Б.Долгион: Миссийн титэм зүүх миний багын мөрөөдөл

 

2012 оны Монголын мисс Б.Долгионыг “Өөр мэдээ” сониныхоо дугаарын зочноор урилаа. Түүнийг мэргэжлийн хүрээнийхэн нь сайхан сэтгэлтэй бүсгүй гэж тодорхойлдог юм билээ. Бид гоо сайхан, эмэгтэй хүний мөн чанарын тухай ярилцсан юм.

 

-Зуны дэлгэр цаг иржээ. Мисс бүсгүй маань яаж амрахаар төлөвлөж байна?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр их сайхан өдөр байна. Би зун үзэсгэлэнт байгалиар аялж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Гэхдээ энэ жил амжихгүй юм шиг байна.

 

-Яагаад

-Энэ жил сургуулиа төгсөнө Дипломын ажил, шалгалт, бие даалт гээд амрах зав гарахгүй байх.

 

-Хэр сайн сурлагатай оюутан бэ?

-Хүссэн мэргэжлээрээ сурч байгаа болохоор мэргэжилдээ хайртай. Сургуулиа төгсөөд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

 

-Зуны улиралд арьсаа яаж арчилдаг вэ?

-Арьс арчилгаа гэхээр заавал үнэтэй будгаар “бөмбөгдөхийн” нэр биш. Хамгийн гол нь арьсаа амраах нь чухал. Арьсныхаа онцлогийг мэдэж, түүндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй.

 

Миний хувьд үнэтэй гэснийг нь биш, арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Амралтын өдрүүдээр аль болох нүүрээ. будахаас татгалзаж, унтаж амрахыг хичээдэг.

 

-Амралтын өдрүүдээ унтаад, гэртээ өнгөрүүлээд байвал уйтгартай юм биш үү?

-Үргэлж тэгж өнгөрөөнө гэж юу байх вэ. Найзуудтайгаа уулзана, хичээлээ давтана, спортоор хичээллэнэ гээд олон ажил амжуулна шүү дээ.

 

-Усанд сайн сэлдэг гэж сонссон?

-Би спортоор хичээллэх дуртай. Ялангуяа усанд сэлэлт.

-Сайхан галбиртай байхын нууц нь тэр үү?

 

-Магадгүй юм. Спорт эрүүл мэндэд хамгийн тустай. Хөдөлгөөн байхгүй бол амьдрал зогсонги байдалд орно. Бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог хамгийн хүнд асуудал таргалалт. Арга ч үгүй биз. Ихэнх нь суугаа ажил хийдэг болчихсон үе. Харин суугаа ажил хийхийн хэрээр хөдөлгөөнөө зохицуулж байх шаардлагатай.

 

-Тэгвэл бүсгүйчүүддээ жингээ хэрхэн барих тухай багахан зөвлөгөө өгөөч?

-Нэг зүйл хэлмээр санагдлаа. Зөвхөн туранхай байхыг сайхан харагдах гэж ойлгох нь ташаа ойлголт. Өөртөө таарсан махтай, мяраалаг мөртлөө сайхан харагддаг бүгүйчүүд байдаг шүүдээ.

Хамгийн гол нь таргалахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд хөдөлгөөн чухал. Өдөрт ганцхан цагийг өөртөө, гоо сайхандаа зориулахад юу нь болохгүй гэж.

 

-Чиний хувьд эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

-Эмэгтэй хүн хамгийн түрүүнд эх болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй болов уу. Биднээр дамжиж хүн энэ хорвоод мэндэлдэг шүү дээ. Тэгхээр хариуцлагатай, хүнийг хайрлах зөөлөн сэтгэлтэй, ухаалаг байх ёстой.

 

-Б.Долгион ирээдүйд хэр сайн хань, сайн ээж болох бол?

-Охид бүхэн багадаа ээж болж тоглох дуртай байдаг. Тэр үеэс л эх хүн болох зөн нь төлөвшдөг байх. Хэн ч муу ээж, муу хань байхыг хүсдэггүй. Түүний адил би өөрийгөө сайн хань, сайн ээж болно гэж боддог.

Гэр бүл гэдэг энэ хорвоод хүн болж утга учир. Гэр үнэ цэнэтэй, бат бөх авч явах нь магадгүй эмэгтэй хүний хатан ухаанаас шалтгаалдаг байх.

 

-Эмэгтэй хүний мөн чанар юу вэ?

-Эмэгтэй хүний мөн чанар, уучлал, өршөөл, хайр, энэрэл дээр л илэрдэг. Эмэгтэй өөрөө энэ ертөнцийн эхлэл.

 

-Төгс эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх бол?

-Хорвоод төгс хүн гэж байдаггүй. Гэхдээ төгс гэдэг ойлголтыг яаж хүлээж авахаас шалтгаалах байх. Магадгүй энэ хорвоод хүүхэд бүрт ээж нь төгс байдаг.

-Миссийн титэм зүүх хүртэл нэлээд цаг хугацаа, үнэ цэнээ зарсан биз?

 

-Миссийн титэм зүүх миний багын мөрөөдөл байсан. Би гэнэн томоогүй хүүхэд насныхаа мөрөөдөлд хүрсэн гэж боддог. Гэхдээ тийм ч амархан тэргүүндээ залаагүй юм шүү. Олон жилийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Миний хувьд маш үнэтэй олдсон алдар гэж бодож, хайрлаж, хүндэлдэг.

 

-”Монголын мисс” гэсэн эрхэм алдрыг хүртэхэд юу бодогдож байв?

-Үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн сайхан мэдрэмжийг авсан. Түүнтэй зэрэгцээд асар том хариуцлага ирлээ гэж бодогдсон. Мисс хүн эх орны нүүр царай, тухайн улсын бэлгэ тэмдэг байдаг шүү дээ. Энэ эрхэм хүндлэлийг алдахгүй явах нь бидний үүрэг.

 

-Тэгвэл мисс ямар байх ёстой вэ. Чи үүргээ хэр сайн биелүүлж байна?

-Хамгийн түрүүнд эрүүл байх ёстой. Харицааны өндөр соёлтой, мэдлэгтэй байх нь чухал. Мисс гэдэг нэр  зүүх төдий биш, дотроосоо, гаднаасаа ч гэрэлтдэг байх ёстой. Эмэгтэй хүнд хоёр гоо сайхан байдаг гэж би боддог.

Тэнцвэртэй байж, эмэгтэй хүнийг бүрэн илэрхийлнэ. Миний хувьд үүргээ биелүүлэхийн төлөө хичээдэг. Мэдлэг боловсролдоо ч анхаарч байна.

 

-Цаашдаа загварын чиглэлээр ажиллах уу?

-Миний нэг бодол байдаг юм. Тэр нь загвар өмсөгчөөр ажиллах. Удахгүй энэ зорилгодоо хүрнэ.

 

-Загварын бүсгүйчүүдийг дагасан хэл ам багагүй байдаг. Тэр бүхнийг яаж хүлээж авдаг вэ?

-”Хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй” гэсэн үнэн үг бий. Би тэгтлээ Эмзэглэдэггүй. Учир нь миний хайртай хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг мэдэж байгаа. Тэд минь намайг хайрлаж, хамгаалж байгаа. Би хүн бүрт өөрийгөө тайлбарлана гэвэл бүтэхгүй шүү дээ.

-Энэ жилийн мисс ямар бүсгүй байх бол. Харж байгаа бүсгүй бий юу?

-Монгол бүсгүйчүүд бүгд сайхан. Хэн нь ч мисс болж болно. Гэхдээ энэ жилийн мисс тэр болно гээд хэлэхэд арай эрт байна. Миссийн тэмцээнд зөвхөн үзэсгэлэн гоо, бие галбираараа биш, мэдлэг оюун гэдэг том зүйлээр өрсөлддөг.

Тиймээс үзэсгэлэн гоо бие бялдар тэгш, оюун ухаан, мэдлэг боловсрол өндөртэй, азтай аавын охин 2013 оны “Монголын мисс” гэсэн эрхэм алдрыг зүүх байх даа.

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Өөр мэдээ сонин”


URL:

Сэтгэгдэл бичих