Нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлэв

1_1369270845Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хийж эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 10.00 цагийн орчимд нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар Сонгуулийн ерөнхий хороон дээр ирэх үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг, С.Одонтуяа, Р.Бурмаа, Ш.Түвдэндорж тэргүүтэй УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар цуг байлцав. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ, Засгийн газар, нийслэл, орон нутгийн удирдлага гээд бүрэн хамтарч асуудлаа шийдэх сайхан боломж бүрдэж байгаа. Энэ бүгдийг ашиглаад одоо юм бүтээх цаг болж байна. Бид өмнөхөөсөө илүү ихийг хийх шаардлагатай болж байгаа. Ингэхийн тулд бүгдээрээ хамтдаа Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе” хэмээн ярьсан юм. Үүний дараа тэрбээр Яармагийн дэнжийн “Шунхлай” шатахуун түгээх станц руу очиж, “Монгол-93” шатахуун авсан гэж байгаа. Тэгээд 14.00 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод очиж, сурталчилгааны ажлаа эхэлжээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Болдсайхан эмч нар түүнийг дагалдан явсан юм. Харин Дорнод аймгийн иргэдтэй 15:30 цагийн үед уулзсан байна.

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өчигдөр 11:40 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэх, батламжаа гардаж авлаа. Тэрбээр “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шударга болно гэдэгт итгэж байна. Иргэд, сонгогчид мэргэн сонголт хийнэ гэж найдаж байгаа” хэмээн хэлжээ. Түүнийг үнэмлэхээ гардаж авах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд болон тус намын гишүүд байлцав. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт СТӨ-нд 15:30 цагт эхэлсэн юм. Үүнээс өмнө тэрбээр Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийе гэсэн боловч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Улаанбаатар хотын захиргаанаас зөвшөөрөл өгөөгүй гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 11:30 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх, батламжаа авав. Түүнтэй хамт УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян тэргүүтэй хүмүүс байлцжээ. Н.Удвал “Надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Бага чуулганы гишүүд, намын гишүүд дэмжигчид, Монголын нийт ард түмэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Надад хүлээлгэсэн энэ итгэл, хариуцлагыг би нэр төртэй биелүүлж, хууль журмын дагуу шударга өрсөлдөнө” хэмээв. МАХН-ынхан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй анхны эмэгтэй нэр дэвшигч гэдгийг нь их л онцолж байсан. Үнэмлэхээ авсны дараа Н.Удвал Чингис, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. Мөн намын даргатайгаа уулзахаар явсан юм. Тэдний уулзалт нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт 30 гаруй минут үргэлжлэх үеэр төрийн тусгай хамгаалалт гаргажээ. Тэндээс гарч ирснийхээ дараа Н.Удвал “Намын даргын биеийн байдал муу, босож чадахгүй байсан ч нэр дэвшигч намайг ирсэнд ихэд баярлан угтлаа. Тэрбээр бидний сонгуулийн ажилд амжилт хүсээд “Өнөөдөр монгол айл бүрт эмэгтэй хүн бий. Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн, эмч хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа  нь түүхэн үйл явдал” гэсэн” гэв. Н.Удвалын сонгуулийн сурталчилгаа “АССА” циркт эхэлжээ. Тэрбээр “Их хуралдай” зохион байгуулсан юм.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих