Н.Алтанхуяг: Тагнуулын газар өөр хүмүүст зориулж мэдээлэл гаргадаг, одоо бүр хувьчилж авах нь л дээ
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн долоо хоног бүр “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй хоёр дахь уулзалтаа сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд “Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, түүнээс дээш оноо авбал бүрэн чөлөөлнө. Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд барилгын компаниудыг дэмжихэд 380 тэрбум төгрөг зарцуулж байгаа.
Байшин үйлдвэрлэх комбинат төсөлд шаардагдах хөрөнгийн бондын хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Нийт хөрөнгийг гуравны нэг буюу 14 сая долларын санхүүжилтийг хийлээ.
Энэ төслийн хүрээнд нэг ээлжинд 5000 айлын орон сууц угсарна, 2500 ажлын байр бий болно. Засгийн газрын иргэдээ сонсох “1111″ төвийг олон улсын шинжээчид үнэлж, эхний ээлжинд Малайзын Засгийн газарт танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
21 аймагт ийм нээлттэй утас ажиллаж эхэлсэн. Үлэг гүрвэлийн олдвор маань эх орондоо ирлээ. Олон нийтэд хүүхдийн баяраар үзүүлнэ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж нийслэлийн удирдлагууд тендер зарлаж худалдан авалт хийхдээ аль болох дотоодын бүтээгдэхүүнээ авч эхэлж байна.
Монгол улс 2016 онд тандалт судалгаа, холбооны хиймэл дагуул хөөргөнө. Боловсон хүчнээ бэлтгэж байгаа. Энэ хүрээнд оюутнуудын дунд КАНСАТ тэмцээн болж, пуужин хөөргөлөө. Увс аймагт бензин 80 төгрөгөөр хямдарлаа.
Ховд аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг нэг тн-ийг нь хоёр дахин хямдруулж 14 мянган төгрөгөөр өгч байна гэхчлэн өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Үүний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөв.
-Таныг 17 тэрбум төгрөгийн тендертэй холбож яриад байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Надад тийм тендерт ороод явдаг зав ч алга, хөөцөлдөж явах сонирхол ч алга. Сонирхолын зөрчилтэй тийм зүйлд угаас оролцохгүй. Энэ бол ерөөсөө намайг хээл хахуультай тэмцэхээр цочиж сандарч байгаа хүмүүсийн хийж байгаа ажил гэж ойлгож байгаа. Надад тийм зөрчил байхгүй. Байгаа ч үгүй.
-Хайрганы үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаатай холбоотойгоор барилгын компаниудын ажил зогсож байна гэсэн мэдээлэл байна?
-Бид өвөлжингөө ярьсан юм. Хавар болохоор ажил эхэлнэ шүү гэж сануулсан. Хан-Уул дүүргийн ИТХ хуралдаж тийм шийдвэр гаргасан. Тэгээд би дүүргийн ИТХ-ын даргыг дуудаад үүнийгээ боль, бүтээн байгуулалтын ажил эхэлж байхад нэг дүүргийн хурал үүнд тээг болж болохгүй гэж хэлсэн. Ойрын үед энэ асуудал шийдэгдэх байх. Бусад үед нь юу хийж байсан юм. Гэнэтхэн л цочсон юм шиг хаачихсан байна билээ.
-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэсэн. Таныг дуудаж байцаасан уу?
-Ямар авлигын асуудал байгаа юм. Харин хэвлэлээр тийм мэдээ яваад байна гэнэ. Тэгэхээр би та нарт хэлээд байна шүү дээ. Энэ хээл хахууль, авлигатай зүгээр тэмцчихдэг юм гэж бодож байна уу. Үүнтэй тэмцсэн хүн бүхэн авлигын хэрэгт холбогдсон болж харагддаг байх.
-Урт нэртэй хууль батлагдсанаас хойш олон компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахаа больсон. Одоо үлдсэн, нөхөн сэргээх шаардлагатай олон газар байна. Үүн дээр ямар байр суурь баримтлан ажиллаж байгаа вэ?
-Голын эх орчим болон ойн сав газраар байрлаж буй ашигт малтмалын ордуудыг хаах шийдвэрийг өнгөрсөн УИХ, Засгийн газрын үед гаргасан. Тэгэхдээ нөхөн сэргээлтээ хэр зэрэг хийж байгааг нь харахаар болсон. Мэдээж уул уурхайн компаниуд нөхөн төлбөр авах учиртай. Гэвч нөхөн сэргээлтээ олигтой хийгээгүй бол тэр хоёр бараг дүндээ дүн болоод орхигдчихож байгаа юм.
-100 мянган айлын орон сууцны хохирогчид гээд хэсэг бүлэг хүмүүс гадаа жагсаж байна. Тэдний асуудлыг шийдэх үү?
-Энэ бол шоу байсан гэдгийг бид өмнө хэлсэн. Үүнээс болж олон иргэн хохирсон. Гэхдээ бид энэ иргэдийг хохироохгүйн тулд найман хувийн хүүтэй зээлд хамруулахаар ажиллаж байна. Энэ хоёр хүүний хооронд нэг их ялгаа байхгүй байлгүй дээ.
Энэ зээлийн талаар бид Монгол-банктай ярьж байгаа. Ямар болгоомжлол байгаа вэ гэхээр өнөөдөр шууд зээл өгнө гэхээр байшин нь баригдаагүй байгаа болохоор маш урт дараалал үүсчихнэ. Хэрвээ бид одоо зээл өгч эхэлбэл байшингийнх нь үнэ өсчихнө.
Зургаан хувийн хүүтэй зээлийн алдааг тэгж давтах эрх бидэнд байхгүй. Үүнээс Засгийн газар болгоомжилж байгаа учраас эхлээд барилгын компаниудад зээл өгч, барилгаа бариулж байя л даа. Олон байшин байвал, иргэд ядаж үнэ нь өсөөгүй орон сууц авна шүү дээ.
Бид гарч ирээд найман cap л ажиллаж байна. Энэ хооронд худлаа хэлэхгүй, шоудахгүй ажил хийе л гээд явж байгаа юм. Ямар ч байсан тогтолцоо нь маш зөв зүйтэй болж ирж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Бондын хөрөнгийн зарцуулалт дээр хэрхэн хяналт тавьж ажиллах вэ. Хэрвээ хөрөнгө оруулалттай холбоотой зөрчил гарвал ямар хариуцлага тооцох вэ?
-Бондоос өнөөдөр 400 орчим сая ам.доллар үлдээд байна. Бусад нь тодорхой төслүүддээ зарцуулагдах нь ойлгомжтой болоод яригдсан байгаа. Хяналтыг нь УИХ, Засгийн газрын зохих байгууллагууд тавина л даа. Мөнгө яаж зарцуулагдаж байна вэ гэхээр төсөл хөтөлбөрүүд Хөгжлийн банкинд очиж, түүнийг нь шалгана.
Зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийн тал дээр мэргэжлийн хяналт, аудитын байгууллагууд хянах нь ойлгомжтой. Мэдээж парламент дээр ч хяналт байх ёстой. Манай цөөнх энэ тал дээр болгоомжилж байгаа. Аль аль талд нь болгоомжлол байгаа ч хоосон ярилгүй, ажил хийх хэрэгтэй.
-Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр гарсан ч шүүхээр асуудал явж байгаа. Үүнийг яаж шийдэх вэ?
-Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг шүүхэд өгчихсөн заргалдаад явж байна. Одоо тэгээд шүүх яаж шийдэх юм бүү мэд. Дөнгөж сая би Төрийн өмчийн хорооны төлөөллийг шүүхэд Засгийн газрыг төлөөлөн оролцох хэрэгтэй гэсэн чиглэл өгчихөөд ирлээ.
Шүүх хурал нь ойрын үед болох юм байна. Уг нь тэр музейг өгчих л хэрэгтэй юм. Ленин байхгүй юм чинь гүрвэлийг нь оруулъя л даа.
-МУНН-аас таныг Тагнуулын Ерөнхий газрын даргыг хууль бусаар томилсон гэж хэлж байгаа. Энэ тал дээр таны байр суурь?
-Одоо тэгээд заргалдах л байх даа. Өөр яахав. Адгийн зарга арав хоног гэгчээр л юм болно биз. Би нэг агентлагийн дарга тавьж болохгүй юу. Одоо тэгээд Засгийн газар юу хийх юм бэ. Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгоё гэж хэлэхэд шүүхдлээ.
Нэг агентлагийн даргыг тавилаа, бас л шүүхдэнэ. Тэгээд энэ ажлыг яаж хийх болж байна. Би ер нь тагнуулын байгууллагын тухайд хатуу байр суурьтай байгаа. Уулзсан дээрээ хэлчихье. Монгол Улсын нүд чих болох учиртай газар. Засгийн газар зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангаж байх учиртай газар биз дээ.
Энэ газрын удирдлагыг солих гэхээр юу нь болохгүй байна вэ. Харин ч өөр хүмүүст зориулж мэдээлэл гаргадаг газар болгох гээд байх юм. Улсын байгууллага бол улсынх л байх ёстой. Бүх юмыг хувьчилж авах нь л дээ. Би гурван жишээ хэлье. Нөгөө Якунинаас ирсэн захидал сонин дээр гарсан байсан.
Би Тагнуулын Ерөнхий газрын даргаас “Мэдээлэл гаргасан хүнийг нь олоод ир” гэж хэлсэн. Ажлаа хийгээгүй. Солонгосоос Монголд шатахуун оруулъя гэтэл хэдэн авлигач нийлээд Солонгосын компаниас хахууль авчихсан байгаа юм. “Үүнийг шалга” гэж хэлтэл бас л шалгаагүй.
Роснефть дээр очоод бензинийхээ үнийг битгий буулга, харин нэмэх хэрэгтэй гэж хэлсэн нөхөр байна гэсэн. Шалга гэж хэлсэн шалгаагүй. Ийм байгууллагын даргыг би өөрчлөхгүй яадаг юм бэ.
Агентлагийн даргыг сольж чадахгүй Ерөнхий сайд байж болох уу. Дэлхийн хаана тийм сайд байна вэ. Ганц дарга сольж чадахгүй хүлүүлсэн юм шиг ажил хийнэ гэж байхгүй. Үүн дээр би байр сууриа хатуу илэрхийлж байна.
О.Ууган
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: