Ерөнхийлөгчийн сонгууль гадаад дахь монголчуудын эх оронч үзлийн илэрхийлэл болох ёстой

bd69f31cb306fd21bigӨнгөрсөн жил түүхэнд анх удаагаа саналаа өгсөн гадаад дахь монголчууд удахгүй бас нэгэн түүхэн мөчийн гэрч, оролцогч болох гэж байна. Даяаршиж байгаа дэлхийн хувьд хүн ер нь хаа оршин сууж, ямар улсад сурч хөдөлмөрлөж байгаа нь сонин биш, аль улсын иргэн бэ гэдэг л тодорхойлох гол хүчин зүйл болдог аж. Өчигдөр Дэнвэрт, маргааш Өмнөговьт сууж байх нь ердийн үзэгдэл болжээ. Тиймээс ч яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлахгүй гэдэг шиг хаана оршин сууж байгаагаасаа үл хамаараад анх удаагаа Ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцох боломж  та бидэнд тохиож байна. Монголын түүхэнд бичигдэх үйл явдал болж байхад улс төржихгүй гээд гэртээ сууж байж таарах гэж үү?

Гадаад паспортын хуулгаас өөр юм хэрэггүй

Гадаад дахь монголчууд 5 сарын 29-ны өдрийг хүртэл бүртгүүлнэ. Цөөхөн хоног үлджээ. Бүртгүүлэхэд их олон материал бүрдүүлнэ гэж халширч байгаа хүмүүс байж мэднэ. Яг үнэндээ бол паспортын нүүр хуудас л хангалттай юм билээ л дээ. Учир нь яв цав нийлж байх ёстой гуравхан мэдээлэл нэхсэн нь гурвуул паспорт дээр буй: Овог нэр, төрсөн он сар өдөр, Паспортын болон регистрийн дугаар.

Маягт дээр байгаа үлдсэн гурван асуулт бол яах вэ дээ, заавал таарч байх албагүй мэдээлэл юм. Учир нь Монголд амьдарч байсан, мөн энд байгаа хаяг солигдох боломжтой шүү дээ. Өчигдөр та нүүгээд өөр хаягтай ч болсон байж болно.  Тийм ч учраас хаяг зөрж байна гэсэн шалтгаар таныг үл бүртгэх тохиолдол бол гарахгүй. Гурван асуултаа лзөв  бөглөөд, заавал биеэр ирэх ч хэрэггүй, и мэйл, факсаар илгээгээд л бол оо.

Зөвхөн дипломат төлөөлөгчийн газар

АНУ-ын баруун, зүүн эрэгт л манай дипломат төлөөлөгчийн газар байдаг учраас төвийн мужуудын монголчууд сонгуульд оролцож чадахгүй нь хэмээн халаглаж байх шиг байна. Сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан мэдээллийн доор тийм сэтгэгдэл олныг бичжээ. Энэ ч аргагүй тавих л ёстой шаардлага. Гадаад дахь монголчууд сонгох эрхээ ямар ч байсан олж авсан, одоо арга хэлбэрийг нь өөрчилж, шуудангаар, он-лайнаар саналаа баталгаажуулдаг болохын төлөө тэмцэх нь зүйтэй. Гэхдээ энэ бол дараачийн асуудал. Нэгэнт одоогийн хуулинд “дипломат төлөөлөгчийн газар” өгнө хэмээн заасан байгаа тул тэнд ойр амьдарч байгаа монголчууд чадвал бүгдээрээ, хол байгаа нь сэтгэл гаргаад ирэх тухай л одоохондоо бодох хэрэгтэй байна.

Хөлбөмбөгчдөөс үлгэр ав

Хийх ёстой гэж боддог юмдаа, дуртай зүйлдээ цаг заваа, мөнгөө гаргадаг заншлыг Америк дахь монгол хөлбөмбөгчдөөс суралцмаар. Тэд жилдээ нэг цуглаж аваргаа шалгаруулна. Аварга боллоо гээд мөнгө төгрөгөөр шагнуулахгүй. Гагцхүү спортод дуртай, тэрнээсээ таашаал авах гэж, тэмцээнээ өргөжүүлэн хөгжүүлэх гэж жил бүр АНУ-ын аль ч мухарт тэмцээн болсон яваад л очдог. Ихэнх нь энэ жил явах уу, байх уу гэсэн бодол, эргэлзээ байхгүй, явах л ёстой гэсэн “өгөгдөл” тархинд нь болоод гэр бүлийн санхүүд бүр суучихсан.

Сонгуулийн хувьд иргэд яагаад тийм байж болохгүй гэж? Дөрвөн жилд ганцхан удаа болдог зүйлд би очих ёстой, саналаа өгөх ёстой гээд яагаад хөлбөмбөгчид шиг хүрээд ирж болохгүй гэж? Хөлбөмбөгтэй ч харьцуулшгүй байх л даа, гэхдээ л тэд спортоос таашаал авдаг шиг та бидний дунд улс төр ярьж, дэмждэггүй намынхаа хүнийг асар их муулж таашаал авдаг хүмүүс байдаг даа. Дуртай юмдаа цаг заваа гаргахыг хөлбөмбөгчдөөс сур гэж би тэдэнд л аминчлан захимаар байна. Үнэндээ бол ач холбогдол, агуулгаараа бол юун хөлбөмбөг, юун зүгээр нэг дуртай юм, улс эх орны ирээдүйг шийдэж байгаа амин чухал асуудал шүү дээ. Эх оронч байцгаая, эхний илэрхийлэл-саналаа өгцггөе.

Хамгийн олон сонгогч ирэх магадлалтай хот – Чикаго, Роанок

Вашингтон хотноо ойролцоо орших, хамгийн олон сонгогчтой хот бол Роанок. Зуугаад монгол байдаг гэсэн тооцоо бий. Дөрвөн цаг давхих газар. Роанокийнхон Вашингтонд  ирж монгол руу газрын ачаа их илгээдэг юм билээ. Ачаагаа одооноос бэлдэж байгаад 6 сарын 14-16-нд давхиж ирэнгүүтээ, саналаа ч өгчхөөд, юмаа ч явуулчихад бол болохгүй юмгүй дээ.

Монголчуудын хамгийн олноор суудаг атлаа дипломат төлөөлөгчгүй газар бол Чикаго хот. Уг нь улс төрийн болоод бусад идэвхээрээ монголчуудынхаа дунд өндөрт ордог газар л даа. Машинаар арван цаг давхина гэж байгаа. Монголд зарим малчин сумынхаа төвд очиж саналаа өгөхөөр 10 цаг морины нуруун дээр явж байсан тохиолдол бий шүү. Гээд бодвол бас болохгүй ч юмгүй. Бөөнөөрөө нийлээд нэг машинд суугаад давхичихвал ч газар амар хорно, зардал ч бага тусна, хожмоо Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гээд Чикагогоос вашингтон хүртэл давхиж билээ гээд үр ач нартаа ярьж суувал эх орноо бодож  явсны тань илэрхийлэл болохгүй гэж үү?

5 сарын 29 дөхсөөр. Цагийн зүү таны миний эх оронч үзлийг шалган цохисоор байна шүү. Чаг чаг чаг, бүртгүүлсэн үү, та?

М. Саруул-Эрдэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих