Жалганы улс төр ба Ерөнхийлөгч
Нэг гэрийн эхнэр нөхөр хоёр нам, намаараа талцан муудалцаж, хөнжилдөө нуруугаа харуулан хэвтдэг тухай шог яриа олон бий. Хөдөөд тэр тусмаа сум, багт энэ үзэгдэл газар авч, цай хоолны хачир болж байдаг билээ. Наргианы 80 хувь үнэн байдаг гэдэг нь арай “давстай” мэт боловч ерөнхийдөө бол үнэн юм. Өдгөө гурван сая хүрэхгүй монголчууд хоорондоо нам болон талцаж, хэдэн хэсэг хуваагддагаас болж маш их цаг, баялгаа алдаж Монгол орны нэн шинэ хөгжлийг хойш татаж буй нэгэн шалтгаан болжээ. Уг нь бол манай нийт хүн амын 40 орчим хувь нь л ямар нэгэн намын харъяалалтай гэж үздэг албан бус мэдээ бий. Намын гишүүнчлэлтэй нь ийм болохоос яг нам ярьж, намчирхдаг нь үүнээс хэд дахин цөөн юм. Хэдийгээр ийм боловч нам бүх зүйлийг шийддэг, нутгийн өөрөө удирдах ёс хэлбэр төдий байдгаас болж намчирхдаг гаж үзэгдэл ёс мэт тогтжээ.
Хөдөөд жалга довны, намчирхах үзэгдэл бүр ч гаарсаар байна. Үүнийг маш олон жишээгээр хэлж болно. Хамгийн сүүлийн хоёрыг л жишээлэхэд Увс аймгийн Зүүнхангай суманд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхан ялжээ. Гэтэл тус сумын их эмч МАН-аас сонгуульд нэр дэвшээд ялагдсандаа уурлаж бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах тангаргаа зөрчин “Та нар Ардчилсан намынхаа эмчид үзүүл” гэж байсан тухай хэвлэлүүд бичсэн. Үүнээс болж бяцхан хүү эмчийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Үүний дараа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн хурлын дарга өөрт нь тус болдог байсан залууг мөн л өөр намыг дэмжлээ гэж машинаараа дайрч эрүүл мэндэд нь халдсан мэдээлэл цацагдаж иргэдийн инээд, дургүй хоёрыг зэрэг хүргэснийг мартаагүй.
Энэ бүхэн монголчуудын намчирхах араншин хэтэрч, болохоо байсныг илтгэж буй. Хэдийгээр олон намын тогтолцоотой, парламентын засаглал нь ардчилсан нийгмийн чухал эд эс боловч цөөн хүн амыг хэт олон хуваасан зарим тогтолцоо бидний хөгжлөөс үргэлж чангааж байх юм. Дээр дурдсанчлан Нутгийн өөрөө удирдах ёс гэж нэг юм бий. Манай Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт уг нь “Нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эрх мэдлийн зохистой харьцааг тогтоон, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлнэ” гэж заасан байдаг юм. Гэвч энэ бүхэн зөвхөн цаасан дээр л үлджээ. Өнөөгийн Засгийн газар харин юу бодож байдгийг мэдэхгүй. Нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг энгийнээр ойлгуулах гээд үзвэл намуудын дунд сонгууль явуулж, ялсан нь Иргэдийн хурлыг гартаа авч, Засаг даргаа сонгон хэл ам болохгүй, нутгийн иргэд өөрсдөө хуралдан дундаасаа дарга нараа сонгон, төсвөө баталдаг байхыг хэлнэ. УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, дүүргийн хувьд намуудын дунд сонгууль явуулах нь зүйн хэрэг. Аль сайн мөрийн хөтөлбөр боловсруулж чадсан нь ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Харин сум, баг, хороонд л намуудын өрсөлдөөнийг хазаарлаж, иргэд өөрсдөө хуралдан бүх зүйлээ шийддэг Нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энэ ажлыг аль ч Засгийн газар барьж авч зүрхлэхгүй, барьж авсан нь ажил хэрэг болохгүй байгаа. Тэгэхээр ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван хүн үүнийг нэгэн зорилгоо болгож, мөрийн хөтөлбөртөө багтаавал сонгогчдын итгэлийг хүлээх нь зайлшгүй юм.
Бид хэтэрхий цөөхүүлээ. Манай хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт л гэхэд 1600-хан иргэнтэй Цагаан нуур сум байна. Говьсүмбэр аймгийн Баянтал сум 900-хан хүн амтай гэх мэтээр нам болж “тоглоход” даанч цөөн ажээ. Дээрх тоо бол нийт хүн ам нь. Харин сонгуульд оролцож, асуудал шийдэж чадах насанд хүрсэн иргэн нь түүнээс ч цөөн гэсэн үг. Чухам иймээс л сум, баг, хорооны төвшинд засаг захиргааных нь нэгжийн онцлогт тааруулан сонгуулиа хийдэг болъё гэж байгаа юм. Намаараа талцан нанчилдах зуурт бид дэлхийн хөгжлөөс дэндүү их хоцорч байна. Монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд мөрийн хөтөлбөртөө Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг тусгаж, түүнийгээ хэрэгжүүлчихвэл иргэддээ том буян болно доо.
Ө.БАТХYY /ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: