Ерөнхий сайдын томилгоо улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэв

6a9f3c5b527689d699d694b9128c2c94_LУлс орны аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын даргаар мэргэжлийн бус хүн хууль зөрчин томилж буйг эсэргүүцэж  Монголын уламжлалын нэгдсэн намаас УИХ-д суудалтай намуудад хандан уриалга гаргав.

 Өмнө нь ТЕГ-ын дэд даргаар томилогдоод албан тушаалаа өгч байсан Б.Ариунсаныг энэ удаа тус газрын даргаар томилсон нь хууль бус хэмээн МУНН үзэж байгаа аж. Түүнийг өмнө нь ТЕГ-ын дэд даргаар томилогдох үед нь иргэн Б.Лхамжав Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаснаар түүнийг энэ албан тушаалд томилсон нь хууль бус үйл ажиллагаа байна хэмээн үзэж албан тушаалыг нь хурааж байсан билээ.

Гэтэл дэд даргын албан тушаалд ч тэнцээгүй хүнийг даргаар томилох нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй иргэдийг доромжилж байгаа үйлдэл хэмээн МУНН-ынхан үзэж  байгаа юм. МУНН-ын гишүүн Л.Өвгөнхүү, “Шинэчлэлийн Засгийн газар хууль дээдлэн ажиллана гэж ярьдаг. Гэвч энэ нь оргүй хоосон үг гэдэг нь харагдаж байна.Тагнуулын тухай хуульд ТЕГ-ын даргаар төрийн байгууллагад 15 жил ажилласан, ТЕГ-т таваас дээш жил ажилласан мэргэжлийн хүнийг томилно гэж заасан байдаг. Гэтэл Б.Ариунсан тагнуулын мэргэжлийн бус эдийн засагч хүн. Энэ албан тушаалыг мэргэжлийн бус хүнд өгнө гэдэг нь мужаанаар зүрхний хагалгаа хийлгэхтэй адил зүйл. Түүнийг энэ албан тушаалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилсон юм билээ. Өмнөх Засгийн газар тагнуулын байгууллага бол улс төрийн бус мэргэжлийн байгууллага тул Засгийн газар хувийн ашиг сонирхлын үүднээс энэ байгууллагатай харьцахгүй байх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн.

Гэтэл Ерөнхий сайд энэ хүнийг яагаад ТЕГ-ын даргаар томилох гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Магадгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг ашиг сонирхлын үүднээс томилсон ч байж мэднэ. Энэ хоёрыг дундаа нэг компанитай гэж дуулсан. Эсвэл гадны их гүрнүүдийн шахалт байж ч мэдэх юм. Ямартай ч энэ томилгоо улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж мэдэх юм. Энэ хууль зөрчсөн арга хэмжээг таслан зогсоох хэрэгтэй. Манай нам УИХ-д суудалгүй учир энэ арга хэмжээг таслан зогсооход оролцох боломжгүй. Тиймээс УИХ-д суудалтай намууд энэ хууль бус үйл ажиллагаатай тэмцэх хэрэгтэй байна, улс орныхоо аюулгүй байдлын төлөө зөв шийдвэр гаргахад үзэл бодлоо нийлүүлээчээ гэж уриалж байна” гэв.

Ч.Ариунболд

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих