Сонгуулийн дараах асуудлууд

527-1369384384middleМанайхан сонгууль гэхээр ухаанаа тавиад туучихдаг. Харин дараа нь гэвэл боддог хүн цөөхөн. Онцгой тохиолдол болохгүй бол аль нэг нь ялж л таараа. Яагаад онцгой гэхээр манай төр нурж байгаа учраас юу ч болж болно. Төрийн энэ нуралтыг нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хаацайлах боломжгүй. Энэ тухай ярих гэсэн юм…
1. Намын систем
Төр юунаас бүрддэг вэ ? гэсэн энгийн асуултад тийм ч амархан хариулж болдоггүй юм. Манай төр бол хоёрхон намаас бүрддэг. Энэ хоёр нам нь хэдхэн олигархуудаас бүрддэг. Олигархи бол цөөнхийн засаг, ардчилал бол олонхийн засаг. Иймээс Монголд ардчилал байхгүй.
Үүнийг нотлохын тулд “онол монол” болоод давхиад байх хэрэг байхгүй. Хэнд ч ойлгомжтой асуудал. Манайд өмч хувьчлалын үеэр нийгмийн болон байгалийн байгалийн баялгийг завшсан олигархи давхраа (анги) засгийн эрхийг барьсаар олон жил болж байна.
Тэд дандаа цэвэр ариун хөдөлмөрөөрөө баялаг олоогүй. Олигархууд эрх мэдэл, эд баялгийн хэт шуналаасаа болж өрсөлдөөн тэмцэлд орж Монгол Улсыг хөлдөө үрэх хэмжээнд хүрээд байна. Бид үүнийг зогсоох ёстой.
Би тэдний хөрөнгийг хурааж шоронд хийх гээд байгаа юм биш. Надтай надгүй тэд бие биенээ шоронд хийгээд байна. Энэ байдал цаашид эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Хэрэв энэ чигээрээ байвал Монгол Улс олигархуудын өрсөлдөөний улмаас шоронжсон улс болно.
Үүнийг хэн ч хүсэхгүй байгаа боловч ийм болдог жамтай. Яагаад гэвэл нийгмийн үйл явцын өрнөл, зүй тогтол гэж байдаг юм. Иймээс сонгуулийн дараа нам хоорондын болон нам дотоодын өрсөлдөөн тэмцэл улам хурцдана. Үүнийг зогсоох боломж байхгүй.
Тэхээр намуудыг яаж шинэчлэх вэ гэдэг асуудал гарч байна.
2. Төрийн удирдлага
Төр бол удирддаг. Төр бол хамгийн муу мененер гэсэн хэлц үг тодорхой жижиг түвшинд байж болох асуудал болохоос макро түвшинд нийгмийг төрөөс өөр удирдах ямар ч субъект байхгүй. Монголын нөхцөлд төрийн ролийг үгүйсгэнэ гэдэг бол монголыг сөнөөнө гэсэнтэй адил.
Харин төр өөрөө бодлоготой байх ёстой. Бодлого гэдэгт би төрийн бодлого нэртэй хэнд ч хэрэггүй 300 гаруй цаасыг хэлж байгаа юм биш. Харамсалтай нь манай төр бодлогогүй болсон. Энэ нь олигархуудын дураараа авирладагтай шууд холбоотой.
Үндсэн Хуулийг зөрчиж, төрийн удирдлагын суурь зарчмууд, салбарын болон орон нутгийн удирдлагын зарчмуудыг хольж хутгадаг явдал жирийн үзэгдэл болсон.
Төрийн удирдлагын энэхүү алдаа согог сонгуулийн дараа улам хурц тод болох бөгөөд үүнийг аргацаах, торгоох боломж бас л байхгүй.
Төрийн удирдлагыг буюу Үндсэн Хуулийг хэрхэн яаж өөрчлөх эсэх асуудал гарч байна.
3. Боловсон хүчин
Аль ч улс гүрэн үндэстнийхээ хамгийн шилдэг тэргүүний хүмүүсээ төрдөө ажиллуулдаг атал манайх хамгийн тэнэгүүдийг ажилуулдаг зарчимтай болж байна. Энэ бол төр мөхөхийн үндсэн шалтгаан мөн.
Ах дүү, хамаатан садан, танил тал гэсээр байтал манай төрийн алба цус ойртож төрийн алба залгуулах ямар ч чадваргүй болоод байна. Энэ утгагүй байдлыг таслан зогсоох үйлдлийг хэн ч эхлэхгүй байна.
Төрийн албан хаагчид боловсрол мэдлэг нимгэнтэйгээс гадна албан тушаалаа ашиг олох хэрэгсэл гэж үздэг “нянтай” учир ажил сөнөөх хамгийн шилдэг хэрэгсэл болж байна.
Ажлын арга барилын хамгийн харгис дэглэм тогтсон учир идэвхи санаачлага, шинийг эрэлхийлэх, бүтээлч хандах явдал төрийн албанд үгүй болов.
Төрийн албаны энэ ялзралыг зогсоох боломж байхгүйгээс гадна сонгуулийн дараа улам хурц хэлбэрт орно. Өөрөөр хэлбэл боловсон хүчний тэнэглэлийн оргил үе болно.
Боловсон хүчний системд ямар өөрчлөлт оруулах вэ гэсэн суурь асуудал гарч байна.
4. “Бүтээн байгуулалт”
Бодсон төлөвлөсөн юмыг бүтээн байгуулалт гэдэг. Юу ч хамаагүй барих тухай ярихыг хэн ч бүтээн байгуулалт гэж хэлдэггүй. Манайд эхлээд гадаадаас мөнгө зээлж байна. Тэгээд түүнийгээ олигархуудад хувааж өгч байна. Тэд нь юу ч хамаагүй “бодож олж” байна. Үүнийг бүтээн байгуулалт гэж байна. Энэ бол зөрчил тэмцлээс өөр зүйл биш.
Жинхэнэ бүтээн байгуулалт бол эхлээд бодож төлөвлөдөг, улс орны нийгэм-соёлын бусад системтэй холбодог, үр дагаврыг нь тооцсоны үндсэн дээр хийдэг бүтээлч үйлс.
Юу ч бодохгүй ажил хийхийг тэнэглэл гэдэг. “Буцахдаа шороо тээнэ” гэдэг болох нь гарцаагүй. Тэгээд ч өөртөө ашиг унагаж, хулгай хийх сэтгэлгээгээр бүтээн байгуулна гэсэн ойлголт энэ дэлхийд байхгүй. Бодлогогүй “бүтээн байгуулалтын” маргаан зөрчил улс төрийн тэмцлийн хурц хэлбэрт гарцаагүй орно.
Үүнээс болж засгийн газар унах хэмжээнд ч хүрнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж мөнгө цацах бодлого бүрэн дампуурсан, одоо эдийн засгийн шинжлэх ухааны үндэстэй, алсыг харсан, зорилго чиглэлтэй огт өөр бодлого баримтлах ёстой. Үүнийг хэн ч хэлэхгүй байгаа.
“Бүтээн байгуулалт” буюу эдийн засгийн энэ үхээнц бодлогыг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуудал гарч байна.
5. Хойч үеийн соёл боловсрол
Энэ хүүхдийн хүмүүжил боловсрол арай хэтэрлээ. Бид тэдэнд “эрх чөлөөнөөс” өөр юу ч өгсөнгүй. Уг нь мэдлэг боловсрол, соёл, мэдээлэл өгөх ёстой. “Эрх чөлөө” өгсөөр байтал бид бараг “гэмт хэрэгтэн” бэлтгэж эхэллээ.
Одоо бүр байчихаад бүх хүүхдийг адилхан сургана гэсэн “гүн ухаан” дэвшүүлж байна. Хүүхэд болгоны авъяас чадварыг хөгжүүлэх нөхцлийг бий болгохыг зорих ёстой мэт санагдана. Монгол Улс бүх зүйлээ хүүхдэд зориулах ёстой ба харин тэднээс ганц л зүйл бид шаардана.
Энэ бол сурах гэсэн цорын ганц хөдөлмөрөө хий гэсэн албадлага юм. Албадлага шүү. Бид ингэх эрхтэй ба үүрэгтэй.  Манай сайд “мэдээллийг хүүхдэд хүчээр тулгаж байсан” гэж хуучин системийг шүүмжилж байна. Хуцваа л байна. Монголд Та нараас болж сайн дураараа сурдаг хүүхэд “өдрийн од” шиг болсон.
Манай нийгэм бүх нийтийн залхуурал, зугаа цэнгэлийн нийгэм болсон байна. Шинжлэх ухааны нэр хүнд ач холбогдол буурч, харсаар байтал харанхуй мунхаг хойч үе өсч байна. Ийм нөхцөлд нэг хэсэгтээ мэдлэгийг “хүчээр тулгахаас” өөр зам байхгүй.
Тэгээд ч өөрсдөө өдөр болгон хулгай худлаар амьдарч байж хүүхдээ үнэнч шударга, шинжлэх ухаанд дуртай болгож хүмүүжүүлэх гэвэл бол утгагүй. Иймээс өөрсдөөсөө эхлэх ёстой нь мэдээж хэрэг.
Манай хүүхдүүдийн эх оронч хүмүүжил бараг тэгтэй тэнцүү байна. Бид даяарчлалын дэлхийн иргэд биш, Монгол Улсын иргэд бэлтгэж байгаа гэж санана.
Эндээс хүүхдийн боловсрол хүмүүжлийн талаар ямар систем бодож төлөвлөж байна гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Үүнийг харахын тулд ямар нэг гоц ухаан, тусгайлсан мэргэжил боловсрол хэрэггүй гэж санана. Хэрэв 3-4 жилийн цаадахыг “харахгүй” бол улс төрөөр оролдож үхснээ хийнэ. Гэхдээ би монголчуудыг 3-4 жилийг цаадахыг “хар” гэж хэлээгүй, ядахдаа 3-4 сарын цаадахыг төсөөлж болно биз дээ.
Ямар ч хүн харсан дэндүү ойлгомжтой асуудлууд шүү дээ. Эдгээр нь хоорондоо шүтэн барилдлагатай, нягт холбоотой амин асуудлууд бөгөөд эдгээрээс зайлсхийх, тойрох, бөөрөнхийлөх нь шууд утгаараа улс төрийн заль мэх мөн.
Аливаа заль мэх наад тал нь 3-6 сарын дараа, цаад зах нь 1-2 жилээс хэтрэхгүй мухарддаг гэдгийг бид ухаарах ёстой. Хэрэв нэр дэвшигчид эдгээр асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаагүй бол Монгол орон, монгол үндэстний өмнө тусгамдсан бодит байдлаас зайлхийж цаг нөхцөөж байгаа хэрэг болох нь ямар ч эргэлзээгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.

URL:

Сэтгэгдэл бичих