайгаа хоцрогдсонтойгоо эвлэрдэг. Тэд хөгжилтэй орнуудад атаархадаг атаархалаа эвдэж чадсангүй.
Хүн хэрхэн боддог тухай гүн бодол хийсэн нэрт философич бол Дескарт. Түүний гол зорилго нь бидэнд “тусах” ертөнц ба “материйн” ертөнц хоёрын жинхэнэ ялгааг бодолдоо бодож олох байсан. Байгалийн хууль гэж хүмүүс юуг нэрлэх тухай бас тэр бодсон.
Францын философич, математикч Рене Дескарт 1596 онд төрсөн. Тэр 1650 оны 2 сарын 11 нд нас барсан.
Дескартыг “рационалист” гэж нэрлэдэг. Философид хүний бодох бодлуудыг дараах гурван төрөлд ангилдаг.
•Рационалист
•Эмпирист
•Идеалист
Рационалист бодол нь заавал мэдрэх мэдрэлүүдээрээ мэдрэх шаардлагагүй тэдгээрийг урьдчилан тооцоотой бодож мэдлэгт хүрэх боломжтой гэдэг. Учир нь мэдрэмж бол барагцаагаар мэдэхтэй адил. Тиймээс рационалистууд тооцоолж мэдэхийг чухалд тавьдаг.
Эмпирист бодол нь хүн өөрийнхөө мэдрэх мэдрэлүүдийг урьтал болгож бодсон бодлын тусламжтайгаар найдвартай мэдлэг олж авна гэсэн теори.
Идеалистууд бүхнийг ухаан л бүрэн мэдэх чадвартай гэсэн теориг барьдаг. Эцсийн эцэст хүн ухаанаараа цэвэр бодож чадвал цаашаагаа ухамсарт хүрэх боломжтой. Ухамсар бол мэдлэгийн эх үүсвэр гэж идеалистууд бичдэг.
Хүн ухаандаа бодох бодлоо үргэлж өөрчилж, шинэчилж бас сайжруулж чадсаны үр дүнд л мэдлэг авах боломжтой. Бодохгүйгээр мэдсэн мэдлэг ул суурьгүй учраас зөвхөн л түр зуурын богинохон настай.
Бодол гэж юу вэ. Хүн ухаандаа хэрхэн боддог вэ. Хүмүүс ухаандаа бодохын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Төсөөллүүдээсээ, хандлагуудаасаа мөн реакцуудаасаа хэрхэн ангижирч өөрөө бодож чаддаг болох вэ.
Бодож чаддаг болохын тулд эхлээд дүрсэлж бас зураглаж чаддаг болох хэрэгтэй. Бодох техникуудыг эзэмшиж сурсаны дараа л хүн өөрийн гэсэн бодолтой болох боломжтой. Бодож чаддаг болох нь нас ахихтай адил бас хугацаанаас их хамааралтай.
Хамгийн түрүүнд хүн бодолдоо дүрслэх хэрэгтэй. Тэр бодолдоо дүрслэх дүрслэл чухам юу вэ гэдэг тухай одоо танилцацгаая.
Философич Хюмегийн гол теори бол бид байгаль орчноо биеэрээ ба сэтгэлээрээ мэдрээгүйгээр шинэ зүйлийг төсөөлөх ямар ч боломжгүй гэсэн “эмпирист” теори.
Шотландын философич Дэвид Хюме 1711 оны 5 сары 7 нд төрсөн. Тэр 1776 оны 8 сарын 25 нд нас баржээ. Тэр эмпирист байсан.
Харж үзээгүй, сонсож үзээгүй, үнэрлэж үзээгүй, амсаж үзээгүй, барьж үзээгүй цаашилаад баярлаж зовж үзээгүй бол төсөөлөх ямар ч аргагүй. Энэ бүгд байхгүйгээр төсөөлсөн төсөөлөл нь хоосон бөгөөд утгагүй тухай Хюме зохиолдоо тэмдэглэсэн байдаг.
Ширээ эсвэл гурвалжин гэсэн идейнүүдийг нийлүүлэн өгүүлбэр зохиож ширээн дээр гурвалжин байна гэж хэлэх нь төсөөлөл байж магадгүй. Харин үнэхээр л ширээн дээр гурвалжин байгааг харсан хүн л харсан тухайгаа бодож чадна.
Шотландын философич Хюме хүний ухаанд буусан идейнүүдийг төсөөлөл ба сэтгэгдэл гэж хоёр ангилалд хувааж судалсан. Сэтгэгдэл нь сэтгэлийн сэтгэмжүүд. Сэтгэлийн сэтгэмжүүд нь өвдөлт, баярлах, уйтгарлах, сэтгэл зовох, сэтгэл тавих гэх мэтчилэн яг одоо буюу тухайн цагт л болж байгаа мэдрэмжүүдийн буцааж илэрхийлж буй илрэл. Тиймээс сэтгэмж мэдрэмжээс хамааралтай. Үүнийг заримдаа бас сэтгэлийн хөдөлгөөн ч гэж хэлдэг.
Төсөөлөл нь яг одоо болж байгаа мэдрэмж биш харин эд зүйлийг төсөөлөх төсөөлөл эсвэл хүний мэдрэхүйг төсөөлөх төсөөлөл. Аавын хайр, эзэрхий хүмүүс, буруутанг шийтгэх гэх мэтээр хүн ухаандаа төсөөлдөг.
Сэтгэгдэл нь төсөөлөлөөс илүү хүчтэй. Гэхдээ энэ нь заавал биш. Хамгийн энгийн сэтгэгдэлийн жишээг авч үзье. Гүзээлзэгэн жимсний тухай бидэнд өнгө, хэлбэр, үнэрний талаар “тодорхой” сэтгэгдэл байгаа. Харин ертөнцийн тухай бидэнд зөвхөн маш “энгийн” л сэтгэгдэл байдаг. Сэтгэгдэл бол хүний “импрес”.
Хүн төсөөлөх төсөөлөлөө бас сэтгэгдэлээ нийлүүлэн бодолдоо дүрслэн бодох чадвартай. Импрес ба идей хоёроос тусдаа дүрслэн бодох хүчнүүд байдаг. Үүнийг “имагинац” бас “фантааз” гэж нэрлэдэг.
Бидний имагинац ба фантааз нь бидний дотоод ертөнцийг бүрдүүлдэг. Тийм ч учраас реал байгаа ертөнц ба имангинац дүрслэн бодсон ертөнцийг хооронд нь ялгаж салгах зайлшгүй хэрэг гардаг.
Философич Иммануэл Кант эхнээс нь авахуулаад эцэс нь хүртэл бодож бас өөрийнхөө бодлыг судалсан. Тэр бүхий л амьдралаа бодоход зориулсан. Амьдралынхаа олон арван жилийн бодсон бодлуудаа ном болгон бичихэд бас зориулсан.
Германы философич Иммануэл Кант 1724 оны 4 сарын 22 ны өдөр Коэнигсберг хотод төрсөн. 1804 оны 12 сарын 2 нд нас барсан. Тэр идеалист байсан.
Кант 1770 онд философоор докторын ажил бичиж мөн тэр ондоо Коэнигсбергийн университетэд профессороор дуудагдсан. Энэ дуудлагатай зэрэгцэн Иена ба Эрлангэн хотуудын университетуудын профессорын дуудлагууд ирсэн боловч тэр төрсөн нутаг Коэнигсбергтээ профессор болсон.
Кантын “Цэвэр ухамсарын критик” нь түүний өөрийнхөө бодол ба танин мэдэхүйд хийсэн нэг ёсны ухаанаа “цэвэрлэх” үйлдэл байсан.
Кантын бодлуудын хамгийн гол асуудал нь ухамсартайгаар бодох. Тэр өөрийнхөө бодлыг хэрхэн ухамсарт ойртуулан бодохын төлөө дэс дараатай, хатуу дэглэмтэй ажилласан.
“Хүний ухамсар юу вэ” гэсэн асуултыг үл анзаарахгүй орхих нь ухамсаргүй явдал тийм учраас хариулахын төлөө ухамсарлах хэрэгтэй гэж Кант ном зохиолдоо бичсэн байдаг.
Кант хүмүүсийн төсөөлөлүүд бас ухаандаа бодох бодлуудаас гадна хүний зан хэрхэн яаж бий болж ил гарч ирдэг тухай сонирхож философийн талаас нь хариулт өгсөн.
Кантын бичсэн 3 критикууд нь нэг үгээр хэлбэл “ухамсар гэж юу вэ” асуултанд иж бүрэн хариулсан түүний хариултууд. Ухамсарлахын урьд эхлээд танин мэдэх нь чухал. Танин мэдэх нь байгаа юмс нь “байгалийн өөрөөр хэлбэл байгаа л юмс уу” аль эсвэл “бий болгосон өөрөөр хэлбэл хийчихсэн бүтээчихсэн зүйлүүд үү” гэдгийг таньж мэдэх.
Кант дээрх олон асуултуудыг өөрөө тавиагүй гэж хэлдэг ба харин тэр асуултуудыг түүний ухамсарт нь даралт үзүүлсэн тиймээс энэ даралтаас мултрахын тулд хариулахаар зорьсон гэдэг.
Кант хүмүүсийг хамгийн түрүүнд соён гэгээрүүлэх хэрэгтэй гээд “соён гэгээрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж ноомой болсон тэр байдлаас татан гаргаж чадна” гэж бичсэн байдаг.
Монгол оронд соён гэгээрэл явагдах тэр хугацааг ойртуулах шинэ үе үгүйлэгдэнэ. Шинэ үе хэзээ үгээ хэлж үйлдэлдээ орох вэ?
http://dayarmongol.com/index.php/-2008/8122-%D1%81%D0%BE%D1%91%D0%BD-%D0%B3%D1%8D%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B6%D1%8D%D1%8D%E2%80%A6
URL: