“Улаанбаатар такси”-ны жолооч нар үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө нэхэн хэл амаар доромжилдог
Энэ удаагийн “Mobile news”-ээр Бодь группийн харьяа “Улаанбаатар такси”-аар үйлчлүүлэхдээ удаа дараалан хулхидуулж, дарамтлуулж элдвээр доромжлуулсан иргэн “З” бидэнтэй холбогдож өөрт тохиолдсон үйлдлийн талаар өгсөн мэдээллийг хүргэж байна.
“Би Улаанбаатар таксигаар цөөнгүй жил үйлчлүүлж ирсэн иргэн “З” гэгч байнаа. Өнгөрсөн 4 сарын үед би 1-р хорооллоос “Центруал таур” орохоор тус компанийн таксигаар үйлчлүүлэхэд тухайн таксины жолооч километрийнхээ үнийг нэмж авсан хоёр ч удаагийн үйлдэлтэй тулгарч шударга бус үйлчилж байгааг нь хэлсэнийхээ хариуд гичий нохойгоороо дуудуулж элдвээр доромжлуулаад зодуулахаасаа өмнө буусан юм.
Учир нь тус такси компани километрийхээ үнийг 600 төгрөгөөр явдаг хэдий ч тухайн жолооч нар надаас 800 төгрөгөөр тооцож мөнгөө нэхэж итгэмээргүй ёс зүйгүй харьцсаар байж мөнгөө авсан юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт буюу 05 сарын 11-нд дээрхи үйлдэл надад дахин давтагдсан юм.
Би “Центруал таур”-аас 1-р хороолол орохоор үйлчлүүлэх замдаа бүтэн 40 минут “12-75 УНМ” гэх таксины жолоочийн дотоод сүлжээний станцаараа бусад жолооч нартайгаа элдвийн хараал ерөөл урсгаж явахыг сонсохын зэрэгцээ хүрэх газраа очоод тооцоогоо хийх гэтэл дахиад л 800 төгрөгөөр бодож мөнгөө нэхсэн юм. Тэгээд би энэ удаад арай ч дэндэнээ гэж бодоод тэр жолоочид 600 төгрөгөөр нь бодож төлбөрөө төлөх гэтэл машинаасаа бууж ирээд надаас мөнгийг минь булааж аваад намайг элдвээр доромжлоод машинаасаа чирч буулгаж орхиод яваад өгсөн.
Тэгээд би шууд тэр таксины санал хүсэлт авах 88101991 дугаарын утсаар холбогдож санал гомдол хүлээн авдаг ажилтантай нь холбогдож болсон бүх үйлдлийг хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа над руу эргэж холбогдоод манай ажилтны түмэн буруу болжээ, бид тухайн жолоочдоо өндөр хариуцлага тооцож ажилланаа, өнөөдөр ажлын цаг тарсан байгаа болохоор бид ирэх долоо хоногийн даваа гарагт ажил эхлэхээр тухайн жолоочдоо ямар хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авсан талаараа танд мэдэгдэе гэж хэлээд одоог болтол таг чиг л алга боллоо.
Ингээд арга буюу танай сайттай холбогдож өөрт болон надтай адил олон үйлчлүүлэгч нарт тохиолдсон дээрхи явдлыг мэдээлэл болгон гаргуулж байна. Ер нь тэгээд ёс суртахуургүй бүдүүлэг жолооч нар нь зорчигч, үйлчлүүлэгч нартайгаа ингэж танхай балмад харьцаж байхад ямарч арга хэмжээ авахгүй байгааг нь үзэхэд алаад хаясан байсан ч тоохгүй л өнгөрөх юм байна гэж бодож байгаагаа энэ дашрамд хэлмээр байна” хэмээлээ.
Ийнхүү “Такси тээврийн үйлчилгээг шуурхай, чанартай хүргэж. Хамгийн сүүлийн үеийн техник, тоноглол бүхий шуурхай удирдлагын төв, шинэ, аюулгүй тээврийн хэрэгслээр хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцүүлэн ажиллана” хэмээх уриатай “Улаанбаатар такси”ний жолооч нар зорчигч, үйлчлүүлэгч нарыгаа алах л үлдэж дээ.
http://read.dorgio.mn/11325.html
URL: