Шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөл оролцдог боллоо
Шүүхийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд боловсруулан, баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар иргэд шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил таслах эрхтэй оролцохоор болсон. Анхан шатны шүүхийн хуралдаанд гурван шүүгч оролцдог байсан бол энэ хуулийн дагуу 2 шүүгч, 1 иргэдийн төлөөлөгчийн хамт хэргийг хянан хэлэлцэх аж.
Саяхан болтол иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад саналаа бичгээр гаргах төдийхөн “мэдэлтэй” байсан бол одоо мэргэжлийн шүүгчтэй эн тэнцүү эрхтэйгээр хэргийн зөв бурууг шүүх болж байгаа юм. Ингэснээр шүүх олон нийтэд ил тод, нээлттэй байх, олон нийт нь шүүн таслах буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд шууд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа талаар мэргэжлийн хүрээнд үзэж буй юм.
Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм журмыг боловсруулах болон бусад бэлтгэл ажиллагаа энэ оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хийгдэнэ. Энэ бэлтгэл ажил хангагдсаны дараа иргэд шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцож эхлэх юм.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: