Ийм даргатай МАН яана аа?!

2013052415tБ.ОНОН

Цаст уулын цагаан бар цагаа болохоор… гэсэн үг бий. Ганц үгээр илэрхийлбэл, доройтох гэсэн утга.

Олон жил Төр гэгч цаст уулын оройд заларсан Ардын нам өнгөрсөн сонгуулиар түүхэндээ бараг анх удаа унаж үзэв. Нэгэн зэрэг бүх сэнтийгээ “хураалгасан” энэ нам ялагдлын шок гээчийг үзэж, тэр нь өнөө хэр нь гараагүй тухай улс төрийн хүрээнийхэн ярьсаар л байна.

Шоктой үеийн томилгоо юу, ялагдсан намын даргын сэнтийд суух хүн олдсонгүй юу, Ө.Энхтүвшинг намын даргаар тавьснаас хойш хэдэн сар өнгөрлөө.

Анхны  шалгуур нь Орон нутгийн сонгууль байсан ч тэр намынхаа хамаг байдгаа тавиад туусан.

Дараагийнх нь Ерөнхийлөгчийн сонгууль байв. Хэзээнээсээ дарга нь азаргалж, өрсөлдөгчгүй шахам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байсан Ардын намын уламжлал энэ удаад эвдэгдлээ.

Хөөрхий, Ө.Энхтүвшин дарга Бага хурлынхаа үеэр Б.Бат-Эрдэнэ аваргатай хоёр хайнцаад, гурав дахид нь ялагдсан гэж байгаа.

Ялсан Б.Бат-Эрдэнэ сурталчилгаандаа мордохтой зэрэгцэн Ө.Энхтүвшин дарга өөрийгөө хамгаалах PR хийж эхлэв.

Ардын нам ардчиллыг бодож, намын даргаа бус сул гишүүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ хэмээн мэдлийнхээ сониноор бичүүлж байна. Ө.Энхтүвшин дарга Б.Бат-Эрдэнэ аваргаа нэр дэвшүүлэхээр Бага хурлын санал хураалт дээр бараг л нэрээ татсан юм шүү, тэгээгүй бол намын дарга хүн хоёр тэнцэнэ, тэгээд ялагдана гэж юу байхав гэсэн мэдээллийг харьяаныхаа телевизээр өгүүлж байна. Ядарсан л арга юм уу даа.

Яг үнэндээ Ардын нам түүхэндээ Ө.Энхтүвшин шиг сул даргатай байж үзээгүй биз ээ.

Ө.Энхтүвшингийн үед л энэ нам Өвөрхангайн хоёр, Баянзүрхийн нэг суудлыг эрх баригчдад алдлаа. Өөрийг нь байсан ч эхнэрийг нь “эзгүйчилдэг” дээрэнгүй авирыг Ардчилсан намынхан ичиж улайхгүйгээр энэ даргын үед л гаргаж чадаж байна.

Шүүх хурал нь товлогдоод, хойшлогдоод байгаа Лениний музейн үзмэрээр “наадсан” хэрэгт Ардын нам яллагдах нь бараг тодорхой гэнэ лээ. Аягүйдвэл Батаарын хэргээр хэдэн хүн нь шүүхийн өмнө очиж магадгүй дуулдана.

Энэ мэтчилэн улстөржсөн, эсвэл намжсан асуудалд Ө.Энхтүвшин намынхаа ерөндөг байж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс эрх баригчид, өрсөлдөгчид нь л хүсвэл Ардын намыг өнөөдөр яаж л бол яаж хөдөлгөж байгаа тухай учир мэдэх хүмүүс яриад удлаа.

Энэ янзаараа улс төрийн сөрөг хүчин гэх албан бус томъёоллын нэр хүндийг ч унагаж мэдэх гэнэ.

Сарын дараа сонгууль болно. Ардын намын нэр дэвшигч өнөөдөр нэр хүндтэй байна. Гэхдээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аварга намаа гоё харагдуулж, даргаа халхалж байгаа хэрэг.

Харин Ө.Энхтүвшин намаа индианчуудын тахиа болдог дорой бүргэдийн үлгэрийн замаар оруулж мэдэх нь гэцгээж байна. Уг нь бүргэд, тахианы үүрэнд байсаар нисдэггүй, өндөрт гарч чаддаггүй тахиа шиг болчихсон эмгэнэлтэй үлгэр байдаг ажгуу.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих